Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ АНУ-ын Дэд Ерөнхийлөгч Камала Харрисын урилгаар тус улсад албан ёсны айлчлал хийлээ. Тус айлчлалаар улс орны гадаад харилцаа, нийгэм, эдийн засаг, боловсролын салбарын олон чухал хэлэлцээг хийж, баталгаажуулав. Мөн Монгол, Америкийн Стратегийн түншлэлийн өнөөгийн байдал, харилцаа, хамтын ажиллагааны тэргүүлэх чиглэлийн талаар хоёр орны Засгийн газрын түвшинд анх удаа мэдэгдэл хийлээ. Энэ нь хоёр улсын харилцааны хувьд нэгэн шинэ хуудсыг эхлүүлсэн чухал үйл явдал болов. Манай улсын хувьд өмнө нь ингэж байр сууриа илэрхийлж байсан тохиолдол байхгүй гэдгийг эх сурвалжууд онцолж байна.
“Google” компани Монгол Улсад 10 мянган багш, 1000 инженер бэлтгэхээр боллоо
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ дэлхийн мэдээлэл, технологийн салбарт тэргүүлэгч “Google” компанийн Вашингтон хот дахь салбарт зочиллоо. Тус компанийн удирдлагуудтай уулзахдаа Монгол Улс уламжлалт нүүдэлчин өв соёл, орчин үеийн технологийг хослуулан цахим шилжилтийг хийж буйг Ерөнхий сайд онцлов. Мөн “”Google компани бүтээгдэхүүн үйлчилгээ, хөтөлбөрүүдээ Монгол Улсад нэвтрүүлэх гараагаа боловсролын салбарын цахим шилжилтийг дэмжих чиглэлээр эхлүүлж, Засгийн газартай хамтран ажиллахаар болсонд талархал илэрхийлэв. “Google” компанийн Засгийн газартай харилцах, нийтийн бодлого хариуцсан (АНУ, Канад) Дэд ерөнхийлөгч Марк Исаковиц Монгол Улс нь НҮБ-ын Цахим засаглалын хөгжлийн индексийн жагсаалтад хэдхэн жилийн дотор гайхалтай үсрэлт үзүүлсэн нь нийгэм, эдийн засгаа сайжруулахын тулд дижитал технологийг нэвтрүүлсэн улс болох хүсэл эрмэлзлийг харуулж байгааг онцлов. Уулзалтын үр дүнд мэдээлэл технологийн салбарт тэргүүлэгч “Google” компанийн бүтээгдэхүүн үйлчилгээ, хөтөлбөрийг Монголд оруулж ирэхээр боллоо. “Алсын хараа 2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогыг дэмжиж ажиллах хамтарсан мэдэгдлийг талууд гаргалаа. Мөн Youtube Local, Android төлбөрийн үйлчилгээг Монголын зах зээлд нэвтрүүлэх хамтын ажиллагааг эхлүүлэхээр болов. Энэхүү үйлчилгээнүүд Монголд нэвтэрснээр стартап, апп хөгжүүлэгчид Android in-app purchase-аар орлогын эх үүсвэртэй болох төдийгүй Монгол контент бүтээгчид Youtube-ээр орлого олох боломж бүрдэх юм. Тус үйлчилгээг бүрэн нэвтрүүлэхэд “Google” компаниас шаардлагатай бэлтгэл ажлыг богино хугацаанд хэрэгжүүлэхээ мэдэгдлээ. “Google” компани Монгол Улсын боловсролын салбарт 10 мянган багшийг цахим ур чадвартай болгох хөтөлбөр хэрэгжүүлэхээр тохиролцов. Эдгээр багш нар нь цаашид бусад багш нараа сургаж бэлтгэхээр төлөвлөсөн байна. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсын Засгийн Газар, “Google” компанийн хамтын ажиллагаа нь инновацын шинэ давалгааг бий болгож, Монгол Улсын эдийн засгийн өсөлтөд түлхэц өгч, бүс нутгийн технологийн орон зайд тэргүүлэгч болгоход томоохон хөшүүрэг болно гэдэгт итгэлтэй байгаагаа энэ үеэр илэрхийллээ.
