Б.ДАМДИН-ОЧИР
Наадмын тухай сайхан “үг” олон бий. Шүлэг ч ихтэй. “...Эрүүл явбал улсын наадам үзнэ” гэж ерөөнө. “...Дараа жилийн наадам даанч хол байна даа” гэж хүлээнэ. “...Эрийн гурван наадам” гэж хүндэтгэнэ.”...Энэ жилийн наадмыг ирэх жил хуучилна” хэмээнэ.
Наадам монгол хүн бүрт дандаа л сайхан санагддаг. Улсын наадам, аймгийн наадам, сумын наадам гээд өөр өөрийн өнгөтэй, дурсамжтай. Мөн ч их яригддаг даа.
Харин сүүлийн жилүүдэд наадмын нэр хүнд улам унасаар байна. Ялангуяа бөх нь бүхэлдээ эрүүгийн хэргийн шинж агуулсан хулгай, луйврын яриа ихтэй болдог боллоо. Энд бөхчүүдийн дэвжээн дээрх ёс зүйн асуудлыг ярих гэсэнгүй.
Жил бүрийн наадмын дараа ёс юм шиг гарч ирдэг допингийн талаар хөндөх хэрэгтэй болов.
Энэ жилийн наадмын түрүү бөхөөс допинг илэрчээ. Ийм мэдээлэл түгж байна. Өмнөх жилүүдэд ч ингэсэн. Тэгээд л дараа жилийн наадам болтол хууч биш хэрүүл үргэлжилдэг болов шүү. Сайхан арслан, аварга цолыг хүртээд л алдаж байгааг нэг биш жилийн наадмын ард харсаар л ирэв.
Ер нь энэ сүүлдээ ёс юм шиг боллоо.
Ерөөсөө бид чинь наадмаа хийж чадахаа больчихсон. Начны найраа гэх шүлэг шиг сайхан нэртэй луйвар бөхийн торгон ногоон дэвжээн дээр алдаршсан. Бүх цол дээр л ийм баримт сэлт барим тавим яригддаг. Шулуухан хэлэхэд, энэ мэтээс болоод үндэсний бөхийн нэр хүнд шалаар нэг унаж, эцэстээ 2003 онд Үндэсний баяр наадмын хуультай хүртэл болсон. “Ёс зүйгээр хазаарлаж чадахгүй үйдлийг хуулиар хязгаарлах шаардлага гардаг” гэдэг. Хууль ингэж гардаг юм байна л даа. Ямартай ч бөхчүүд наадмаараа ч сайхан барилдаж чадахаа больсон учраас энэ хуулийн хязгааралалтад орсон хэрэг. Тэгээд ч дээрдсэнгүй. Хуулийн хязгаарт онцгойлон орж буй зүйлүүдийн нэг нь энэ допинг л доо.
Наадмын өмнөхөн өөрчлөгдсөн Үндэсний их баяр наадмын тухай хуулийг санаачлагч УИХ-ын гишүүд хууль өөрчлөх шалтгаанаа “....Сүүлийн жилүүдэд улсын баяр наадамд түрүүлсэн, амжилттай сайн барилдаж цол, чимэг авсан бөх допинг хэрэглэсэн нь шинжилгээгээр тогтоогдож, цол, чимгээ хураалгах, хэрэглэсэн, хэрэглээгүй дээр маргалдах, шүүхээр шийдвэрлүүлэх тохиолдолд ихээхэн гарсаар байна. Үндэсний их баяр наадмын тухай хуульд допинг хэрэглэхийг хориглох, хэрэглэсэн тохиолдолд хүлээлгэх хариуцлагын механизмыг суулгаж өгсөн боловч энэ нь олон улсын допингийн стандарттай нэг талаар нийцэхгүй, мөрдөж байгаа дүрэм журмыг батлах субъектийг хуульд тодорхой зааж өгөөгүйгээс Захиргааны ерөнхий хуульд заасан эрх зүйн хэм хэмжээний актын шаардлагыг хангаж чадахгүйд хүрч, Үндэсний баяр наадмыг зохион байгуулах хороо, салбар хорооны шийдвэр нь шүүх дээр хүчингүй болох тохиолдол гарч байна.
