Б.БАЯР
Ойрд сайн мэдээ цөөнгүй сонсогдох болов. Манай улсын эдийн засгийн "тоо"-нууд Азидаа өнгөлж дуулддаг боллоо. Хамгийн сүүлд, ердөө өнгөрсөн долоо хоногт ДНБ 2023 оны эхний хагаст +6.4 хүрч, инфляц өнгөрсөн сард 9.2 болжээ. Мөн гадаад худалдаа энэ оны эхний долоон сард 3.9 тэрбум доллар, төлбөрийн тэнцэл эхний хагаст 474 сая ашигтай гарчээ. Улмаар өрхийн бодит орлого 1.5 хувиар, бодит зарлага 9.9 хувиар өмнөх оноос өссөн мэдээтэй байна. Сарын өмнө World Economics судалгааны байгууллагаас эдийн засгийн өсөлт, засаглал, хүний нөөц, ДНБ-ий өсөлтөөрөө Азидаа тэргүүлж буй долоон улсыг танилцуулсан. Тэгэхэд Монгол 4.1, Шинэ Зеланд 3.4, Сингапур 2.9, БНСУ 2.6, Австрали 2.5, Хонгконг 1.4, Япон 0.7 хувиар тус тус тэргүүлсэн байдаг. Наадмын үеэр болсон "Эдийн засгийн чуулган"-ы үеэр ч хөрөнгө оруулагчид хэлээд байсан. Тэд "Монгол Улс 2012 оных шиг эдийн засгийн их өсөлтийн үе дээрээ ирсэн" гэж дүгнэсэн.
Энэ хоёр талтай. Мэдээж, өсөж байна гэдэг сайн. Гэхдээ 12 шахам жилийн өмнөх үе дээрээ одоо ирж байна гэдэг шууд хэлэхэд эмгэнэлтэй юм л даа. Хүн ер нь их мартамхай. 10,20 жилийн өмнөх байтугай нэг, хоёр жилийн өмнөхийг мартчих нь элбэг.
2012 онд эдийн засаг 17 хувийн өсөлттэй байв. Яг тийм үед АН ялж байлаа. Харамсалтай нь ердөө дараа жил нь 1.0 хувь болсон. Тэгээд удалгүй "тэг" заасан. Тэр юунаас болсныг бас л ярихаа больсон. 17 хувь хүртэл өссөн эдийн засаг 0 хүрч, улмаар "хасах" заасан нь хэд хэдэн хүчин зүйлтэй холбоотой.
Тэдгээр нь олон бонд "босгосон", Хөгжлийн банкийг банк биш болгосон, "Эрдэнэт"-ийг луйвардаж авсан, Дубайн гэрээг нууцаар хийсэн, өөрсөддөө зориулсан Өршөөлийн хууль баталсан зэргээс болсон. Бас Чимгээ, Содномдаржаа нарын хэрэг, бизесийнхнийг дээрэмдсэн, булаасан хэргүүд гаарсан. Үүнд тухайн үеийн хууль хяналтынхан оролцож байв.
Маш товчоор, "Сахал"-ын томролт, Хурцын давралт гэсэн буруу тогтолцоо энэ улсын эдийн засгийг унагасан л даа.
Дээр дурдсан хүчин зүйлүүдээс Эдийн засгийн өршөөлийн хуулийг л харъя.
2015 оны наймдугаар сард УИХ-ын ээлжит бус чуулганаар Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай буюу Өршөөлийн хуулийг 50 гишүүний ирцтэйгээр хоёр өдөр хэлэлцээд, 80 хувийн саналаар баталсан байдаг.
Тухайн үед "Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулиар далд эдийн засгийг ил болгож, санхүү бүртгэлийг дахин хийж, бүх аж ахуйн нэгжид тэгш боломж олгон, бизнесийн ижил гараанаас эхлэх боломж олгох, улмаар татвараар дамжуулан Монгол Улсын эдийн засгийг өөд татах гол зорилготой гэж байв. Харин АТГ-ын даргаар хоёр жил гаруй ажилласан эрхэм 2019 онд ажлаа өгөхдөө "Ажил хийхэд хамгийн их саад болсон зүйл бол баахан бондуудыг гаднаас зээлж аваад түүнийгээ тараасан. Ингээд Өршөөлийн хууль гаргаад 33 их наяд төгрөгийг өршөөсөн. Энэ нь Монгол Улсын нэр хүндийг унагаасан. Анхаарал татсан хэргүүдийг шалгаад гайгүй үр дүнд хүрсэн гэж бодож байна. 10-аад хоногийн өмнө Оюу толгойтой холбоотой хэргийг хүргүүлсэн. Энд маш ноцтой асуудлууд хөндөгдсөн. Энэ бол хамгийн том шалгасан хэрэг. Үүнийг шалгах явцад үндэстэн дамнасан корпорациудтай нүүр тулсан. Төр ажлаа авах гээд хоёр залуу томилуулах гэж байгаа учраас энэ ажлыг цааш үргэлжлүүлэх ёстой гэж хэлмээр байна" гэж байлаа. Энэ үнэн. Тэр байтугай уг Өршөөлийн хуульд "Эрдэнэт"-ийг авахад хэрэглэсэн "систем" ч хамрагдсан байдаг. Тэр нь энэ хэргийг хууль хяналтынхан шалгахад саад болдог. Ер нь бол төрийн мөнгө, түмний хөрөнгийн хууль бус зарцуулалттай холбоотой олон гэмт хэрэг Өршөөлийн хуулиар "өршөөгдсөн" гэдэг юм. Ингэж л буруу замаар явсан. Ийм lost decade буюу алдагдсан арван жил Японд болж байсан. Одоо Орост үргэлжилж байна. Харин манайх эхэнд хэлсэн сайн "тоон" үзүүлэлтүүдээс гадна аялал жуулчлал идэвхжээд, том зочид ирээд л, CNN хүртэл Монголыг сурталчлаад, гадна талд Монголын имиж, нэр хүнд өсөөд, сэргэх өнгө үзэгдэж, үнэр ханхийж байх шиг байна.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2023 ОНЫ НАЙМДУГААР САРЫН 21. ДАВАА ГАРАГ. № 164 (7149)