Г.ОТГОНЖАРГАЛ

 

Америкийн нэгдсэн улс. Цагаан ордон. Энэ ордонд долоо хоног бүр дэлхийн улс орны амьдрал, хувь заяа, оршин тогтнохуйд үүрэг хүлээсэн хэн нэгэн зочилдог. Зочид дор бүрнээ хоёр орны найрамдалт харилцаа, бүс нутаг, дэлхийн энх тайван, улс төр, эдийн засгийн хамтын ажиллагаа, эрх чөлөө, тэгш эрх, ардчиллын төлөөх сайн хамтралыг хүсдэг. Хүсэлт бүр хоёр тал харилцан ашигтай байх зарчимтай. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Америкийн нэгдсэн улсад наймдугаар сарын 1-8-ны хооронд хийсэн айлчлал үүний нэг жишиг. Улсаа, эрх ашгаа, хамтын ажиллагаагаа ярьсан. Ярианы түлхүүр үгийг ерөнхийд нь тоочвол найрамдалт харилцаа тогтоосны 36 жил, стратегийн түншлэл, геополитикийн нөхцөл байдал, энхийг сахиулах ажиллагаа, хиймэл оюун ухаан, Ази, Номхон далайн бүс нутаг, худалдаа эдийн засгийн хамтын ажиллагаа, англи хэл, газрын ховор элемент, эрчим хүч, хөдөө аж ахуй, энхтайван, “Хубилай хаан” онгоц, Агаарын тээврийн тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр,газрын ховор элемент, google, авлига, ашигт малтмал... Бусад улс орноос онцлог нэг сэдэв нь гуравдагч хөрш. 

Эхнээсээ дүн дагуулж, үйл хэрэг болж эхэлсэн. Хубилай онгоц-787-9 онгоцоо хүлээж авсан. Айлчлалын урьдач нөхцөл болгон АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын Эдийн засгийн өсөлт, эрчим хүч, байгаль орчны асуудал эрхэлсэн орлогч Хосе Фернандестай манай улсын Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам ашигт малтмал, газрын ховор элементийн нөөцийг ашиглах чиглэлээр хамтран ажиллах харилцан ойлголцлын санамж бичигт зургадугаар сард Монголд гарын үсэг зурсан. Энэ болгоныг манай улсын хэвлэл мэдээллийн хэрэгсэл төдийгүй Washington post, Reuters, Bloomberg, Оilprice зэрэг дэлхийн гол хэвлэл мэдээллийн хэрэгсэл бүгд мэдээллэсэн. Тэр дунд дэлхийн гол хэвлэлүүд “Монгол Улс Хятадын сүүдрээс гарах уу”, “Монгол Улс Америкийн зах зээлд газрын ховор элементийн гол тоглогч болох уу”, “Далайд гарцгүй Монгол Улсаас Америк руу газрын ховор элементийг хэрхэн зөөвөрлөх вэ”, “Монгол бол ОХУ, БНХАУ-ын дунд орших жижиг улс” гэсэн нэг ишт хоёр салаа утгад төвлөрсөн. Харин энд хөндөх сэдэв бол далайд гарцгүй орнуудын эрх ашиг, газрын ховор элемент хийгээд ТУСГААР НҮҮДЭЛ.

 

Тяньжинаас Америк хүрсэн эрэл...

Монгол Улс хоёр хөрш, 200 цонхтой ардчилсан орон. Эмжээрлэн орших коммунист дэглэм бүхий хоёр хөршийнхөө дунд алдаа оноотой ч гэсэн ардчиллыг бүтээн босгож буй гэдгээрээ дэлхийд үнэлэгдсэн жишиг улс.