Нөгөө талаас допинг хэрэглэхийг хориглох, хэрэглэсэн тохиолдолд хариуцлага хүлээлгэх зохицуулалт нь төдийлөн үр дүнтэй бус зөвхөн хэрэглэсэн бөх, харваачид хариуцлага тооцох, тодорхой хугацаанд баяр наадамд оролцох эрхийг хасах байдлаар явж ирсэн нь допинг хэрэглэхийг зөвлөж, хэрэглүүлж байгаа дасгалжуулагч, эмч, бөхийн дэвжээ зэрэг нь ямар нэг хариуцлага хүлээхгүй, энэ хөшүүрэг үр дүнтэй байж чадахгүй байна.
...Дээрх хууль зүйн болон практик үндэслэл, шаардлагад үндэслэн Үндэсний их баяр наадмын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулахдаа Үндэсний их баяр наадмын үйл ажиллагаанд оролцогчдын эрх үүргийг тодорхой болгож, хариуцлагын механизмыг боловсронгуй болгохоор тусгасан, тухайлбал, допинг хэрэглэсэн бөх, сурын харваач, допинг хэрэглэхийг зөвлөсөн, шаардсан дасгалжуулагч, эмч, дэвжээнд олон улсын допингийн дүрмийн дагуу хариуцлага оногдуулах механизмыг хуулийн төсөл тусгасан;дараах зохицуулалтыг оруулсан болно. Түүнчлэн Допингийн эсрэг үндэсний дүрмийг батлах хүртэлх хугацаанд хуулийн төслийн 21 дүгээр зүйлд заасан шилжилтийн үеийн зохицуулалтаар допингтой холбоотой харилцааг зохицуулах, шийтгэлийг оногдуулахаар тусгасан. ... Хуулийн төсөлд дээрх зохицуулалтыг оруулснаар допинг хэрэглэсэн бөх, сур харваач, морины уяач зэрэг болон тэдгээрийн багш дасгалжуулагч, дэвжээ зэрэгт хариуцлага тооцох олон улсын механизм бүрдсэнээр допинг хэрэглэх нь багасч, үүнээс үүдэлтэй маргаангүй үндэсний их баяр наадмыг зохион байгуулах нөхцөл бүрдэнэ” гэсэн байгаа юм.
Үүнээс “...Наадам маань ер нь юу болчихсон юм бэ” гэсэн эмзэглэл төрж байгаа юм. Энэхүү хуулийн танилцуулга хийгээд УИХ-аар хэлэлцэх үед гишүүдийн асууж тодруулж байгаа нь ерөөсөө л нэг допингод донтчихсон хэдэн нөхрийг яаж салгах вэ гэсэн агуулгаар хандаж байв. Тэдгээр гишүүний буруу биш. Шулуухан хэлэхэд, Бөхийн холбоо л энэ бүхэнд буруутай. Сүүлийн хэдэн өдрийн турш энэ жилийн наадмын допингийн хариу тойроод хэрэлдлээ. Бөхийн холбоо өөрийгөө өмөөрөөд сүйд. Тэргүүн нь УИХ-д хүч үзэх гээд байгаа болохоор нэр цэвэр байх ёстой байх л даа. Гэхдээ би үхэхээр чи үх гэдэг шиг Олон улсын допингийн эсрэг байгууллагын Монгол дахь төлөөний газрын хэд рүүгээ л дайраад байх юм.
Энэ талаар бага сага гадарлахын хувьд Бөхийн холбоо болон хууль, бөхчүүд хоёрынхоо дунд гүүр л байх ёстой шүү. Тэгээд тэр хэрэглэж болохгүй бодис, допинг илэрдэг эм тангуудыг бөхчүүдэд танилцуулж, ойлгуулсан байх учиртай. Бөхийн холбоо энэ ажлаа хийдэг үү. Бөхчүүд нь ч энэ жилийн наадам дууслаа, 13-наас нь эхлээд л ходоод руугаа орж байгаа хоол, унд бүгдийг хянах учиртай. Тэгэхгүй, ямар нэг сэжиг бүхий шинжилгээний дүн гарахаар бэлтгэлийн хэдэн өдөр идсэн ууснаа яриад гүрийчихэж байгаа харагддаг болов.
Ер нь бол Олон улсын допингийн эсрэг байгууллагад шинжилгээ сэлтээ өгч байгаа бол мэргэжлийн тамирчны түвшинд бэлтгэл хийж, дэг гамаа барих ёстой. Тэгвэл манай үндэсний бөхчүүд тэгдэг бил үү. Жилийн дөрвөн улиралд байнгын бэлтгэлтэй байдаг бөх хэд вэ гэвэл цөөхөн л гарна шүү. Манай бөхийн онцлог чинь голдуу байгалиасаа төрмөл байдаг. Тэр утгаараа бэлтгэл нь ч “байгалиараа” явдаг гэхэд дэгсдэхгүй.
Тэгвэл мэргэжлийн тамирчид, жишээ нь, жудо, чөлөөт бөхийг аваад үз. Бөхчүүд бүгд мэднэ. Бэлтгэлээ яаж хийдэг, дэгээ хэрхэн барьдгийг гадарлана даа. Өөрөөр хэлбэл, Үндэсний бөх, тэдгээр мэргэжлийн спортуудын хооронд асар их ялгаа байдаг. Дээхнэ дээ, манай чөлөөтийн нэг том бөх допингийн шинжилгээнд бүдэрч байв. Яагаад гэхээр шээс хөөдөг эм хэрэглэсэн нь шинжилгээгээр гараад иржээ. Допинг хэрэглэсэн тамирчид түүнийгээ шээсээрээ гаргах гэж шээс хөөдөг эм уудаг юм байна л даа. Ингээд шинжилгээг цааш нарийсган хийж бөөн л юм болж байв. Ийм л нарийн эд дээ, энэ допинг гэдэг чинь.
Яг үнэндээ манай Үндэсний их баяр наадмын хуульд ч үүнийг шулуухан хэлчихсэн л байна. Хуулийн зорилтыг “...Үндэсний их баяр наадмыг улс орон даяар тэмдэглэн өнгөрүүлэх, Үндэсний их баяр наадмын хүрээнд үндэсний бөхийн барилдаан, сурын харваа, үндэсний хурдан морины уралдаан, шагайн харвааг зохион байгуулах, цол, чимэг олгохтой холбогдсон харилцааг зохицуулахад оршино” гэсэн. Их спортуудын гол агуулга энд дурдагдаагүй байгаа юм. Тэгэхээр энэ олон хуулийн хазаараа бөхчүүдээсээ авах ёстой. Тэгэхгүй бол энэ хэтрээд хоёр бөх хөөцөлдөж алхаж байгаад л нэг нь давчихдаг энэ тэр. Ер нь наадмын бөхийн барилдаан улам л утгагүй болж байна. Найраагүй, будилаангүй болдог сумын наадам ч байхгүй боллоо. Хамгийн гол нь допингийн шинжилгээ авч өгөхөө больчихъё. Тэгээд “...Үндэсний бөх бол их спорт биш юм байна” гэдгээ бид одоо хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Яг л сүмо шиг өөрсдийнхөөрөө сайхан барилдаад, монголчууд үзэж баясаад л байж байя. Тэгж байж дэлхийд ганцхан “өөрийнхөөрөө” Монгол наадам болно. Аа харин, нисээд л “Гарьд магнай” кинон дээр Дондогдулам хатан “...Миний бөхийг унагасан энэ наадмыг би үзэхгүй ээ” гэж ширэв татдаг шиг хэдэн дарга бухимдана биз.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2023 ОНЫ НАЙМДУГААР САРЫН 25. БААСАН ГАРАГ. № 168 (7153)