Х.Бүрэн-Эрдэнийн өмчлөлд байдаг “Монгол Ураниум Ресурс”, “Эрээн толгой” компаниудын уул уурхайн хайгуул, ашиглалтын  үүдэлтэй Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын газар нутаг дахь байгаль орчны сүйтгэл, энэ бүхнээ гүйцэлдүүлэхийн тулд хийж буй хуулийн хийдэлтэй холбоотой үйл ажиллагаа даруй 10-аас илүү жил үргэлжилжээ. Энэ хооронд нутгийн иргэд хаана хэнд ч хандаад нэмэр болсонгүй. Төрийн захиргааны бүхий л байгууллага, шүүхэд хүртэл хандсан байна. Эцэст нь нутгийнхан “Монголын төр энэ асуудлаар “хэлгүй, дүлий, сохор” байхаар шийдсэн бололтой” гээд сууцгааж байна.

Тэдний хувьд гол усныхаа эх ундаргад илүүтэй санаа зовниж байна. Үнэхээр ч дээрх компаниудаас болоод аюул бодитой нүүрлэжээ. Тиймээс аргаа барсан нутгийнхан УИХ-ын гишүүн Н.Ганибалд хандаж, эрхэм гишүүн хоёр жилийн өмнө Шадар сайдад асуулга тавьж байжээ.

Тэрбээр асуулгадаа “Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй “Монгол Ураниум ресурс” ХХК-ийн олборлолтын улмаас тус сумын Хулстай, Эрээн, Тохой, Хонгор, Цагаан эргийн голын усны ундарга багасч, эх нь ширгэх аюул нүүрлээд байна. Түүнчлэн тус компани олборлолт явуулж байхдаа усны судлыг гэмтээсний улмаас одоог хүртэл гүний ус сул асгарч, арга хэмжээ авахгүй байгаа талаар нутгийн иргэд мэдээлэл ирүүлсээр байна. Иймд нэгдүгээрт “Монгол Ураниум Ресурс” ХХК  Усны тухай хуулийн  28 дугаар зүйлийн 28.2.1, 28.2.3, 28.2.6 дахь хэсэгт заасныг тус тус бүрдүүлэн, энэ хуулийн 28.2.2 дэх хэсэгт заасан этгээдэд ус ашиглах хүсэлт гаргасан эсэх талаар, хоёрдугаарт тус компани Усны тухай хуулийн 29.1 дэх хэсэгт заасны дагуу “Ус ашиглах гэрээ” байгуулсан эсэх талаар, гуравдугаарт Ус ашиглах гэрээний дагуу Усны тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2.5, 29.2.6 дахь хэсэгт заасан төлбөрийг төлж байгаа эсэх талаар тус тус мэдээллийг хянан нягталж ирүүлнэ үү” гэжээ. Гэвч Шадар сайд асуулгын хариуг өгөөгүй байна. 

Түүнчлэн “Монгол Ураниум Ресурс” компанийн эзэд 2011 онд Цөмийн энергийн газраас авсан ураны Х лицензээ сүүлд АМГТГ-аас хүрэн нүүрсний ашиглалтын лиценз болгох гэж нэлээд холион бантан хутгасан бололтой байна. Уг нь энэ бол хуулийн ноцтой зөрчил аж. Ураны хайгуулын зөвшөөрөлтэй бол уранаа л хайх учиртай. Хайгуулын явцад олдсон өөр бусад ашигт малтмал, тухайлбал хүрэн нүүрсийг ашиглах боломжгүй.  Товчхондоо, жирийн нэг уул уурхайн компани бол ураны хайгуулын лицензээ нүүрсний ашиглалтынх болгож “хувиргаж” яагаад ч чадахгүй. Хууль нь ийм юм. Гэвч “Монгол Ураниум Ресурс” чаджээ.

