Б.ГАРЬД

 

Монголчуудын, нийтийн эрх ашигтай холбоотой, анхаарал татсан хоёр асуудал өнгөрсөн долоо хоногт яригдлаа. Нэг нь зөвдөж, нөгөө нь буруудах хоёр шийдвэр хэрэгжиж эхлэхээр болов. Эхнийх нь боловсролын салбартай холбоотой. Энэ салбар бол тавигдсан сайдын тааллаар гучаад жил “хөгжиж” ирсэн. Өнгөрсөн хугацаанд ерөнхий болоод дээд боловсролыг яаж эзэмшүүлсэн нь өнөөгийн боловсон хүчний байж байгаа царай харуулна. Хүн амынхаа тоонд хэт олдсон их сургуулиудаас дээд боловсролын диплом авагсдын “мест” нь голдуу гэрийн үйлчлэгч, баарны хамгаалагч хавьд байна. Тэр сургуулиудад элсэн орж, оюутан болж буй хүүхдүүд бичих чадвар, зөв бичгийн дүрмээс эхлээд дунд, ахлах сургуулиа олон талаараа ерөнхий боловсролгүй төгсдөг. Дээрээс нь бүх шатны сургуулийн багш нар цалин цагаанаас эхлээд байр орон сууц, амьдрах орчны хувьд учир дутагдалтай явж ирсэн. Одоо ч Солонгост ажиллахаар виз мэдүүлэгсдийн дийлэнх нь багш нар байна. Хавар гуравдугаар сараас эхлээд бөөн бөөнөөрөө виз мэдүүлсэн. Виз авсан нь явж, аяга угааж байгаад ойрын өдрүүдэд эх орондоо ирж байна. Товчхондоо, манай боловсролын салбарын хөгжил өнөө маргаашаа залгуулаад өлөн зэлмүүхэн явж л байна.

Тэгвэл өнгөрсөн долоо хоногт “Боловсролын шинэ сэргэлт” уулзалт болж, түүн дээр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ багш мэргэжлээр суралцагсдын төлбөрийг 2030 он хүртэл төр хариуцах шийдвэр гаргаснаа танилцууллаа. Тодруулбал, “Шинэ сэргэлтийн бодлого” сэдвийн хүрээнд “Боловсролын реформд нэгдэх үү” илтгэл тавьж, “Ялангуяа багшийн нэр хүндийг өсгөх, нийгмийн баталгааг хангах, ур чадварт онцгой анхаарах цаг болсон.Дэлхийн хэмжээний Монгол иргэнийг бэлтгэх, Монгол Улс бүх салбартаа чадварлаг хүний нөөцтэй болох шинэчлэлийг цаг алдалгүй хийх ёстой. Боловсролын салбарын реформыг хэрэгжүүлэхдээ багш бэлтгэх тогтолцоонд онцгойлон анхаарна. Багш мэргэжлээр суралцах оюутны сургалтын төлбөрийг энэ хичээлийн жилээс 2030 он хүртэл төр 100 хувь, багш нар дотооддоо магистрт суралцах бол сургалтын төлбөрийг төр 100 хувь хариуцахаар болсон. Мөн МУБИС-ийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, хөтөлбөрийг шинэчлэх, элсэгчдийн босго оноог өндөрсгөх ажлуудыг цогцоор нь хийх шаардлагатай” гэж мэдэгдлээ.

Энэ нь нийгмийн сүлжээнд хэлэлцүүлэг өрнүүллээ. Өнгөц харахад, дэмжиж, бас буруутгаж байна. Гэхдээ буруутгаж буй хэсэг нь нэр бүхий улс төрийн намуудаас явж байгаа нь анзаарагдав. Яахав, сонгууль дөхсөн, арав хүрэхгүй сар үлдсэн. Улс төрийнхнийг буруутгах аргагүй. Ямартай ч энэ шийдвэр эхлээд, цаашаа хэрэгжиж байгаа нь сайн хэрэг. Ганц сайдын толгойгоор явж ирсэн салбарт салхи орох нь тодорхой болж байна. Засгийн газраас, Ерөнхий сайдаас танилцуулж байгаагаар багш нарыг бэлтгэх төлбөрийг төр даасан нь боловсролын салбарт хийх шинэчлэлийн эхлэл юм байна.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Нийгмийн шилжилтийн хугацаанд боловсролын салбарыг анхаарлын гадна орхисон. Үүнээс болоод хөдөлмөрийн зах зээл хүний нөөцтэйгээ уялдахгүй болсон. Өөр олон сөрөг үр дагавар гарсан. Энэ шилжилтийн хугацаанд цэг тавьж, хөгжлийн реформыг эхлүүлж байна. Боловсролын багц хууль баталсан. Багш нарыг цогцоор дэмжих хөтөлбөрийг хэрэгжүүлнэ. Хөтөлбөрийн хүрээнд Засгийн газар багш мэргэжлийг сонгон суралцагсдын төлбөрийг даахаас гадна орон сууц, олон улсын сургалт, цалин хангамжийн асуудлыг ч шийдвэрлэнэ. Энэ бүхэн бол зөвхөн эхлэл. Сайн инженертэй, сайн шүүгчтэй, сайн эмчтэй болохын тулд эхлээд сайн багштай болох ёстой. Үүнд улс үндэстнээрээ анхаарах цаг болсон” гэж байна. Ингэхээр боловсролын салбарт томоохон “хөдөлгөөн” орж эхлэх болж байгаа юм. Мэдээж, тийм учраас энэ Засгийн газрын зөв үйл ажиллагаа хэмээн харагдаж байна.