Үр дүнд нь 200 гаруй оронтой дипломат харилцаа тогтоож, 200 цонхтой болж чадсан. Энэ нь хаалгаа өшиглөж чаддаггүй юм гэхэд цонхоо нээж чадах үндсэн хөшүүрэг. Улс төр, албан тушаалтан талаас үүнийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хилийн чинадад хийж байгаа айлчлал бүртээ онцлон өгүүлж буй “Монгол Улс далайд гарцгүй ч оюун санааны хувьд хязгаарлагдмал, түгжигдмэл ард түмэн биш” гэдэг үгээр тайлбарлаж болно. Сингапур, БНГУ, БНХАУ... адилхан. АНУ-ын айлчлалын тухайд тэрбээр Дэд ерөнхийлөгч Камила Харристай уулзах үеэрээ “Монгол Улс нь далайд гарцгүй 40 гаруй улс орны нэг. Бид тээвэр, ложистикийн ихээхэн сорилттой нүүр тулдаг тул далайд гарцгүй улс орнуудын эдгээр асуудлыг олон улсын тавцанд гаргахад та бүхнээс дэмжлэг хүсч байна. Энэ удаагийн айлчлалаар манай хоёр Засгийн газар хооронд Агаарын тээврийн тухай хэлэлцээрт гарын үсэг зурна. Монгол, АНУ-ын хооронд 2024 оны хоёрдугаар улирлаас эхлэн шууд нислэгтэй болох гэж байгаад маш их баяртай байна. Энэ нь аялал жуулчлал, худалдаа, бизнес болон хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх томоохон боломж юм” хэмээн тодотгосон. Үндсэндээ манай улстай адил энэ саад бэрхшээлийг дэлхийн 44 улс туулж яваа. Далайд гарцгүйн улмаас дор бүрнээ хөрш зэргэлдээ орноосоо хаалга үүд гуйж, ярилцаж, зөвшилцөж оршдог. Энэ оны зургадугаар сард Улаанбаатар хотноо болсон Дэлхийн экспортыг дэмжих чуулга уулзалтын үеэр уг асуудлыг дэд сэдэв болгон хэлэлцэж, эдгээр орны дэд бүтцийн саад бэрхшээлийг шийдвэрлэхэд багадаа 500 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт шаардлагатайг зарлаж, ирэх оны зургадугаар сард болох Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын асуудлаарх НҮБ-ын гуравдугаар бага хуралд дуу хоолойгоо нэгтгэн хүргэхээр тохиролцсон. Иймд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, ер нь Монголын төрийн өндөр албан тушаалтнуудын удаа дараа илэрхийлж буй далайд гарцгүй хаалга үүд, цонх салхивчны асуудал нь нэг бус нэлээн орны асуудал гэсэн үг. Ирэх оноос эхлэх АНУ руу хийх шууд нислэг жишээ нь, Азийн шууд нислэггүй зарим орны зорчигчдод хямд, товч замыг санал болгох нь үүний нэг жишиг. Мөн БНХАУ-д зургадугаар сард албан ёсны айлчлал хийх үеэрээ шийдвэрлэсэн Тяньжин боомт дахь Монгол Улсын Тээвэр ложистикийн төв байгуулах санаачилга. Дэлхийн 180 гаруй улс, бүс нутгийн 500 гаруй боомттой холбогддог уг боомтод 10 газрыг Монгол Улсад түрээслэн эзэмшүүлэх болоод олон жилийг үдсэн. Харамсалтай нь, хувийн компанийн өмч, улсын эрх ашиг хоёр нь ялгагдахаа болиод удаж буй. Товчхондоо энэ хоёр мэдээллийг холбохын учир нь Монгол Улсын далайг гатлах, тэнгэрээр нисэх шинэ гарцын эрэл хайгуул БНХАУ, АНУ, ОХУ болон бусад улс оронд ч үргэлжилж байгааг илэрхийлэх гэсэн хэрэг. Тэр эрлийн үр дүн ирэх онд Тяньжинд Монгол Улсын Тээвэр, ложистикийн төв байгуулагдаж, Америк руу шууд нислэг үйлдсэнээр баталгаажна.

