НҮБ-ын гишүүн орнуудын харилцан ойлголцож, хүлээн зөвшөөрсөн олон улсын эрх зүйн тогтолцоо нь олон талт тэгш эрхт хамтын ажиллагааны үндэс суурь болох ёстой билээ. Гэтэл өнөөдөр тус байгууллагыг тойрсон тогтолцоо нь зарим гишүүн орнуудын олон улсын эрх зүйг «дүрэмд суурилсан дэг журам» хэмээх зүйлээр солих гэсэн хүслийн улмаас гүн хямралд ороод байна.

Барууны орнуудад универсал хэм хэмжээний хүрээнд яриа хэлэлцээ явуулах нь тохиромжгүй болоод удаж байгаа бололтой. НҮБ-ын зөвшилцлийн платформуудын оронд «дарангуйлал»-ын эсрэг чиглэсэн «ардчилсан орнуудын» нэгдэл гэгчийг эргэлтэд оруулж байна. Зөвхөн АНУ-ын ноёрхлын үзэл баримтлалд суурилсан «Ардчиллын төлөөх дээд хэмжээний уулзалт»-аас гадна НҮБ-ын бүтцийг хуулбарласан олон тооны механизмуудыг бий болгож байна. Тухайлбал, «Хиймэл оюун ухааны дэлхийн түншлэл», «Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний төлөөх дэлхийн эвсэл», мөн «Цахим орон зай дахь итгэлцэл ба аюулгүй байдлын төлөө Парисын уриалга» г.м. Ийнхүү үйл ажиллагаа нь эцсийн дүндээ НҮБ-ын ивээл дор явагдаж буй салбарын яриа хэлэлцээнүүдийн үнэ цэнийг алдагдуулж, НҮБ-ын дүрмийн гол зарчим болох улс орнуудын бүрэн эрхт эрх тэгш байдлыг үгүйсгэж байна.

Эдийн засгийн өрсөлдөгчдийн эсрэг хэрэгжүүлэх хууль бус алхмуудыг зөвтгөх зорилгоор «дүрэм журам» ашигласан нь дэлхийн худалдааг хагалан бутаргаж, зах зээлийн олон механизмууд уналтад ороход хүргэсэн. Үүний үр дүнд ДХБ оршин тогтнох утгаа алдаж, ОУВС нь эцэстээ АНУ болон түүний холбоотнуудын зорилгодоо хүрэх хэрэгсэл болон хувирч байна.

Уг «дүрэм журмын» олон улсын эрх зүйгээс ялгарах гол ялгаа нь тэдгээрийг хэрэглэх уян хатан байдал юм. Барууны орнууд нь эдгээр «дүрэм журмуудаа» бусдад зориулан зохиосон тул уг «дүрэм журам» нь тэдэнд өөрсөд нь үйлчилдэггүй, харин тэдэнд өөрсдийн аливаа үйлдлээ «ардчиллыг сурталчлан дэлгэрүүлэх» зорилгоор үйлдсэн хэмээн зөвтгөх боломжийг олгодог. Сүүлийн хэдэн арван жилийн дотор АНУ тэргүүтэй эвсэл Ирак болон Ливи улсууд руу дайран орсны үр дүнд тэдний төрт улс нь устаж, олон зуун мянган хүн амь насаа алдаж, терроризм газар авчээ. Гүрж болон Киргизэд «өнгөт хувьсгал» зохион байгуулж, 2014 оны 2-р сард Киевт цуст төрийн эргэлт болж, 2020 онд Беларусь улсад засгийн эрхийг хүчээр авахыг оролдсон. Ард нийтийн санал асуулга явуулахгүйгээр Косовогийн тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөх ёстой, харин Крым, Херсон болон Запорожье мужууд, Бүгд Найрамдах Луганск болон Донецк ард улсуудын ОХУ-ын бүрэлдэхүүнд нэгдэх тухай бүх нийтийн санал асуулгыг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж уг «дүрэм журамд» заажээ.

Барууны орнууд 1970 оны «Олон улсын эрх зүйн зарчмын тухай» НҮБ-ын тунхаглалд тусгагдсан заалтуудыг мартсан. Уг баримт бичигт «Тухайн нутаг дэвсгэрт амьдарч буй бүх ард иргэдийг төлөөлдөг засгийн газартай, ард түмнийхээ тэгш эрх, өөрийгөө тодорхойлох зарчмыг баримталдаг» улс орнуудын бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хүндэтгэх ёстой хэмээн тунхагласан. Төрийн эргэлтийн үр дүнг хүлээн зөвшөөрөхийг хүсээгүй ард иргэдийнхээ эсрэг дайн эхлүүлсэн Киевийн төр засаг энэхүү тодорхойлолтод нийцэхгүй байгаа нь тодорхой.

Өдгөө АНУ болон түүний холбоотнууд олон арван жилийн турш амжилттай хөгжиж ирсэн Ази, Номхон далайн бүс нутгийн олон талт хамтын ажиллагааны үзлийг сулруулахын тулд ихээхэн хүчин чармайлт гаргаж байна. «Энэтхэг-Номхон далайн стратеги» гэгчийг дэвшүүлснээр Вашингтон энэхүү тогтсон архитектурыг нураах чиглэлийг дэвшүүлэв. Тогтворгүй байдлыг өдөөх үйл ажиллагааны байнгын хамтрагч нь болох НАТО энэ үйл явцад аль хэдийн ил тод нэгджээ. Тухайлбал, өнгөрсөн жилийн дээд хэмжээний уулзалтынхаа үеэр тус эвсэл нь Европ-Атлантын болон Энэтхэг-Номхон далайн бүс нутаг хэмээх бүс нутгийн «аюулгүй байдлын хуваагдашгүй байдал» болон «дэлхийн хариуцлага» гэгчийг тунхагласан. Өөрөөр хэлбэл НАТО-гийн «хамгаалалтын шугам» нь одоогоос Номхон далайн баруун эрэг рүү шилжиж байгаа гэсэн үг юм.

Орчин үеийн олон талт харилцааны үзэл баримтлал нь НҮБ-аас объектив хандлагад дасан зохицохыг шаардаж байгаа болохоос тус байгууллагын үндсэн дээр бий болгосон механизмуудаас нүүр буруулахыг шаардаагүй нь ойлгомжтой. Энэ хүрээнд Ази, Африк, Латин Америкийн орнуудыг улам олноор оролцуулах замаар НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийг өргөжүүлэн шинэчлэх тухай асуудлыг хэлэлцэж байна. Амжилтад хүрэх түлхүүр бол багаар ажиллах, хэн нэгний онцгой байдлыг хүлээн зөвшөөрөхгүй байх, улс орнуудын бүрэн эрхт эрх тэгш байдлыг хүндэтгэх явдал юм. Чухам ийнхүү зарчмыг хүлээн зөвшөөрч дэлхийн улс орнууд НҮБ-ын дүрмийг соёрхон баталсан билээ.

Оросын Холбооны Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ НАЙМДУГААР САРЫН 23. МЯГМАР ГАРАГ. № 166 (7151)