Харин хоёрдугаар асуудал нь баахан таагүй, олон нийтийн уур унтууг хүргэсээр байгаа 177 тэрбумаар Хятадаас нүүрс импортлох шийдвэр юм. Засгийн газраас нийслэлд бонд гаргах зөвшөөрөл өгсөн. Бондын мөнгийг хэрхэн зарцуулах талаар 2023 оны наймдугаар сарын 9-нд НИТХ хэлэлцэх үеэр Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн гүйж очоод “177 тэрбумаар нь кокс нүүрс Хятадаас оруулж ирж түлнэ. Бас үйлдвэрийн өргөтгөлд зарцуулна” гээд мэдэгдсэн. Үүнээс хойш 20-иод хонолоо. Эрхэм сайд энэ ажлаа гүйцэлдүүлчих гээд өдөр шөнөгүй гүйж байна. Байсгээд л хэвлэлийнхнийг дуудаж, нөгөөх нүүрсээр хийсэн түлшээ түлж үзүүлдэг боллоо. Б.Чойжилсүрэн нэг зүйлийг ойлгох хэрэгтэй. Хоёр шалтгаанаар нийгэм үүнийг дэмжихгүй байгаа юм. Нэгдүгээрт, энэ мөнгөөр нүүрс оруулж ирж байхаар үйлдвэр барих хэрэгтэй. Ийм тов тодорхой зарчмын шаардлага бий. Кокс нүүрс гаргадаг үйлдвэртэй болохыг хүсвэл Монголын том компаниуд консорциум болоод ороход сарын дотор л барьчихна. Хүсэхгүй бол гаднын тусламж, зээлийн мөнгө идээд, урагшаа ганц ч алхдаггүй том том цахилгаан станцын төслүүд шиг болно. Хоёрдугаарт, Монгол Улс өөрөө нүүрс экспортлогч шүү дээ. Бүх төрлийн нүүрстэй. Яг ийм утаагүй түлшинд зориулсан юм шиг тохирох нүүрсний орд зөндөө олонтой. Бараг л ямар нэг үйлдвэрийн шаардлагагүйгээр гаргаж ирээд түлэхэд болох нүүрс гэж байгаа юм шүү. Гэм нь тэр ордуудын лиценз улс төрд нөлөөгүй нөхдүүдэд байдаг. Дээрээс нь энэ сайжруулсан шахмал түлшний чинь мидлинг буюу үндсэн түүхий эд нь Хятадаас ороод ирэхээр 100 хувь хятад түлш болчихож байгаа юм. Барьцалдуулагчийг нь Хятадаас авдаг. Шуудайгаа ч Хятадаас авна. Тэгэхээр Засгийн газар нэртэйгээр нь нэг мөсөн Хятадаас ачиж авчрах шийдвэр гаргасан нь дээр болно. Тэгээд эндэх “Тавантолгой түлш”-ээ татан буулгасан нь дээр болно. Тэгвэл зардлын хувьд хямд болно. Одоо авах гэж байгаа шиг чинь байн байн 177 тэрбумаар авч, дундаас нь цавчихгүй. Барьцалдуулагч, шуудай хоёрын шахаа нам зогсоно. “Тавантолгой түлш” компанийн зардал гэж асар өндөр дүнтэй мөнгөний зардал бас хасагдана. Байдал ийм. Гэтэл Б.Чойжилсүрэн уйгагүй зүтгээд байхаар маш их сэжиг төрүүлээд байгаа юм шүү. Үүнийг “...Зүсээ хувиргасан нүүрсний хулгай” гэж олон хүн хэлж байна. Өөрөөр хэлбэл, энэ импорт хаанаас нь ч харсан буруу юм. Товчхондоо, Засгийн газрын шийдвэрүүд болох “багшийн төлбөр” зөвдөж, “хятад түлээ” буруудаж байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ НАЙМДУГААР САРЫН 28. ДАВАА ГАРАГ. № 169 (7154)