П.АМГАЛАН
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ есдүгээр сарын 3-5нд Говь-Алтай, Ховд, Увс аймагт ажиллалаа. Уг ажлын хүрээнд орон нутгийн иргэдийн санал бодлыг сонсож, “Хөдөөгийн сэргэлт”-ийн хүрээнд хийж хэрэгжүүлж буй ажлаа танилцуулав.
“СЭРВЭН” НАРНЫ ЦАХИЛГААН СТАНЦ ЖИЛД 18.4 САЯ КВТ.ЦАГ ЦАХИЛГААН ЭРЧИМ ХҮЧ ҮЙЛДВЭРЛЭНЭ
Есдүгээр сарын 3-нд Говь-Алтай Есөнбулаг суманд “Сэрвэн” 10МВт-ын хүчин чадалтай нарны цахилгаан станцын нээлт болж Ерөнхий сайд оролцлоо. Уг цахилгаан станцыг Засгийн газрын “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлого, “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд Азийн хөгжлийн банкны 10.4 сая ам.долларын санхүүжилтээр барьсан байна. “Сэрвэн” нарны цахилгаан станц ашиглалтад орсноор жилд 18.4 сая кВт.цаг цахилгаан эрчим хүч үйлдвэрлэж тус аймгийн 16 мянган өрхийн 56 мянга иргэний цахилгаан хангамжийг сайжруулах зэрэг олон боломжийг бий болгож байна. Дараа нь Ерөнхий сайд Тайширын усан цахилгаан станцын үйл ажиллагаатай танилцлаа. Мөн Засгийн газраас тус аймгийн Нарансэвстэйн боомтыг ашиглалтад оруулахаар судалж байна гэлээ. Түүнчлэн иргэд “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг бодит амьдралтай уялдуулан хэрэгжүүлэх, байгаль орчныг хамгаалах зэрэгт анхаарахыг хүслээ. Харин Ерөнхий сайд иргэдийн тавьсан зарим асуудлыг судалж, хамтарч ажиллахыг холбогдох албаныханд даалгав.
ХАЛЗАН БҮРГЭДЭЙН ОРДЫГ АШИГЛАХ АСУУДЛЫГ ИРГЭДИЙН САНАЛААР ШИЙДНЭ
Ерөнхий сайд Ховд аймагт ажиллахдаа Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төв болон “Хөгжил” политехник коллежийн хичээлийн шинэ жилийн нээлтэд оролцов. Ингэснээр Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төвийг Монгол Улсын хэмжээнд анх удаа орон нутагт байгуулав. Энэ үеэр Ерөнхий сайд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн агентлаг байгуулж, хөгжлийн бэрхшээлтэй иргэн удирддаг байх, аймаг болгонд олон улсын стандарт хангасан Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийн төв байгуулахаар боллоо. Мөн тус аймгийн иргэдтэй уулзаж, Халзан бүргэдэйн ордыг ашиглах асуудлыг иргэдийн саналаар шийднэ, иргэдийн дэмжлэг авахгүй бол Засгийн газар дэмжихгүй гэлээ. Мөн Эрдэнэбүрэнгийн УЦС-ын хөрөнгө оруулалтын гэрээнд удахгүй гарын үсэг зурна. Тус станц ашиглалтад орсноор бүс нутаг, улс орны хөгжилд чухал нөлөө үзүүлнэ гэдгийг Ерөнхий сайд онцоллоо.
ХИЛ ДАМНАСАН МАЛЫН ХУЛГАЙН АСУУДАЛД ОНЦГОЙ АНХААРЧ АЖИЛЛАНА
Ерөнхий сайд өчигдөр Увс аймагт ажиллаж, иргэдтэй уулзан санал хүсэлтийг нь сонслоо. Энэ үеэр Ерөнхий сайд цаашид аж үйлдвэр, эдийн засгийн чөлөөт бүсийг орон нутагтай уялдуулах нь тухайн аймгийн хөгжилд чухал нөлөө үзүүлнэ гэв. Харин иргэдийн хувьд баруун бүсэд улаан буудайн агуулах барих, сүүлийн хоёр, гурван жил дараалан ургац алдсан тариаланчдын өр зээлийн асуудалд дэмжлэг үзүүлэх, ургац, мал сүргээ зах зээлд борлуулах гарц, бүтээгдэхүүн болгож боловсруулах үйлдвэр хэрэгтэй байна гэв. Мөн хил дамнасан малын хулгай Увс аймагт гаарч хил орчмын сумдын малчдын амьдралд дарамт учруулж буйд Засгийн газар арга хэмжээ авах, тэтгэврийн зөрүү, мэргэжлийн ялгааг арилгах, орон нутагт төрийн бодлогууд хангалттай хэрэгжихгүй, улс төржиж буйд анхаарахыг хүслээ. Ерөнхий сайд хил дамнасан малын хулгайн асуудалд онцгой анхаарч ажиллана гэв. Мөн цаашид багш, эмч, малчдын асуудал, хүний хөгжил Засгийн газрын анхаарлын төвд байх болно. “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг эрчимтэй хэрэгжүүлснээр багш, эмч нарынхаа цалин хөлсийг нэмэхээс эхлээд олон эерэг өөрчлөлт гарах тул иргэдийг оролцоотой байхыг хүслээ.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2023 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 6. ЛХАГВА ГАРАГ. № 176 (7161)