Захиргааны хэргийн шүүхэд хандаад 2018 оны есдүгээр сарын 28-нд анхан шатны шүүхээс “Нэхэмжлэлийг бүхэлд нь хангасугай” хэмээх шийдвэр гаргуулсан талаар бид өмнө нь хүргэсэн. Сануулахад, “Монгол Ураниум Ресурс” /РД: 5150884/ компанид Цөмийн энергийн газраас 2010 оны арванхоёрдугаар сарын 30-нд Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын нутагт орших Хэрмийн цагаан өндөр хэмээх газарт 74 427.98 гектар талбайд уран хайх лицензийг эзэмшүүлсэн. Тэд 2011 оноос хайгуул хийж эхэлсэн. Харин 2011-2017 онд “Эрээн толгойн хүрэн нүүрсний ордод хийсэн” гэх эрэл хайгуулын ажлын үр дүн, тайлангаа 2018 оны гуравдугаар сарын 29-нд АМГТГ-ын Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлд танилцуулжээ. Тус зөвлөл хүрэн нүүрсний ордын нөөцтэйг зөвшөөрч, 2018 оны тавдугаар сарын 17-ны ХХ-05-17 дугаар бүхий дүгнэлтээр “...“Монгол Ураниум Ресурс” компанийн хайгуулын ажлын үр дүнгээр илэрсэн хүрэн нүүрсний нөөцийг Улсын нэгдсэн тоо бүртгэлд бүртгэх нь зүйтэй. Уг хүрэн нүүрсний нөөцийг хүлээж авах, улсын нэгдсэн бүртгэлд бүртгэхийг АМГТГ-ын даргад хүргүүлэх”-ээр шийджээ. Ийн АМГТГ-ын даргын 2018 оны долдугаар сарын 10-ны 11/58 дугаар бүхий Нөөцийг хүлээж авч, бүртгэх тухай тушаалаар Эрээн толгойн хүрэн нүүрсний ордын нөөцийг бүртгэж, улсад хүлээн авсан байна. Энэ хооронд “Монгол Ураниум Ресурс” компани дээрх хүрэн нүүрсний ордыг өөрийн эзэмшилд шилжүүлэн авахаар ажиллаж эхэлжээ. Тодруулбал, 2018 оны зургадугаар сарын 27-нд Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн шийдвэрийн дагуу хайгуулын ажлын үр дүнг үндэслэн хүрэн нүүрсний ашиглалтын лиценз хүссэн өргөдлийг АМГТГ-ын Кадастрын хэлтэст гаргасан байна. Түүнчлэн 2017 оны арваннэгдүгээр сарын 28-ндм17/29мтоот албан бичиг, 2018 оны долдугаар сарын 24-нд 18/39 тоот албан бичгээр тус тус “Ураны хайгуулын лицензийн бүртгэлээ өөрчилж, ашигт малтмалын хайгуулын лиценз болгох хүсэлт тавьжээ.

Харин АМГТГ-ын Кадастрын хэлтэс лиценз олгоогүй байна. “Монгол Ураниум Ресурс” компанийн өргөдөл, хүсэлтүүдийг зөвшөөрөөгүй гэсэн үг. Ингээд “Монгол Ураниум Ресурс” компани шүүхэд хандсан. Тус компани “Манай хайгуулын үр дүнд Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн шийдвэр, АМГТГ-ын хүрэн нүүрсний нөөц бүртгэж, улсын нөөцийн санд бүртгэсэн шийдвэр зэргийг үндэслэж, “Монгол Ураниум Ресурс” компанид хүрэн нүүрсний ашиглалтын лиценз олгох захиргааны акт гаргахыг АМТГТ-ын Кадастрын хэлтэст даалга, Мөн лиценз дээр байгаа ураны лицензийг ердийн ашигт малтмалын лицензэд бүртгэхийг АМГТГ-ын Кадастрын хэлтэст даалгах”-ыг шаардсан.

Энэ дагуу Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс дээр дурдсан “Нэхэмжлэлийг бүхэлд нь хангасугай” гэсэн шийдвэрийг гаргасан байдаг.

Харин энэ асуудлыг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх 2018 оны арваннэгдүгээр сарын 21-нд хэлэлцээд 221/МА2018/0603 тоот магадлал гаргажээ.

Шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүх бүрэлдэхүүнд шүүгч Э.Лхагвасүрэн, Ц.Цогт нар оржээ. Уг асуудлыг шүүгч Ц.Цогт илтгэсэн байдаг юм байна.

Уг нь Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн энэ магадлалаар хуулийг, зарчмыг барьж шийдсэн байгаа юм. Тодруулбал, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаажээ.

Ингэхдээ:

Нэгдүгээрт, анхан шатны шүүх шийдвэрлэхдээ нэхэмжлэгч “Монгол Ураниум Ресурс” компанийн гаргасан “Ашиглалтын лиценз олгосон захиргааны акт гаргахыг даалгах, ураны хайгуулын лицензийг ашигт малтмалын лицензээр бүртгэхийг даалгах”, сүүлд тодорхойлсон “Ашиглалтын лиценз олгохыг даалгах”, “...“Монгол Ураниум Ресурс” компанийн эзэмшилд үлдэж байгаа хайгуулын талбайг ураны биш ердийн ашигт малтмалын лицензтэй талбайд бүртгэхийг хариуцагч АМГТГ-ын Кадастрын хэлтэст даалгах” шаардлагыг бус “АМГТГ-ын Кадастрын хэлтсээс “Монгол Ураниум Ресурс” компанийн эзэмшиж буй талбайг ердийн ашигт малтмалын лицензтэй талбайд бүртгэхээс татгалзсан нь хууль бус болохыг тогтоож, ердийн ашигт малтмалын талбайд бүртгэхийг болон “Монгол Ураниум Ресурс” компаниас 2018 оны зургадугаар сарын 27-нд гаргасан ашиглалтын лиценз хүссэн өргөдлийг шийдвэрлээгүй АМГТГ-ын Кадастрын хэлтсийн эс үйлдлэхүй хууль бус болохыг тогтоож, уг өргөдлийг Ашигт малтмалын тухай хуульд заасан журмын дагуу шийдвэрлэхийг АМГТГ-ын Кадастрын хэлтэст тус тус даалгаж”  “Монгол Ураниум Ресурс” компанийн тодорхойлсон нэхэмжлэлийн шаардлагаас зөрүүтэй шийдвэрлэсэн байна.

Хоёрдугаарт, анхан шатны шүүх Үндэслэх хэсэгтээ “Татгалзал хууль бус” гэж дүгнэсэн атлаа Тогтоох хэсэгтээ “Эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож  ...журмын дагуу шийдвэрлэхийг АМГТГ-ын Кадастрын хэлтэст даалгаж, шийдвэрлэсэн. Иймээс “Монгол Ураниум Ресурс” компани нь аль шийдвэрийг гаргуулахаар шүүхэд хандсаныг тодруулах нь хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой байна.

Гуравдугаарт, Ашигт малтмалын тухай хууль болон Цөмийн энергийн тухай хуулийн агуулга, зохицуулалтаас үзвэл тодорхой төрлийн ашигт малтмалыг хайх ажиллагаа нь тухайн төрлийн лиценз, тухайлбал нүүрс хайх лиценз олгогдсоны үндсэн дээр хийх ажиллагаа гэж үзэхээр байна. ...Цөмийн энергийн тухай хуулийн хүчин төгөлдөр үйлчилж байх хугацаа буюу 2011-2015 онд нэхэмжлэгч  “Монгол Ураниум Ресурс” компанид тухайн талбайд нүүрс хайхыг зөвшөөрч байсан нь ямар баримтаар хэрхэн нотлогдож байгаа нь тодорхойгүй.

...Хэрэгт нотлох баримтаар авагдсан лиценз бүхий талбайд 2011 онд буюу нэг дэх жилд гүйцэтгэсэн ураны хайгуулын ажлын тайлан, 2013 онд буюу гурав дахь жилд гүйцэтгэсэн ураны хайгуулын ажлын тайлан, 2017 онд буюу дөрөв дэх жилд гүйцэтгэсэн уран, нүүрсний хайгуулын ажлын тайлан зэрэг баримтуудыг ураны хайгуулын лицензээс бусад төрлийн ашигт малтмал эрэх, хайхаар геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас олгосон лиценз гэж үзэх, уран хайх лицензийн хүрээнд тухайлбал хүрэн нүүрс хайхыг зөвшөөрсөн шийдвэр мөн гэж үзэх болон тодруулах нь хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой байна.

Дөрөвдүгээрт, “Монгол Ураниум Ресурс” компани уран хайх лицензтэй байсан талбайд нүүрсний ашиглалтын лиценз олгохыг даалгуулахыг хүссэн байна. Гэтэл АМГТГ-ын Кадастрын хэлтсийн татгалзлын нэг үндэслэл нь “Ураны хайгуулын лицензтэй талбайд хүрэн нүүрсний хайгуулын лиценз шууд олгох зохицуулалт үгүй” гэсэн байсан. Мөн “Уг талбайд ураны илэрцгүй тохиолдолд хүрэн нүүрсний ашиглалтын лиценз олгох боломжтой гэж АМГТГ-ын Кадастрын хэлтсээс мэдэгдсэн” талаар “Монгол Ураниум Ресурс” компани талаас тайлбарладаг.

АМГТГ-ын 2018 оны зургадугаар сарын 11-ний 18/35 дугаар албан бичигт “XV-018247 дугаартай хайгуулын лицензийн талбай нь одоогийн судалгааны түвшинд ураны хувьд хэтийн төлөвгүй” гэж дурдсан байна. АМГТГ-ын дарга нь тухайн талбайд илэрцгүй болохыг тогтох эрх бүхий этгээд мөн эсэхийг тодруулах, уг албан бичгээр тухайн лиценз бүхий талбайд ураны илэрцгүй болохыг тогтоосон гэх үндэслэлтэй эсэх талаар холбогдох ажиллагааг хийж, нотлох баримтыг бүрдүүлж, дүгнэлт хийх нь зүйтэй.

ӨДӨР ТУТМЫН СОНИНУУДЫН “ЭРЭН СУРВАЛЖЛАГЧ” НЭГДЭЛ

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин - 2023 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 6. ЛХАГВА ГАРАГ. № 176 (7161)

Өдрийн сонин – 2023.09.06 ЛХАГВА №166 (7286)

Өнөөдөр сонин – 2023.09.06 ЛХАГВА № 174 (7733)