Базарбямбын НЯМСҮРЭН
БНЭУ-д айлчилж буй Монгол Улсын гурав дахь ерөнхийлөгч Н.Энхбаярыг БНЭУ-ын Дээд шүүхийн дарга Дананжаяа Чандрачуд хүлээн авч уулзлаа. 1959 онд төрсөн тэрбээр Делигийн их сургуулийг төгссөн бөгөөд Харвардын их сургуульд Хууль зүйн ухааны докторын зэрэг хамгаалжээ. Харин 2016 онд тус улсын Дээд шүүхийн шүүгчээр, 2022 оноос Дээд шүүхийн даргаар тус тус томилогдсон байна.
БНЭУ өнгөрсөн зургадугаар сараас эхлэн хүн амын тоогоор дэлхийд тэргүүлж эхэлсэн. Тиймээс дэлхийн хамгийн олон хүн амтай энэ улсын дээд шүүхийг хариуцаж, хүний эрх эрх чөлөөг сахин хамгаалах нь амаргүй үүрэг ч үнэнч шударга зан, төрийн хүний ажилдаа хандах хариуцлага түүний гол зарчим бөгөөд эдгээрийг ааваасаа өвлөсөн гэдгээ ярьж байлаа. Сонирхуулахад, түүний аав Иешвант Чандрачуд нь Энэтхэг улсын түүхэнд хамгийн олон жил Дээд шүүхийг тэргүүлсэн нэртэй хуульч юм. Энэтхэгийн Үндсэн хууль дэлхийн хамгийн дэлгэрэнгүй хууль гэгддэг. Мөн энэ хэрээр 130 гаруй удаа өөрчлөлт орж байсан түүхтэй болохыг тус улсын төрийн архив гэж хэлж болох Ерөнхий сайд нарын музейд зочлох үеэр бидэнд танилцуулж байсан юм.
Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр Үндсэн хуулийн шинэчлэн найруулах төсөлд ажиллаж байгаагийн хувьд тус улсын Үндсэн хуулийн өөрчлөлтүүдийн талаар сонирхон асууж байлаа. Энэ үеэр бид БНЭУ-ын Дээд Шүүхийн дарга Дананжаяа Чандрачудаас цөөн асуултад хариулт авсан юм.
Дананжаяа Чандрачуд: Энэтхэг Үндсэн хуульд өөрчлөлт оруулахдаа суурь зарчмуудыг хөнддөггүй
-Хоёр орны дээд шүүхийн өнөөгийн харилцаа хэр ойр гэж та үздэг вэ?
-Юуны өмнө Монголын уншигчдад хандаж мэнд хүргэхийг хүсч байна. Монгол Улсын Ерөнхий сайд, Их хурлын дарга болон Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан эрхэм зочныг хүлээн авч уулзаж байгаа нь бидний хувьд нэр төрийн хэрэг юм. Монгол-Энэтхэг хоёр улс эртний сайхан харилцаатай. Энэ харилцаанд хоёр орны шүүх, эрх зүйг сахин хамгаалдаг шүүгч нарын харилцаа ч орно гэж боддог. Тиймээс хоёр улсын хоорондын Дээд шүүхийн хамтын ажиллагааг улам нэмэгдүүлэхэд бүх талаар идэвхтэй оролцох боломжтой.
-БНЭУ-ын Дээд шүүхийн ялгарах гол онцлог гэвэл та юуг нэрлэх вэ?
-Энэтхэгийн дээд шүүх бол нэг талаар Үндсэн хуулийг сахин хамгаалах үүрэгтэй. Тэр дундаа ардчиллыг баталгаажуулах нэг үүрэгтэй гэдгийг би онцолмоор байна. Зөвхөн өнгөрсөн долоон сарын хугацаанд бид 29 мянган кэйсийг хүлээн авч шийдвэрлэлээ. Эдгээрийн дийлэнх нь Үндсэн хуульд заасан хүний эрх, иргэний эрх, улс төрийн хууль тогтоомжуудтай холбоотой байлаа.
-Үндсэн хуульдаа 130 гаруй удаа нэмэлт өөрчлөлт оруулсан гэж сонсч байсан. Эдгээр нэмэлт өөрчлөлтүүдийн гол ололт юу байв?
-Мэдээж цаг хугацааны явцад нийгмийн сайн сайхны төлөө учраас Үндсэн хуульд өөрчлөлт оруулах шаардлага гардаг. Гэхдээ эдгээр өөрчлөлтүүдийг хийхдээ бид Үндсэн хуулийн гол амин сүнс болсон хүний үндсэн эрх, эрх чөлөө, хувь хүний эрх, шашин шүтэх, үг хэлэх эрх зэрэг үндсэн эрхүүдийг хөнддөггүй. Эдгээр нь манай шүүгч нар болон Дээд шүүхийн хамгаалах ёстой чухал Үндсэн хуулийн үнэт зүйлс юм. Дээд шүүх нь шүүх засаглалаас гадна Үндсэн хуулийг сахин хамгаалдаг.