Эдийн засгийн хамтын ажиллагааны тухай Замын зураглал байгуулав
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкенийг хүлээн авч уулзаж Монгол, Америкийн Стратегийн түншлэлийг өргөжүүлэн бэхжүүлэх өргөн хүрээний асуудлуудаар санал солилцов. Уулзалтын өмнө “Стратегийн гуравдагч хөршийн түншлэлийн Монгол Улсын Засгийн газар, Америкийн нэгдсэн Улсын Засгийн газар хоорондын эдийн засгийн хамтын ажиллагааны тухай Замын зураглал”-д Монголын талаас Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, “Агаарын тээврийн тухай Монгол Улсын Засгийн газар, Америкийн Нэгдсэн Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-т ЗТХ-ийн сайд С.Бямбацогт, АНУ-ын талаас Төрийн нарийн бичгийн дарга Э.Блинкен нар гарын үсэг зурлаа. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ уулзалтын үеэр Монгол Улсын Засгийн газар чухал гуравдагч хөрш АНУ-тай хөгжүүлж буй харилцаандаа өндөр ач холбогдол өгдгийг онцлов. Цаашид ардчиллын нийтлэг үнэт зүйлсэд суурилсан Стратегийн гуравдагч хөршийн түншлэлээ улам бататган бэхжүүлж, харилцан ашигтай эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, энэ хүрээнд хоёр талын худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, хөдөө аж ахуй, сэргээгдэх эрчим хүч, эрдэс баялаг, цахим хөгжил, аялал жуулчлал, боловсролын чиглэлд хамтран ажиллахын чухлыг дурьдаад тодорхой саналуудыг тавилаа. Төрийн нарийн бичгийн дарга Э.Блинкен Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн АНУ-д хийж буй энэхүү айлчлал Монгол, Америкийн цаашдын харилцаа, хамтын ажиллагаанд чухал түлхэц үзүүлнэ гэдэгт итгэж байгаагаа илэрхийлсэн. Хоёр улсын хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулан өргөжүүлэх, Монголын эдийн засгийг төрөлжүүлэх, дэлхийн ханган нийлүүлэлтийн сүлжээнд чухал ач холбогдолтой ашигт малтмалын салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэх, иргэд хоорондын солилцоог нэмэгдүүлэхэд бүхий л талын дэмжлэг үзүүлэхээ тэрбээр тэмдэглэлээ.Түүнчлэн айлчлалын хүрээнд талууд Стратегийн гуравдагч хөршийн түншлэлийн эдийн засгийн хамтын ажиллагааны тухай Замын зураглал байгуулсан нь хоёр улсын эдийн засгийн хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргаж, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд чухал хувь нэмэр оруулж, Агаарын тээврийн тухайхэлэлцээр нь хоёр улсын иргэд хоорондын харилцаа, аялал жуулчлал, бизнесийн хэлхээ холбоог бэхжүүлэхэд ихээхэн ач холбогдолтой болохыг харилцан нотлов.
Ерөнхий сайд НАСА-д зочлов
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ АНУ-ын Сансар судлал сансрын удирдлагын газар (НАСА)-т зочилж, тус байгууллагын дэд дарга, сансрын нисгэгч хатагтай П.Мэлрой, АНУ-ын Үндэсний сансрын зөвлөл (ҮСЗ)-ийн нарийн бичгийн дарга Ш.Пираг болон НАСА, ҮСЗ, Төрийн департаментын ахлах албан тушаалтнуудтай уулзав.Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Сансрын зөвлөлийн Ерөнхийлөгчийн албыг давхар хашдаг АНУ-ын Дэд Ерөнхийлөгч К.Харристай Монгол, Америкийн сансрын хамтын ажиллагааг хөгжүүлэх асуудлаар санал солилцсоноо тэмдэглээд энэ хүрээнд НАСА-тай нягт хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлэв.АНУ-ын ҮСЗ-ийн зүгээс сансрын салбарт Монгол Улсын Засгийн газартай иж бүрэн, өргөн хамтын ажиллагааг хөгжүүлэхийн төлөө байгаагаа илэрхийлээд “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын хүрээнд сансар судлалын чиглэлд хамтран ажиллах олон боломж байгааг илэрхийлэв.