 

Газрын ховор элементийн олборлолтоор “гуравдагч хөрш”-өө түших үү

Монголын маргаашийг өнгийн харахад “Байгалийн асар их баялагтай тусгаар тогтносон ардчилсан улс” гэдэг тодорхойлолт өөдрөг ирээдүйг зөгнөх үндсэн хүчин зүйл болдог. Урьдчилсан байдлаар 173 тэрбум тонн нүүрсний нөөцөөрөө дэлхийд 15-д, 74 мянган тонн ураны нөөцөөрөө Азид зургаад эрэмбэлэгддэг. Мөн 36 сая тонн зэсийн нөөц, 250 сая тонн нефть, 11 тэрбум тонн төмрийн хүдэр, 22 сая тонн жонштой. Мөн л урьдчилсан байдлаар... Ерөнхий мэдээллээс харахад 80 гаруй төрлийн ашигт малтмал Монголын хөрсөнд бийг эрдэмтэн судлаачид тогтоосон.  Тэдгээрээс сүүлийн үед нэн шинээр буюу эрчимтэй яригдаж байгаа төрөл нь үелэх системийн нэг дор байрших 17 элемент буюу газрын ховор элемент. Эдгээр 17 элементийн 16 нь манай улсад бий. Энэ бол судлаачдын өгч буй тодорхой мэдээлэл. Дэлхийн газрын ховор элементийн нөөцийн 2.5 хувь нь буюу 3.1 сая тонн нь манайд бий гэдэг нь дахин тодотгоход урьдчилсан байдлаар. Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам өнгөрсөн онд 124.78 тоннын нөөцтэй Улаандөл, 1.151.6 мянган тонн Халзанбүрэгтэй, 365.1 мянган тонн Мушгиа худаг, 1,213.7 мянган тонн Хотгор, 274.55 мянган тонн Цагаанчулуут, 14.5 мянган тонн газрын ховор элементийн нөөцтэй зургаан ордыг албан ёсоор нээн илрүүлснийг мэдээллэсэн. Гэхдээ энэ төрлийн олборлолттой холбоотой нэг ноцтой хардлага нь бусад түгээмэл ашигт малтмалыг олборлоход дагалдаж гардаг газрын ховор элементийн экспортын бүртгэл тодорхой бус явдал. Үндсэндээ өнөөдөртөө  “Монгол Улс ирээдүйд газрын ховор элементийн олборлолтоор дэлхийн гол тоглогч болох уу”, “Газрын ховор элементийн олборлолтоор Монгол Улс Хятадтай өрсөлдөх үү” гэсэн үндсэн мессеж бидний эго-г тэжээж буй хэрэг. Энэ бол хатуу ч гэсэн үнэн үг. Харин Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн гадаад улс оронд хийж буй айлчлал энэ сэдвийг яалт ч үгүй эрэлтийн төвд оруулах болсон. Тэр дундаа, анзаараад уншихад гуравдагч хөрш орнуудтай газрын ховор элементийн олборлолт, үйлдвэрлэл, экспортыг эрчимтэй ярьж эхэлсэн харагддаг. Тодруулбал, БНСУ, Япон, ХБНГУ, АНУ... Тэд бүгд өндөр технологийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч орнууд. Мөн дор бүрнээ түүхий эдийн эрэлд дэлхийг хэрж буй ашиг сонирхлууд. Үүнийхээ улмаас АНУ гэхэд БНХАУ-аас авдаг газрын ховор элементийн нийлүүлэлтэд байнгын эрсдэл хүлээдэг. Өгөх, өгөхгүй, нийлүүлэлтээ бууруулах, нэмэх улаан товчлуураас хараат байдлаа сэлгэх, найдвартай шинэ нийлүүлэгч хайх нь Америкийн хувьд эн тэргүүний зорилт. Тэрхүү зорилтын гол илэрхийлэл нь энэ оны зургадугаар сард гарын үсэг зурсан Монгол, Америкийн Засгийн газар хооронд баталгаажуулсан ашигт малтмал, газрын ховор элементийн нөөцийг ашиглах чиглэлээр хамтран ажиллах харилцан ойлголцлын санамж бичиг, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ АНУ-д хийсэн айлчлалын үеэр “Стратегийн гуравдагч хөршийн түншлэлийн Монгол Улсын Засгийн газар, Америкийн Нэгдсэн Улсын Засгийн газар хоорондын эдийн засгийн хамтын ажиллагааны тухай Замын зураглал”-д хамтын ажиллагааны шинэ чиглэлүүдийг тусгаж баталсан явдал. Агаарын тээврийн чиглэлээр байгуулсан “Нээлттэй тэнгэр” хэлэлцээрийн үр дүнг ч мөн маргааш хүн, нөгөөдөр нөгөө юуг хэмээн таамаглаж болно...