“Буддын шашныг анагаахын шинжлэх ухаантай хослуулж судлахыг зорьж байна”
Мөн Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр Дели хотод байрладаг Олон улсын Буддын шашны холбоонд зочиллоо. Уулзалтад Монгол Улсаас Энэтхэгт суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Д.Ганболд болон Элчин зөвлөх Л.Өлзийт нар оролцлоо.
Тус холбоо нь дэлхий дахинд суугаа буддын шашинтнуудыг нэгтгэсэн анхны холбоо бөгөөд дэлхий дахины буддын шашинтнуудын чуулга уулзалтыг зохион байгуулдаг уламжлалтай. Энэхүү чуулганд дэлхийн өнцөг булан бүрт байх буддын шашны олон төлөөлөл тэр дундаа залуу лам нар ирж оролцдог. Энэ жилийн чуулган өнгөрсөн дөрөвдүгээр сард Дели хотноо болсон юм.
Олон улсын буддын шашны холбоо нь орчин үеийн буддын шашны хөгжлийг тодорхойлох, тэр дундаа дэлхийн өнцөг булан бүрт байгаа залуу лам нарыг чадавхижуулах, тэдний академик боловсролыг дээшлүүлэх чиглэлд санаачлагатай ажилладаг. Тиймээс ч гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаярын хувьд бурхны шашныг орчин үеийн залуучуудад зөвөөр ойлгуулан таниулах, цаашлаад бурхны сургаалийг эх хэл дээрээ ойлгож суралцах чиглэл рүү илүүтэй анхаарвал зүйтэй гэсэн саналаа хэлж байв.
2013 онд анхны чуулганаа зохион байгуулж байсан энэхүү байгууллага 10 жилийн түүхэн ойдоо зориулан олон улсад томоохон арга хэмжээ зохион байгуулсан байна. Бакула Ринбүүчи багшийн дурсгалд зориулан нэвтрүүлэг бүтээж байгаагаа гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаярт танилцуулсан юм. Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр олон шашныг тэр дундаа бурхны шашныг илүүтэй судалж, сонирхдог. Мөн тэрбээр, Бакула Ринбүүчийг амьд сэрүүн ахуйд багшаа хэмээн хүндэтгэдэг, ихэд ойрын харилцаатай байсан билээ. Тиймээс ч түүний талаар дэлгэрэнгүй нэвтрүүлэг хийж бүтээсэн үйлсийг нь мөнхөлж байгаад талархал илэрхийлж байлаа. Олон улсын буддын шашны холбооны тэргүүн Абхижит Халтер болон гурав дахь ерөнхийлөгч Н.Энхбаяр нар Бакула Ринбүүчийн талаар олон сайхан дурсамжийг хуучлан ярьцгаав.
БНЭУ-аас манай улсад суух Элчин сайдаар ажиллаж асан Бакула Ринбүүчи багшийг мэдэхгүй хүн үгүй, Монголын ард түмэн түүнийг үргэлж дурсан санаж байдаг. Ардчилал эхэлсэн 1990 оноос хойш 10 жилийн турш Монгол Улсад Элчин сайдаар ажилласан тэрбээр буддын шашныг түгээн дэлгэрүүлэх, хөгжүүлэхэд төдийгүй хоёр орны харилцаанд ч үнэлж баршгүй хувь нэмэр оруулсан байдаг. Одоо ч түүний анх үүсгэн байгуулсан Бэтүб хийд олон монгол лам нарыг сургахын зэрэгцээ сүсэгтэн олны зорин очдог мөргөлийн газар хэвээр юм.
Олон улсын буддын шашны холбооны тэргүүн доктор Абхижит Халтер:
-Буддын шашныг нэгэн мод гэж үзвэл улс орон бүрт дэлгэрсэн бурхны шашин бол салбар, мөчир юм гэж зүйрлэж болно. Бидний хувьд бурхны шашныг нэгтгэсэн олон үйл ажиллагааг тогтмол зохион байгуулдаг. Мөн сүүлийн үед шинжлэх ухаантай хэрхэн уялдуулах тал дээр багагүй анхаарч ажиллаж байна. Жишээлбэл, нейросайнс буюу тархи, мэдрэлийн үйл ажиллагааг судладаг анагаахын шинжлэх ухаан болгон бурхны шашны онолтой хамтатган зарим өвчин, тархи мэдрэлийн гаралтай хямралыг шинжлэх ухаанчаар харж, шашин талаас анагаах боломжтой эсэхийг судлаж байна. Эпилипси болон өөр бусад өвчний үед ямар өөрчлөлт явагддаг, илрэх шинж тэмдэг болон түүнийг шинжлэх ухаан, шашин хослуулж анагаах боломжтой зэргийг эсэхийг судлах зэргээр залуу лам нарт мэдлэгт суурилсан боловсрол олгоход багагүй анхаарч байна” гэлээ.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2023 ОНЫ НАЙМДУГААР САРЫН 14. ДАВАА ГАРАГ. № 159 (7144)