П.АМГАЛАН

Олимп, паралимпын наадамд оролцох үндэсний шигшээ багийн бэлтгэл ажлыг зохион байгуулалтаар хангах Үндэсний хороо хуралдлаа. Тус хороог Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ахалдаг билээ. Тус хурлаар “Парис-2024” олимпын наадамд оролцох бэлтгэл ажлын явцын талаар Ерөнхий сайдад танилцуулав. Энэ үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Олимпын наадмын бэлтгэл ажлыг одооноос эрчимжүүлэх хэрэгтэй. Үндэсний хороо тамирчид, дасгалжуулагчдад шаардлагатай бүх талын дэмжлэг үзүүлж, бэлтгэлдээ анхаарах боломжийг бүрдүүлэх ёстой. Сэтгэл зовоосон асуудал допинг байна. Энэ талаарх мэдээллийг тамирчдад байнга өгч байх хэрэгтэй” гэлээ. Ерөнхий сайд тамирчид болон спорт цогцолбор барих хөрөнгө оруулагчдын төлөөлөлтэй “Өглөөний уулзалт” уулзалт хийж, спортын цогцолбортой болбол Сангийн яам татвараас хэдэн жилийн хугацаатай чөлөөлөх вэ гэдгийг ярилцах боломжтой гэсэн юм. Мөн экспертүүдээс зөвлөгөө авч салбарын багц хуулийг намрын чуулганаар хэлэлцүүлэхээр боловсруулах, олимпын хороотойгоо нягт хамтарч ажиллахыг Ерөнхий сайд үүрэг болгов. Тус хорооны дэд дарга, Олимп, нийтийн биеийн тамир, спортын сайд Б.Бат-Эрдэнэ  “Олимпын үзэл санаагаар дамжуулан нийгмийн бүх давхаргад нөлөөлөх эрүүл амьдралын хэв маяг, дадлыг бий болгох нь чухал” гэсэн.

Эх сурвалж:www.polit.mn