Б.ДАМДИН-ОЧИР

 

Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн үнэхээр хичээл зүтгэл сайтай хүн юм.  Тэрбээр 2023 оны наймдугаар сарын 9-нд НИТХ дээр “...БНХАУ-аас 115 мянган тонн хагас коксын түлшийг экспортолж, 2023 оны арванхоёрдугаар сарын 15-наас хойш нэг жилийн хугацаанд сайжруулсан түлш үйлдвэрлэж, хэрэглэнэ.  Өөрөөр хэлбэл, сайжруулсан түлшинд хэрэглэж байгаа мидлингийг хагас коксоор сольж үйлдвэрлэнэ. Харин хагас коксыг Хятадаас импортолно. Хагас коксжсон түлшийг хэрэглэснээр агаарын бохирдлыг өнөөгийн түвшнээс хоёр дахин бууруулна. Ирэх жилээс 600 мянган тоннын хүчин чадалтай хагас коксжих нүүрсний үйлдвэрийг Багануурын нүүрсний уурхайг түшиглэн барина” гэж мэдэгдсэн. Энэ нь нийгмийн эсэргүүцэлтэй тулсан.

Тэгмэгц "...Засгийн газрын хуралдаан дээр 177 тэрбумаар нүүрс импортлохыг хориглохоор ярьжээ" гэсэн. Тэр худлаа аж. Б.Чойжилсүрэн байн байн туршилт хийж, "...энэ ажлыг заавал хийнэ" гэж мэдэгдсээр байна. Хамгийн сүүлд өнгөрсөн пүрэв гаригт ийм үйл ажиллагаа болжээ.

Ер нь бол мань эр үүнийг өнөөдөр ярьсан юм биш л дээ. Тэрбээр өнгөрсөн хавар, гуравдугаар сард “...Хатуу түлшний талаар хоёр судалгаа хийж байгаа. Шахмал түлшинд хэрэглэдэг мидлингийн оронд “Эрдэнэс Тавантолгой” компанийн нүүрсийг баяжуулан, энэ оны арваннэгдүгээр сард хэрэглээнд туршина. Ирэх өвөл хагас коксжих бүтээгдэхүүн хэрэглэхийг зорьж байна. Туршилт амжилттай болбол түлшээ бүрэн солино” гэж байсан юм. Хавар болж, утаа багассан үе учраас хэн ч тоолгүй өнгөрсөн.

Тэр ч байтугай 2022 оны арваннэгдүгээр сард Н.Тавинбэхийг Эрчим хүчний сайд байхад “...“Тавантолгой түлш” компани Хятадаас хагас коксжуулсан нүүрс оруулж ирэн, гэр хорооллын иргэдэд тарааж байна” гэх мэдээлэл тарсан. Энэ тухай тэр үед Эрчим хүчний яамны Түлшний бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга И.Лувсанцэрэн “...Хятадаас хагас коксжуулсан нүүрс оруулж ирэн, гэр хорооллын иргэдэд тарааж байна гэсэн худал, ташаа мэдээллийг холбогдох байгууллагуудаас лавлахад “...Лабораторын туршилтад ашиглахаар тодорхой хэмжээний хагас коксжуулсан шахмал түлшийг авчирсан” гэсэн. Хагас коксын үйлдвэр барих ТЭЗҮ-ийг боловсруулж байна. Хагас коксжуулсан шахмал түлш нь хүхрийн хэмжээ багатай, шаталт сайтай учир олон улсад утааг бууруулахад ашигладаг. Хэрэглээнд нэвтэрсэн тохиолдолд агаарын бохирдол 80 орчим хувь багасах боломжтой” гэж байсан юм.

Өөрөөр хэлбэл, энэ импорт өнөөдөр биш өчигдөр яригдаж байжээ. Тэгсэн атлаа хийгээгүй байгаа юм. Харин ажил хэрэг болгох үүрэг яагаад ч юм Б.Чойжилсүрэн дээр буусан байна. Түүний онцлог бий л дээ. Олон жил бизнес хийсэн. Юуг ч, яаж ийж байгаад давчихдаг чанартай. Энэ нь түүнийг Хятадаас кокс нүүрс импортолж түлэх ажилд тохооход гол шалгуур болсон бололтой юм.

Нөгөөтэйгүүр, ингэж Хятадаас нүүрс импортлоод түлэх юм бол энэ “Тавантолгой түлш”-ийн хэрэг байхгүй. Нүүрс нь хятад, барьцалдуулагч нь хятад, шуудай нь ч хятад, тэр чигтээ хятад түлш болчихож байна. Тиймээс тэнд нь хийлгээд бэлэн түлш оруулж ирсэн нь дээр. Гэхдээ ингэж болохгүй. Монголын газар доор дүүрэн байгаа, тохирохгүйг нь үйлдвэр бариад коксжуулах бүрэн боломжтой байхад заавал “...Хятадаас импортолно” гэж зүтгээд байгаа нь олны дургүйг хүргэж байна. Эхлээд сэжиглэсэн. Одоо эгдүүцэж байна шүү. Шулуухан хэлэхэд, дараа нь Б.Чойжилсүрэн л баларна. Энэ шийдвэрийг гаргаж өгөөд, араас нь түлхэж байгаа дарга нар гэм зэмгүй л хоцорно. Ийм л байдаг.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ НАЙМДУГААР САРЫН 30. ЛХАГВА ГАРАГ. № 171 (7156)