Б.БАЯР
Энэ зун Монголын аялал жуулчлал оргилдоо хүрэв. Ялангуяа гадны жуулчид маш олноороо иржээ. Одоогоос 20 орчим хоногийн өмнөх мэдээгээр 400 мянган жуулчин хүлээж авсан мэдээ гарсан. Ер нь бол тус салбарыг Засгийн газраас бодлогоор дэмжиж буй. Үндэсний холбоодыг нь ч байгуулах зэргээр хамтран ажиллаж байна. Аялал жуулчлалын салбарынхан ч алдаа оноогоо дүгнэж эхэллээ. Зуны аялал жуулчлалын үеэр гадны хэд хэдэн жуулчин авто ослоор амиа алдав. Аялж яваад амиа алдсан монгол иргэдийн тоо ч олон байна. Үүний зэрэгцээ аяллын үйлчилгээ авч байгаад осолдсон асуудлууд ч гарах болжээ.
Манай редакцад ингэж осолдсон аав, охин хоёр хандсан юм. Иргэн Б нь Тэрэлжид байрлах “Экстрим Монголиа” төвд 2023 оны наймдугаар сарын 13-ны өдөр гэр бүлийн хамт очиж үйлчлүүлжээ. Тэрбээр 15 настай Б-гийн хамт агаарын дүүжин буюу zipline-ээр зорчсон байна. “Экстрим Монголиа”-гийнхан эхлээд охиныг, араас нь иргэн Б-г агаарын дүүжингээр явуулжээ. Гэтэл тосож байсан ажилтнууд нь эхэлж бариандаа очсон охиныг буцааж алдсанаар аав, охин хоёр агаарт мөргөлдсөн байгаа юм. Ослын улмаас охин 30 орчим минут ухаангүй хэвтжээ. Гэвч тус байгууллагад эмч, эмнэлэгийн тусламж үзүүлэх хүн байтугай анхан шатны тусламжийн хайрцаг ч байгаагүй байна. Нэг үгээр хэлбэл тэнд эрсдэлтэй ажиллах боломжгүй, мэргэжлийн бус хүмүүс ажилладаг аж.
Үүнээс болоод охины нурууны үе гулзайж нугасаа дарсан, тархинд цус харвалт өгсөн оноштойгоор хэвтэж байна. Мөн иргэн Б-гийн дал болон нурууны хоёр үений сэртэн хугарчээ. Ингээд аав, охин хоёр ослоос хойш нэгдсэн III эмнэлгийн Эрчимт эмчилгээний тасаг, ГССҮТ төв зэргээр дамжин эмчлүүлж яваа юм байна.
Хамгийн гол нь ослоос хойш “Экстрим Монголиа” хөтөлбөрийг хэрэгжүүлэгч “Экстреме трек” ХХК-ийн зүгээс ямар нэг арга хэмжээ авалгүй өнөөдрийг хүрчээ. Тиймээс хохирогчдын зүгээс “Экстреме трек” ХХК-ийг “Өөрсдийн гэм бурууг ухаарч, бидний эрүүл мэндэд санаа зовсон үйлдэл гаргахгүй байна” гэж байна.
Тэрбээр “Дээрх осол нь тус байгууллагын буруутай үйл ажиллагаа буюу хөдөлмөр аюулгүй байдал, дотоод үйлчилгээний зохион байгуулалт, аюулгүй байдлын ажиллагаа туйлын хангалтгүй байсантай шууд холбоотой. Тухайлбал, агаарын дүүжингээр явж буй зорчигчдод аюулгүй байдлын зааварчилгаа огт өгөөгүй. Гэтэл зорчигчид нь тус байгууллагын ажилтнуудын заавраар явдаг. Энэ ослын тухайд л гэхэд ажилтнууд нь эхний хүнээ буулгасны дараа дараагийн хүнээ явуулж байх зарчмыг баримтлаагүй. Энэ талаар хоорондоо богино холбоогоор ярьж шалгаагүй. Ерөөсөө экстрим аяллын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа энэ газрын хувьд л гэхэд тодорхой алдаа гаргахад хүний ам нас, эрүүл мэндэд хохирол учруулахуйц үйл явдал тохиолдохоор байна. Учир нь тус байгууллага энэ талаар ямар ч анхан шатны ойлголт, бэлтгэлгүй байна. Ийм осол болж, бидний, хоёрын хоёр хүний эрүүл мэндэд ноцтой хохирол учруулсан боловч одоог хүртэл үйл ажиллагаагаа хэвийн явуулсаар байна. Цаашид хэдэн хүнийг ингэж хохироох вэ. Хүний амь эрсэдвэл яах вэ. Аюулгүй байдалд хэн хяналт тавьж байна вэ. Гадаад хүн нас барвал энэ аялал жуулчлалын салбар яах вэ” хэмээн ярьж байна.
Ер нь бол энэ нь аялал жуучлалтай холбоотой ноцтой асуудал. Экстрим аяллын зөвшөөрлийг хаанаас энэ байгууллага авч, ямар стандартын дагуу үйл ажиллагаа явуулж, хэн түүнд нь хяналт тавьдаг вэ гэдгийг анхаарах шаардлагатай л юм байна. Үйлчлүүлэгчээ осолд оруулчихаад эрүүл мэндэд нь ямар ч анхаарал тавихгүй байгаа гэх “Экстреме трек” ХХК нь 2018 онд байгуулагдсан. Нэг хувьцаа эзэмшигчтэй. Дотоодод хөдөлмөр зуучлал эрхлэх, гадаад худалдаа, аялал жуулчлал гэсэн гурван чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компани юм байна.
Албан ёсны фэйсбүүк хуудаснаас нь харахад энэ агаарын дүүжингээр явуулах үйлчилгээг Тэрэлж, Улаан цутгалан, Сайханы хөтөл зэрэг гурван газарт явуулж, гадаад дотоодын жуулчдад үйлчилгээ үзүүлдэг юм байна.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2023 ОНЫ НАЙМДУГААР САРЫН 28. ДАВАА ГАРАГ. № 169 (7154)