Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Гэгээн Ширээт Улсын төрийн тэргүүн Пап Францис  манай улсад  есдүгээр сарын 1-4-ний хооронд  айлчлал хийсэн билээ.  Монгол Улсыг  дэлхийд илүү тодоор таниулах улс төр, түүх,  эдийн засгийн өндөр ач холбогдолтой уг айлчлалын талаар Соёлын гавьяат зүтгэлтэн, Чингис хааны одонт нэрт зохиолч, яруу найрагч Г.Мэнд-Ооёо цахим хуудаснаа  бичсэн нийтлэлийг хүргэж байна.

Тэрбээр нийтлэлдээ “Аливаа далайцтай том үзэл санаа нэг хоёрхон үгэнд хураангуйлагдан хадгалагдах бөгөөд ончтой цаг мөчлөгийг хүлээж байдаг гэлтэй.

Өнөөдөр Ромын Пап Францис Төрийн ордонд хэлсэн үгийнхээ хураангуйллыг О.Дашбалбарын “ТЭНГЭР ШИГ БАЙ” хэмээх шүлгийн нэрээр томъёолов. Тэрбээр хэлэхдээ;

“Тэнгэр шиг бай” хэмээх шүлгээрээ алдарт яруу найрагч бид бүхнийг агшин зуурын мөн чанартай орчлонгийн хүлээснээс ангижран, оюун санаа, сэтгэл зүрхээ хаяа хязгааргүй Монголын цэлмэг хөх тэнгэр шиг уужуу тэнүүн байлгахыг уриалан зоригжуулсан байдаг” хэмээн их тод томруун айлдлаа.

О.Дашбалбарын хэлсэн энэ гурван үгэнд үнэхээр том агуулга, том үзэл санаа, монгол түмний оюун санааны түүхэн замнал хураангуйлагдсныг тэд олж харжээ. Мэдээж, Монголчуудын сэтгэлд нийцэхүйц яруу тод үг хэрэгтэй байж, яг тэр мөчлөгт хорин дөрвөн жилийн тэртээд тэнгэрт хальж мөнхөрсөн О.Дашбалбарын оюун билгийн эрчим долгион баригдсан хэрэг. Яруу найраг сүнслэг оршдгийн, яруу найрагч мөнхөд амьд сэрүүн байдгийн учир ийн буюу.

Дэлхий дахинаараа анхааран ажаарч буй төрийн айлчлал буюу аливаа том үйл явдлын үеэр өндөр нэр хүндтэй эрхэм нь тухайн орны мэргэд, ялангуяа яруу найргийн үнэт мөр бадгаас эшилж байгаа нь харагддаг. Тээр жил Хятадын дарга Ши Жин Пин айлчлахдаа Д.Нацагдоржийн “Миний нутаг” шүлгээс сэрхийтэл эшилж уншсан нь санагдаж байна. Ерөөс хүн төрөлхтний бүх түүхийн уртрагт яруу найраг нь, энх тайван, амар амгалан, оюунлаг, эрдэмлэг оршихуйн бэлгэ тэмдгийг төлөөлсөөр байдаг билээ. Эртний Грект яруу найрагчдыг дайн самууныг зогсоох элч болгон томилдог байсан гэдэг. Манай Эзэнт гүрний их хаадын элч нар ч цэцэн үг цээжинд нь явдаг билигтнүүд байсан нь гарцаагүй.

Их найрагч О.Дашбалбар бээр 1991 онд буюу эдүгээгээс 30 гаруй жилийн өмнө үр хүүхдүүддээ захиа сургаал болгож айлдсан энэ шүлгээ тэр жилийн “Болор цом” наадамд уншсан санагдана. Мэдээж цаг үе орвонгоороо эргэж, Монголын үр сад тэнгэрлэг үзэл санаагаа чинад хадгалж тэсч үлдэх, үнэт зүйлээ хамгаалж орших тухайд үг сургааль зайлшгүй хэрэгтэй байсан учраас л яруу найрагчийн зүрхний цусаар бичигдсэн байх. Гэвч харамсалтай нь тухайн үед уг шүлгийг хэн ч анзаарсангүй. Цагаан сургааль хэн ч хэлчихдэг л юм гэх бодлоор тосч авсан юм.