 

ТУСГААР НҮҮДЭЛ

Монгол Америк. Америк Монгол. Тив далай алгасан орших хоёр орныг ижилсүүлэх нэгэн чухаг үнэт зүйл байх нь ардчилал. Азийн ардчиллын баянбүрд. Ардчиллын өлгий нутаг. Харин үл нийцэх ялгарал нь хууль дагасан шударга ёсны зарчим. Хуулийг үл хэрэгсэх дор эдийг олох. Хуулийг дагах дор эрх чөлөөг олох. Хуулийг хэрэглэх, хэрэгсэх хандлага, үнэт зүйл, төлөвшил нь яг л далай тэнгис алгасан нисэх мэт тийм их ялгаатай гэсэн үг. “Хууль зөрчихгүй л бол хэн ч намайг оролдохгүй нь их амар” хэмээн өгүүлэх Америк дахь монголчуудын яриа, ерөөсөө Америкийн бүтэн төлөвшил, бүтээсэн нийгэм сая сая хүний тус улсыг зорих шалтгаан болдог. Харин Монгол эх орныг маань зорин ирэх шалтгааны тухайд сайн, муу олон хариулт бий. Гэхдээ яаж ч уналаа, буруутгалаа гэсэн “Монгол Улс бол ардчилсан орон” гэдэг бидний итгэл үнэмшил ухрахгүй. Үүний нэг бат нот илэрхийлэл нь гуравдагч хөршийн бодлого. Монголын төр төдийгүй Х.Бэхбат, Ч.Баатар, Д.Баярхүү, Б.Сянжмятав, Д.Уламбаяр, Л.Хайсандай, Ц.Баатар, А.Нямдолжин, А.Даваасүрэн тэргүүтэй олон улс судлаачид үүний төлөө ямагт үг үйлдэл, мэдлэг боловсрол, итгэл үнэмшил, ухаан бодлогоо зарж, зарцуулж ирсэн. Тэд бүгд олон улс судлалын доктор, профессор, зөвлөх, цөөнгүй нь Бүрэн эрхт Элчин сайдууд. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн АНУ-д хийх албан ёсны айлчлалаас урьтаж цуглуулсан ширээний номын маань хоёр нь Хөгжлийн бодлогын судалгааны хүрээлэнгээс эрхлэн гаргасан “Монгол Улсын гадаад бодлогын зангилаа асуудлууд”, Д.Уламбаяр профессорын “Монгол Улсын гуравдагч хөршийн бодлого” . Мөн олон улс судлаач Д.Баярхүүгийн “Зовлогоо зовоож бүтээсэн гуравдагч хөрш” зургаан цуврал нийтлэл... “Олноо өргөгдсөний хоёрдугаар оны өвлийн эхэн сарын 9” буюу 1912 оны арваннэгдүгээр сарын 18-нд Гадаад хэргийн яамнаас ноот бичиг үйлдэж, Франц, Британи, Герман, АНУ, Бельги, Япон, Дани, Голланд болон Австри, Унгар зэрэг есөн улсын Элчин сайд нарт илгээсэн байна. Уг ноотын мэдэгдлийн төгсгөлд “Харилцан гэрээ байгуулан худалдаа нэвтрүүлж улсын найрамдлыг зузаатгамуу” гэсэн санааг дэвшүүлжээ хэмээн уг цуврал нийтлэл эхэлдэг. Харин олон улс судлаач, доктор профессор Д.