П.АМГАЛАН

 

Ерөнхий сайдын орон нутгийн  ээлжит томилолт энэ сарын 7-нд Говьсүмбэр аймгаас эхлэв. Тус аймагт ажиллах үеэрээ Ерөнхий сайд “Шивээ-Овоо”  компанийн үйл ажиллагаатай танилцсан юм.  “Шивээ-Овоо”-гийн нүүрсний уурхай нь 2.7 тэрбум тонн нүүрсний нөөцтэй бөгөөд Монгол Улсын эрчим хүчний нүүрсний 30 хувийг хангадаг. Тус компанийн нэг тонн нүүрсийг олборлох зардал нь 45 мянган  төгрөг байдаг бол эрчим хүчний үйлдвэрүүдэд борлуулах өртөг нь 39 мянга. Үүнээс болж “Шивээ-Овоо” ХК алдагдалтай ажиллаж байна.  Тиймээс Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тус компанийн санхүүгийн алдагдлыг бууруулах арга хэмжээ авч ажиллахыг үүрэг болгосон юм. Мөн санхүүгийн алдагдлыг бууруулах нэг зам нь “Шивээ-Овоо”-гийн нүүрсний уурхайг түшиглэн 200 МВт-ийн цахилгаан станц барих гэдгийг хэлэв. Тиймээс үүнийг судалж үзэхийг Ерөнхий сайд  холбогдох хүмүүст даалгалаа. Мөн тус аймгийн иргэдийн зүгээс малын түүхий эдийг үнэд хүргэх, бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтийг хязгаарлах, ахмадын өргөө байгуулах, банкны хүүг бууруулах, сургууль, цэцэрлэгийн барилгын асуудал, ясли байгуулж өгөх зэрэг саналыг иргэд хэлэв. Ерөнхий сайд тус аймагт шаардлагатай бүтээн байгуулалтыг ирэх онд улсын төсөвт тусгахаар болсон юм.

 

Улаанбадрах сумын Баянбогд хайрхныг улсын тусгай хэрэгцээнд авна

 

Есдүгээр сарын 8-нд Ерөнхий сайдын томилолт Дорноговь аймагт үргэлжилсэн юм. Ерөнхий сайд Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт болон “Алтан ширээт” үйлдвэрлэл технологийн паркийн ажлын явцтай танилцлаа.

Дорноговь аймгийн Алтанширээ суманд баригдаж буй Газрын тос боловсруулах үйлдвэрийн төсөл нийт дөрвөн үе шаттай.  Газрын тос боловсруулах үйлдвэрийн 1, 2, 3-р багцын ажил хийгдэж буй бөгөөд 4-р багцын ажлыг эхлүүлэхэд бэлэн болжээ. Ерөнхий сайд тус үйлдвэрт ажиллах үеэрээ Засгийн газар бүтээн байгуулалтыг бүхий л талаар дэмжинэ. Мөн Засгийн газрын хуралдаанаар үйлдвэрийн 4-р багцын ажлыг эхлүүлэх шийдвэр гаргана гэлээ.

Газрын тос боловсруулах үйлдвэрийг ашиглалтад оруулснаар манай улс жилд 1.5 сая.тн түүхий тосноос 1.3 сая.тн бүтээгдэхүүн гарган авч, дотоодын газрын тосны хэрэглээний 55 орчим хувийг хангах боломж бүрдэх аж.

 Харин тус аймгийн иргэд дулааны цахилгаан станцын өргөтгөлийг шийдэх, Улаанбадрах сумын нутагт орших Баянбогд хайрханы  орчимд олгосон хайгуулын лицензийг цуцалж өгөх, аймгийн Нэгдсэн эмнэлгийн тоног төхөөрөмж болон Политехник коллежийн барилгыг шинэчлэх, Замын-Үүд сумын жолооч нарын тээвэр хийх асуудалд анхаарах, орон нутагт ипотекийн зээлийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх, малчдын талаар цогц бодлого хэрэгжүүлэх зэрэг саналыг хэллээ. Тус аймагт шаардлагатай бүтээн байгуулалтыг  ирэх онд улсын төсөвт тусгахаар болсон юм.  Мөн тус аймгийн Улаанбадрах сумын нутагт орших Баянбогд хайрхны асуудлыг Засгийн газар онцгой анхаарч, улсын тусгай хэрэгцээнд авахаар боллоо. Түүнчлэн Замын-Үүдийн жолооч нарын тээвэрт үүссэн асуудалд ажлын хэсэг ажиллаж, нэг сарын дотор Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг холбогдох хүмүүст үүрэг болгов.

 

Дундговь аймаг Малчны хөгжлийн төв байгуулахаар ТЭЗҮ хийж байна

 

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн орон нутаг дахь томилолт өчигдөр Дундговь аймагт үргэлжиллээ. Тэрбээр тус аймгийн Дэрэн сумын Саруул багийн аймгийн аварга малчин Н.Болдбаатарынд зочилж нутаг орны байдал болон малын түүхий эдийн үнэ ханш, мах, махан бүтээгдэхүүний экспортыг хэрхэн нэмэгдүүлэх, малчин өрхийн хүүхдүүдийн боловсрол, малын вакцин, түүний чанар хүртээмжийн талаар санал солилцов. Энэ үеэр Ерөнхий сайд “Засгийн газраас малчдын нийгмийн хамгааллыг сайжруулах, үнэлэмжийг нэмэгдүүлэх чиглэлээр цогц хөтөлбөр хэрэгжүүлэхээр зорьж  байгаа. Малчдын талаар төрөөс баримтлах бодлогыг тодорхойлоход малчин иргэдийн санал хүсэлт чухал” гэсэн юм. Мөн энэ жилээс хөдөө, орон нутагт шилжин ажиллах албан хаагчдын орон нутгийн нэмэгдлийн хувь хэмжээг нэмэх, орон сууцны хөнгөлөлтөд хамруулах чиглэлд анхаарч байна гэдгийг Ерөнхий сайд хэлэв.

 Дундговь аймаг 7500 орчим малчин өрхтэй бөгөөд аймгийн эдийн засгийн 50 гаруй хувийг мал аж ахуй бүрдүүлдэг. Тиймээс хуучны нэгдэл дундын амралт байсан газарт түшиглэн улсын хэмжээнд анх удаа Малчны хөгжлийн төв байгуулахаар ТЭЗҮ хийж байгаа аж. 

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Дундговь аймагт ажиллах үеэрээ тус аймгийн Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төвийн нээлтэд оролцож үг хэллээ.

Мөн Дундговь аймагт ажиллах үеэрээ тус аймгийн нэгдсэн эмнэлгийн барилгын ажлын явцтай танилцав. 100 ортой нэгдсэн эмнэлэг баригдаж, ажлын явц 95 хувьтай байна. Мэс заслын вакум өрөө, гадна зогсоол, тохижилт болон зам засварын ажилд хөрөнгө шаардлагатай байгааг эмнэлгийн удирдлага танилцуулав. Энэ асуудлыг судалж, шийдвэрлэхийг Эрүүл мэндийн сайд С.Чинзориг, Сангийн сайд Б.Жавхлан нарт Ерөнхий сайд үүрэг болголоо. Тус эмнэлгийн барилга ашиглалтад орсноор иргэдэд үзүүлэх тусламж үйлчилгээний чанар, хүртээмж сайжирч, цогц үйлчилгээ авах боломж бүрдэнэ. Мөн дэвшилтэт технологи ашиглан мэс заслын тасгийг вакумжуулж тархи, судас, өвдөг, түнх, хавдрын мэс засал хийх боломж бий болох ажээ.

 Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 12. МЯГМАР ГАРАГ. № 180 (7165)