П.АМГАЛАН
Монгол Улсад ойрын өдрүүдэд олон улсын чухал айлчлалууд өрнөсөн түүхэн цаг хугацаа болж байна. Энэ нь дэлхийд Монгол Улсын түүх, зан заншил, уламжлал, ондоошлыг илүү ихээр таниулж, олон салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх чухал алхам болж буй. Жишээлбэл, Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар манай улсад энэ сарын 1-4-ний хооронд Гэгээн Ширээт Улсын төрийн тэргүүн Пап Францис төрийн айлчлал хийсэн билээ. Энэхүү түүхэн айлчлалын дараа Монгол Улсад чухал ач холбогдолтой хоёр айлчлал өрнөж буй.
Саудын Арабын Хаант улстай аялал жуулчлал, байгаль орчин, боловсрол зэрэгт салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
Саудын Арабын Хаант улсын Засгийн газрын гишүүн, Төрийн сайд эрхэм дээд ханхүү Турки бин Мухаммад бин Фахд Аль-Сауд есдүгээр сарын 04-07-нд ЕТГ-ын дарга Я.Содбаатарын урилгаар Монгол Улсад албан ёсны айлчлал хийсэн. Манай хоёр улсын дипломат харилцаа 2007 оноос эхлэлтэй. Үүнээс хойш тус улсаас анх удаа манай улсад төрийн айлчлал хийсэн нь түүхэн үйл явдлын нэг боллоо.
Энэ удаагийн айлчлал нь олон салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, түүнчлэн байгаль орчин, уур амьсгалын чиглэлд илүү анхаарчээ. Тодруулбал, айлчлалын хүрээнд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх болон Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Саудын Арабын Хаант Улсын Засгийн газрын гишүүн, Төрийн сайд эрхэм дээд ханхүү Турки бин Мухаммад бин Фахд Аль-Саудыг хүлээн авч уулзсан. Энэ үеэр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улс Булангийн орнууд, тэр дундаа бүс нутагтаа эдийн засгийн хөгжил, чадавхаараа тэргүүлдэг Саудын Арабын Хаант Улстай харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх хүсэлтэй байгааг хэлсэн юм. Мөн худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалт, байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, хөдөө аж ахуй, соёл, боловсрол, аялал жуулчлалын зэрэг салбарт хамтрах өргөн боломж байгааг хэлсэн. Мөн НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын 16 болон 17 дугаар бага хурлыг Саудын Арабын Хаант Улс, Монгол Улс зохион байгуулах чиглэлээр туршлага солилцож, хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлсэн юм.
Харин Саудын Арабын Хаант Улсын Засгийн газрын гишүүн, Төрийн сайд Эрхэм дээд Ханхүү Турки бин Мухаммад бин Фахд Аль-Сауд байгаль орчин болон бусад боломжит бүх салбарт харилцан ашигтай хамтрах эрмэлзэл дүүрэн байна гэв. Хамтын ажиллагааг шинэ шатанд гаргахын төлөө идэвхтэй ажиллахаа илэрхийлсэн юм.
Харин Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг уулзалтын үеэрээ хоёр улсын хамтын ажиллагааны эрх зүйн үндсийг бэхжүүлэх, иргэд хоорондын зорчих нөхцлийг хөнгөвчлөх нь чухал гэдгийг онцолсон юм. Саудын Арабын Хаант Улсын Засгийн газрын гишүүн, Төрийн сайд Эрхэм дээд Ханхүү Турки бин Мухаммад бин Фахд Аль-Саудын хувьд худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, аялал жуулчлалыг хөгжүүлэхэд ач холбогдол өгч байна гэлээ. Ингэснээр манай хоёр улс цаашид олон салбарт хамтран ажиллаж, манай улсын зах зээлд нэг том гарц нээгдэх боломж бүрдэж байна. Саудын Арабын Хаант улс дэлхийд газрын тосны нөөцөөрөө тэргүүлдэг билээ.
Монгол Улс АСЕАН-ын яриа хэлэлцээний түнш болоход Лаосын талын дэмжлэгийг үргэлжлүүлэн авах нь чухал ач холбогдолтой
Харин УИХ-ын дарга Г.Занданшатарын урилгаар Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард улсын Үндэсний Ассамблейн дарга Сайсумпон Фумвихан энэ сарын 07-10-нд манай улсад айлчлал хийх тов гарсан билээ. Харин өчигдөр тэрбээр албан ёсны айлчлал хийхээр манай улсад хүрэлцэн ирлээ. Энэхүү айлчлал нь Лаос Улсын Үндэсний Ассамблейн даргын түвшинд 11 жилийн дараа Монгол Улсад хэрэгжиж буй айлчлал гэдгээрээ, Монгол Улс, Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын харилцаа, хамтын ажиллагааны шинэ жарны эхлэл болж буйгаараа онцлог юм.
Энэхүү айлчлал нь Монгол Улс Зүүн Өмнөд Азийн бүс нутгийн хамтын ажиллагааны нийгэмлэг (АСЕАН)-ын яриа хэлэлцээний түнш болох, АПЕК буюу Ази-Номхон далайн бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллага зэрэг бүс нутгийн үйл явцад нэгдэн ороход Лаосын талын дэмжлэгийг үргэлжлүүлэн авахад чухал ач холбогдолтой аж.
Өнөөдөр Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард улсын Үндэсний Ассамблейн дарга Сайсумпон Фумвиханы айлчлалын албан ёсны уулзалтууд эхлэх юм. Айлчлалын эхэнд УИХ-ын дарга Г.Занданшатар Лаосын Үндэсний Ассамблейн дарга Сайсумпон Фумвихан-тай албан ёсны хэлэлцээ хийнэ. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Үндэсний Ассамблейн дарга Сайсумпон Фумвиханыг хүлээн авч уулзах юм. Уулзалт, яриа хэлэлцээний үеэр Монгол, Лаосын найрсаг харилцаа, хамтын ажиллагаа, түүний дотор Парламент хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлж, олон улсын тавцан дахь хамтын ажиллагааг бэхжүүлэх, олон улс, бүс нутгийн харилцан сонирхсон асуудлаар санал солилцох аж.
Монгол Улс, Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард улс 1962 онд дипломат харилцаа тогтоосон юм. Энэ цагаас эхлэн төрийн өндөр, дээд хэмжээний айлчлалыг харилцан зохион байгуулж ирсэн билээ. Манай хоёр улсын хувьд худалдаа, эдийн засаг, соёл, хүмүүнлэг зэрэг олон салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлсээр ирсэн юм.
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин: 2023 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 8. БААСАН ГАРАГ. № 178 (7163)