Уламбаярын дээрх ном болон нийтлэлд “Монгол Улсын гуравдагч хөрш”-ийн бодлого нь монголчуудын эртнээс инагш ахуй амьдрал, ажил үйлдээ баримталсаар ирсэн “тулгын гурван чулуу” хэмээх үзэл баримтлал бөгөөд орчин үеийн гурван тулгуурт хөгжлийн онолын баримтлал болно. Өөрөөр хэлбэл “Тогоо хоёроос дээш хөлтэй байж гэмээнэ сая бат тогтвортой байдаг” хэмээх монголчуудын уламжлалт зарчим ажгуу” хэмээсэн байдаг.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн АНУ-д хийсэн албан ёсны айлчлалтай холбогдуулан эдгээр ном, нийтлэлээс дээрх ишлэлийг хүргэхийн учир нь Монгол Улсын гадаад бодлого нэг цонхтой, нэг ойлголцолтой байх нь юу юунаас илүү чухал. Үүнийг хувийн санал сэтгэгдлээр илэрхийлж үл болно. Дор бүрнээ өөр хоорондоо санал бодлын зөрчил үүсгэн толхилцож болох ч улсын эрх ашиг гэдэг бол миний, бидний, нийт Монгол Улсын эрх ашиг үнэт зүйл байх учиртай. Иймд өрөөл бусаддаа гадаад улсын далбаа нааж боддог, түүндээ гүн итгэдэг зөрчил биднийг Азийн төв цэгээс дэлхий рүү нисгэхгүй. Гэхдээ Азийн төв цэгт орших энэ суурьшил биднийг далавчгүй оршихуй мэт хязгаарлахгүй. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын Гадаад бодлогын үзэл баримтлалд тусгайлан заасан БНХАУ, ОХУ-тай тогтоосон эн тэргүүний найрсаг харилцаа, “гуравдагч хөрш”-ийн нээлттэй бодлого бол ардчилсан Монгол Улсын гадагшаа харах нэг цонх. 2023 оны наймдугаар сард АНУ-ын нийслэл Вашингтон хотноо албан ёсоор бэхжүүлсэн стратегийн гуравдагч хөршийн түншлэл, тэр дундаа хоёр орны хамтын ажиллагааг улс төр, батлан хамгаалах салбар, эдийн засаг, боловсрол, хүмүүнлэгийн салбараас гадна сансар судлал, цахим хөгжил, эрдэс баялаг, тээвэр, ложистик, цаг уурын өөрчлөлт зэрэг чиглэлээр гүнзгийрүүлэн хөгжүүлэхээр тохиролцсон нь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн АНУ-д хийсэн айлчлалын албан ёсны гол үр дүн.  Товчхондоо, эрэл хайгуул Тяньжины боомтоос Америк руу нисэж, Америкаас өөр бусад улс оронд дараагийн нислэгээр бууж мордох энэ айлчлал болон  Монгол Улсын оршихуйг ямагт тунхаглах цагаан зам нь дипломат харилцаагаар зөөлөн тэнцвэр, монгол уламжлалаар тусгаар нүүдэл юм.

Төгсгөлд нь бяцхан зөвлөгөө өгье, олон улс судлаачдын бүтээлийг олж уншаарай. Орхих ёстой, дэмжих учиртай гадаад бодлогын учир зангилаа, иш  үндсийг хүүрнэн өгүүлж буй эрхэм хүмүүст талархая. 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ НАЙМДУГААР САРЫН 29. МЯГМАР ГАРАГ. № 170 (7155)