Т.САЙХАН

 

Аялал жуулчлалыг хөгжүүлэх Үндэсний хорооны 2023 оны хоёрдугаар хуралдаан уржигдар болов. Хуралдаанаар жуулчдад зориулсан ариун цэврийн байгууламж бүхий түр буудаллах цэг, үйлчилгээний цогцолбор, отоглох цэг байгуулах ажлын явц, тулгамдаж буй асуудал, өвлийн аялал жуулчлалын стратеги төлөвлөлт, гадаад зах зээлд чиглэсэн маркетинг, жуулчдын эрх ашгийг хангах утасны үйлчилгээ зэрэг асуудлыг хэлэлцэж, санал солилцсон юм.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хуралдаанд оролцож дээрх асуудлыг эцэслэн шийдвэрлэх, тооцоо судалгаа хийж танилцуулах чиглэлээр холбогдох албан тушаалтнуудад хугацаат үүрэг даалгавар өгөв. Мөн аялал жуулчлалын салбарын өнөөгийн байдалд үнэлгээ, дүгнэлт хийх, цаашид аялал жуулчлалын брэнд бүтээгдэхүүнийг тодорхойлоход хамтран ажиллах боломжит, аялал жуулчлалын салбарт нэр хүнд бүхий олон улсын зөвлөх компаниудын талаар судалж, танилцуулахыг Соёлын сайд Ч.Номин, Аялал жуулчлалын мэргэжлийн холбооны ерөнхийлөгч Ц.Баатарсайхан нарт даалгасан.

Түүнчлэн Ерөнхий сайд аялал жуулчлалын зориулалт бүхий газар олголттой холбоотой асуудлаар хатуухан үг хэлээд авсан. Тэрбээр “Газрын асуудлыг өмнөх асуудлууд шиг хөндөхөөс өөр аргагүй. Тэгж байж зөв гольдролдоо орно. Нийгэм өөрөө дүгнэлтээ хийнэ. Хийчихээд ч байна. Зайсангийн бүх газар отог нэртэй олгогдсон. Отгууд маань өндөр үнэтэй орон сууцны хорооллууд болсон. Бид нүдээ боогоод отог гэдэгт нь итгэхийг хүссээр явах уу. Эсвэл отог биш орон сууцны хороолол шүү дээ гээд цэгцлэх үү. Өөрсдийгөө ч, бусдыгаа ч хуурсаар байвал ирээдүйд бүр л том зовлон үлдээнэ. Тиймээс би зарим хүнийг гомдоосон ч нийтийн эрх ашгийн барих зарчим дээр зогсоно. Та бүхэн дэмжээрэй” гэсэн юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ НАЙМДУГААР САРЫН 16. ЛХАГВА ГАРАГ. № 161 (7146)