П.АМГАЛАНБАЯР

УИХ-ын дарга Г.Занданшатарын урилгаар  Бүгд Найрамдах Ардчилсан  Лаос Ард улсын Үндэсний Ассамблейн  дарга  Сайсумпон Фумвихан манай улсад энэ сарын 7-10-нд айлчиллаа. Энэ айлчлал нь Лаос Улсын Үндэсний  Ассамблейн  даргын түвшинд 11 жилийн дараа Монгол Улсад  хэрэгжиж буй бөгөөд Монгол Улс,  БНАЛАУ-ын  харилцаа, хамтын ажиллагааны  шинэ жарны эхлэл болж буйгаараа онцлог юм.  Мөн  1962 оны есдүгээр сарын 12-нд  Монгол Улс, БНАЛАУ-тай дипломат харилцаа тогтоосон байдаг. 

 

Хоёр тал  албан ёсны хэлэлцээ хийв

 

Есдүгээр сарын 7-нд БНАЛАУ-ын Үндэсний Ассамблейн дарга Сайсумпон Фумвихан болон түүнийг дагалдан яваа төлөөлөгчид манай улсад хүрэлцэн ирж, түүнийг “Чингис хаан” олон улсын нисэх буудлын  “Хүндэт” зочны танхимд угтан авсан юм.  Ингээд есдүгээр сарын 8-нд айлчлалын гол үйл ажиллагаа үргэлжиллээ. Үүний дараа  УИХ-ын дарга Г.Занданшатар, БНАЛАУ-ын Үндэсний Ассамблейн дарга Сайсумпон Фумвихан нарын албан ёсны хэлэлцээ хийв.

Уулзалтын үеэр тээвэр логистик, аялал жуулчлал, хөдөө аж ахуй, мал аж ахуй, боловсрол, нийгмийн эрүүл мэнд зэрэг эдийн засгийн тэргүүлэх чиглэлийг түлхүү хөгжүүлэх талаар санал солилцов. Мөн хэлэлцэн тохиролцсон ажлууд, хамтын ажиллагааны санал санаачилгуудыг бодит ажил хэрэг болгохын төлөө хоёр тал эрчимтэй ажиллахаар ярилцлаа.

Парламентын тэргүүн нар хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулж, дэд бүтэц, аялал жуулчлалын салбарын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх эрх зүйн таатай орчныг бүрдүүлэхийн төлөө манлайлан ажиллахаа санал нэгтэй илэрхийлсэн юм.

Мөн БНАЛАУ-ын Вьентьян хотыг БНХАУ-ын Юнань мужийн Куньминь хоттой холбосон төмөр замын төсөл амжилттай хэрэгжиж эхэлсэн байна. Энэ нь далайд гарцгүй, хөдөө аж ахуйд суурилсан Монгол Улс болон БНАЛАУ-ын хувьд дэд бүтцээр холбогдох, олон салбарын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах боломжтой болгож байгааг талууд онцлов.  Мөн цаашид хоёр улсын парламент хоорондын хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, парламентын найрамдлын бүлэг хоорондын харилцан айлчлалыг тогтмолжуулж, мэдээлэл, туршлага солилцох арга хэмжээг улам эрчимжүүлэхийн төлөө нягт хамтран ажиллахаа нотолж, олон улс, бүс нутгийн түвшинд харилцан нэгнээ дэмжиж ажиллахаа илэрхийллээ. Уулзалтын үеэр БНАЛАУ-ын Үндэсний Ассамблейн дарга УИХ-ын дарга Г.Занданшатарыг тааламжтай цагтаа БНАЛАУ-д айлчлахыг урив.

 

Хууль тогтоох дээд байгууллага хоорондын хамтын ажиллагааг хөгжүүлэх тал дээр онцгойлон анхаарахыг хүсэв

 

Ийнхүү талууд  албан ёсны хэлэлцээ хийсний дараа УИХ-ын дарга Г.Занданшатар,  БНАЛАУ-ын Үндэсний Ассамблейн дарга Сайсумпон Фумвихан нар Монгол Улсын Их Хурал, БНАЛАУ-ын  Үндэсний Ассамблейн хоорондын хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурав. Хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурснаар хоёр орны парламент хоорондын хамтын ажиллагааны эрх зүйн үндсийг бэхжүүлэх боломж бүрдэх юм. Мөн цаашид хамтын ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлэх таатай нөхцөлийг бүрдүүлж буйгаараа ач холбогдолтой юм.

Дараа нь  Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй БНАЛАУ-ын Үндэсний Ассамблейн дарга Сайсумпон Фумвиханыг хүлээн авч уулзлаа.  Тэрбээр Монгол Улсын Ази, Номхон далайн бүс нутагт чиглэсэн гадаад бодлогод Зүүн өмнөд Азийн орнуудтай хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагаа чухал байр суурь эзэлдгийг дурдав. Мөн хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа аюулгүй байдал, батлан хамгаалах, хөдөө аж ахуй, эрүүл мэнд, боловсрол зэрэг салбарт амжилттай хөгжиж буйг тэмдэглэв. Лаосын Үндэсний Ассамблейн дарга Сайсумпон Фумвиханыг хоёр улсын харилцаа, түүний дотор хууль тогтоох дээд байгууллага хоорондын хамтын ажиллагааг хөгжүүлэх хэтийн төлөв, хамтын ажиллагааны чиглэлийг тодорхойлох, цаашид улам бүр өргөжүүлэн хөгжүүлэхэд  онцгойлон анхаарч ажиллана гэдэгт итгэлтэй буйгаа хэллээ. Харин  Үндэсний Ассамблейн дарга Сайсумпон Фумвихан Монгол, Лаосын шинэ жарны эхлэл болгож БНАЛАУ-ын Ерөнхийлөгч Тонглун Сисулит Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг тааламжтай цагтаа Лаос Улсад айлчлахыг урьсанг, уламжилсан юм. Түүнчлэн Монгол Улс АСЕАН-ы яриа хэлэлцээний түнш болох, АПЕК зэрэг бүс нутгийн үйл явцад нэгдэн ороход БНАЛАУ үргэлжлүүлэн дэмжинэ гэдгийг нотолж, энэ удаагийн айлчлал хоёр улсын парламент хоорондын хамтын ажиллагааны шинэ эхлэл болж буйг онцоллоо.  Мөн айлчлалын хүрээнд УИХ-ын  Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан БНАЛАУ-ын Үндэсний Ассамблейн гишүүн, Үндэсний Ассамблейн Нарийн бичгийн дарга Пингкам Ласасимма тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзсан юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 11. ДАВАА ГАРАГ. № 179 (7164)