Цаг хугацаа урсан өнгөрөх тусам дов толгодын оройн шороо цагийн салхинд хийссээр доороос нь байц хад сүглийн цухуйж гарч ирэх шиг, мартахын манан дундаас уг шүлэг дахин сэргэж гарч ирэв.

777 жилийн тэртээ Чингис хааны ач хүү Их Монгол Улсын хаан Гүег Ромын Папад илгээсэн захидалдаа дээдсийн үзэл санааны тунхаглал болсон “Мөнх тэнгэрийн хүчин дор” хэмээн эхэлдэг агуу эрчим шидэт үгс бүхий тамгаа соёрхон дарж илгээсэн нь эдүгээ хадгалагдан үлджээ. Мөнхүү 777 жилийн хойно Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Монгол Улсад төрийн айлчлал хийж буй Ромын Пап Францис Монголын цогт эх оронч яруу найрагч Очирбатын Дашбалбарын “Тэнгэр шиг бай” хэмээх шүлгийн хүчирхэг мөрийг сэтгэлдээ тээж иржээ. Пап бээр Монголын уудам газар нутгийг уул хангай, ус мөрөнтэй нь, номин тал, шарга говьтой нь, цагаан гэрүүд, мал сүрэгтэй нь тэнгэрээс халиах мэт тов тодорхой өгүүлээд байгаль дэлхий эмзэгшиж буй өнөөгийн дэлхий ертөнцөд ээлтэй, нүүдэлчний орон сууц болох монгол гэрийг онцгойлон магтав. Тэрбээр монгол гэр, гэрийн тооно, тооноор харагдах тэнгэрийг, тэргүүн дээгүүр алсын хараатай холч билгийн мэлмийтэй монгол түмнийг минь, ялангуяа ухаан төгс өвөг дээдсийг минь магнай тэнийтэл магтав. Улмаар, уран зохиолын ургуулан дүрслэхүйн өрнөл-үгийнхээ оргил дээр ТЭНГЭР ШИГ БАЙ хэмээх суут найрагчийн үгийг тодоор сийлж дархлав. Завшаан тохиосонд сэтгэл догдолсон дээрээ "Тэнгэр шиг бай” хэмээх үгийн агуулгыг дахин урагшлуулж нэг харсугай. “Монголын нууц товчоо” хэмээх их хөлгөнд буй Их эзэн хааны овог удмын он дарааллын өмнөх эхлэл үгийг эргэн санацгаая.

Монголын нууц товчоо: “Дээд тэнгэрээс заяат төрсөн” хэмээн эхэлдэг билээ.

Тамганы бичээс: “Мөнх тэнгэрийн хүчин дор”,

Яруу найрагчийн мөр: “Тэнгэр шиг бай”,

Эдгээр үгс Монголын түүхийн он жилүүдийн уртын урт харгуйг цаг мөнхийн нэг л агуу утга санааны эрхин хэлхээсээр холбосныг олж хармуй.

Бичвэрийн төгсгөлд илүү үг хэлэхэд, Манай төр засгийн тэргүүн нар өөрийн орны үгийн мэргэдийн энэ мэт үг бадгийг ном зохиолоос нь сугалаад хааяа ч гэсэн энэ мэт эшилж байгаасай.

"Жамаараа ертөнцөд юм бүхэн өдөр, шөнө шиг ээлжилнэ

Жаргал зовлонгийн алинд ч, мөнх тэнгэр шиг бай! " ... хэмээн их найрагч О.Дашбалбар анд минь Умрын салхинд өтгөн хар халимагаа намируулан, төрийн ордон дүүрэн дүүртэл , улмаар Монголын уудам хээр тал уул усандаа дуурстал, бүүр цаашлаад дэлхийн бөмбөрцөг бүрхтэл шүлэглэн уншиж буй дуу хоолой нь сонсогдож, гэгээн дүр зураг нь сэтгэлд ургасаар байвай.

2023.09.02” хэмээжээ.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 6. ЛХАГВА ГАРАГ. № 176 (7161)