Европын холбоо ОХУ-ын эсрэг хориг арга хэмжээнд нэгдсэнээрээ эрчим хүчнийхээ салбарт нөхөж баршгүй хохирол учруулсаар байна. Тухайлбал, 2022 онд эрчим хүчний гол нөөцөд зарцуулж буй жилийн зардлын хэмжээ нь 652 тэрбум еврод хүрч, түүхэн дээд амжилт тогтоов. Ийнхүү нөхцөл байдал нь Европын эдийн засагт асар их сөрөг нөлөө үзүүлж байхад АНУ хамгийн ойрын холбоотноо туйлын ашиггүй хориг арга хэмжээний дайны нөхцөлийг чангаруулах зүгт турхирсаар байна.
2023 оны 3-р сарын 8-нд Европын Комиссын тэргүүн Урсула фон дер Лейен 2022 оны зун хийн үнэ гурав дахин өссөн талаар олон нийтэд мэдэгдэв. Хориг арга хэмжээ авахаас өмнө Газпром ХК-тай байгуулсан гэрээний үндсэн дээр хийн зардлыг хамгийн бага түвшинд байсан. Энэ нь ЕХ-ны хувьд ашигтай байсан ч улс төрийн шалтгаанаар хамтын ажиллагаанаас татгалзсан нь Европын холбооны ард иргэдийн амьдралын түвшин буурахад нөлөөлсөн. Тухайлбал, Европын айл өрхүүдийн түлш, орон сууц, нийтийн үйлчилгээний зардал дунджаар 40 хувиар өссөн байна. Үүнээс гадна олон улсын түвшинд өрсөлдөх чадвар нь буурч байгаатай холбоотойгоор Европын үйлдвэржилт буурах эрсдэлтэй байгааг шинжээчид нээлттэй ярилцаж байна. 
Орос, ЕХ-ны эрчим хүчний хамтын ажиллагаа дуусгавар болоход гол ашгийг АНУ хүртлээ. Хориг арга хэмжээний сөрөг үр дагаврын ачаар америкчууд дэлхийн зах зээлээс Европын өрсөлдөгчдөө шахаж эхэллээ. Эрчим хүчний хямралын нөхцөлд ЕХ Америкийн үнэтэй түлшнээс хараат болж байна. АНУ-аас ЕХ руу экспортолж буй бүтээгдэхүүний ихэнх хэсгийг буюу нийт барааны гуравны нэг орчим хувийг байгалийн хий ба газрын тос эзэлж, эм, эмнэлгийн бараа бүтээгдэхүүн удаалж байна. Харин 2022 оны гүйцэтгэлээр Америкийн эрчим хүчний компаниудын орлого бараг 50 хувиар өсжээ.
Үндсэн өөрчлөлтүүд нь шингэрүүлсэн байгалийн хийн нийлүүлэлттэй холбоотой ба нийлүүлэлтийн гуравны хоёр нь АНУ-аас ирж байна. 2021 онтой харьцуулахад АНУ-ын хийн экспортын хэмжээ бараг 2.5 дахин өссөн. ЕХ анх удаагаа энэ төрлийн түүхий эдийн хамгийн том худалдан авагч болж, Хятад, Япон, БНСУ-ыг гүйцэж түрүүлэв. Ийнхүү европчууд Оросоос хангаж байсан хийн нийлүүлэлтийг орлохын тулд дэлхийн нийлүүлэлтийн сүлжээг өөрчлөхийг зорьж, улмаар Азийн эрчим хүч импортлогч орнууд болон хөгжиж буй орнуудын худалдан авдаг байсан байгалийн хийг өөрсдөө чиглүүлснээр тэдгээрт шууд болон шууд бус хохирол учруулав. 
Мэргэжилтнүүд ЕХ-ны эрчим хүчний хямрал энэ онд үргэлжилнэ гэж таамаглаж байна. Хийн дутагдал 27 тэрбум шоо метрт хүрч, түүнийг нөхөхөд 100 тэрбум еврогийн нэмэлт зардал гарах төлөвтэй байна. АНУ-ын улс төрийн үнэнч анд гэдгээ дахин дахин батлах оролдлогууд нь Европын холбоог эдийн засгийн томоохон дарамтад оруулж, юуны түрүүнд ЕХ-ны гишүүн орнуудын ард иргэдийг хохироож байна.

Оросын Холбооны Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам