Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр БНЭУ-ын “ICCR”  олон улсын хамтын ажиллагааны байгууллагын урилгаар тус улсын Дели, Амритсар, Бенгалор хотуудад айлчиллаа. Айлчлалын хүрээнд БНЭУ-ын Гадаад харилцааны сайд С.Жайшанкар болон Хууль зүйн сайд Аржун Мехал нартай уулзсан. Мөн Ж.Неругийн их сур­гуульд зочилж, лекц уншиж Энэтхэг улсад суралцаж буй оюутнуудтай уулзсан билээ. Энэхүү айлчлалын  үеэр Энэтхэгийн wionews.com видео мэдээллийн сувагт дэлгэрэнгүй ярилцлага өгснийг орчуулан хүргэж байна.

 

Ярилцлагын үеэр Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Намбарын Энхбаяр Монгол улсын эдийн засгийн бие даасан байдлыг хангахад оруулж буй Энэтхэг улсын хувь нэмрийг өндрөөр үнэлжээ.

Дипломат албаны сурвалжлагч Сидхант Сибалтай ярилцахдаа Монголын эрчим хүчний салбарыг хөгжүүлэхэд Энэтхэг улс чухал үүрэг гүйцэтгэж байгааг онцлоод, тус улсад анхны газрын тос боловсруулах үйлдвэр барихад Энэтхэг улс 1.2 тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээл олгосон тухай дурджээ.

“Уг төсөл хэрэгжиж эхэлснээр бид дотооддоо түлшний хангамжтай болж, илүү бие даана. Монгол Улсын инновацын хөгжилд тусалж дэмжиж буй Энэтхэгийн анд нөхдөдөө чин сэтгэлээсээ талархаж байна. Уг төсөл нь гадаад улс орнуудын Монгол Улсад хэрэгжүүлж буй томоохон төслүүдийн нэг” гэж тэрбээр хэлсэн байна.

Газрын тос боловсруулах үйлдвэр барих санаачилга нь Монгол Улсын БНХАУ, ОХУ-аас импортлох шатахууны хамаарлыг бууруулах зорилготой. Монгол, Энэтхэг хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ой тохиох 2025 онд уг үйлдвэр ашиглалтад орно.

Мөн Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр “Энэтхэг улсыг Монгол улсын “оюун санааны гуравдагч хөрш” хэмээн тодорхойлж, Бурханы шашины сургаал номыг түгээн дэлгэрүүлэх эртнээс хамтарч ирсэн түүхийг онцлоод, орчин үед бүхий л чиглэлээр хамтран ажиллах боломжтой тухай дурджээ. “Монгол Улсад Бурханы шашин гол шашин шүтлэг болж хөгжсөн. Монголчууд бид Энэтхэгчүүдийг оюун санааны хөршөө гэж үздэг. Тийм ч учраас Монголчууд Энэтхэг орныг ариун дагшин газар орон гэж үздэг, очиж үзэх чин хүсэлтэй байдаг” тухай мөн хэлээд тус улсын Хятад, Орос улстай харилцах харилцааны талаар ярьжээ.

Wionews: -Таны Энэтхэгт хийж буй айлчлалын гол зорилго юу вэ?

Намбарын Энхбаяр: -Энэтхэг, Монголын харилцаа олон зуун жилийн өмнөөс эхтэй. Монгол Улсад Бурханы шашин томоохон шашин болж хөгжсөн учраас бид Энэтхэг орныг оюун санааны хөршөө гэж үздэг. Тийм ч учраас монгол хүн бүр Энэтхэгийг ариун дагшин орон гэж бодож, ирж үзэх чин хүсэлтэй байдаг. Энэтхэгийн тухай ойлголт дээрээ үндэслэн Монгол Улс XXI зуунд Энэтхэгтэй иж бүрэн, бүх талын харилцаа тогтоож хөгжүүлэх ёстой гэж бодож байна. Бид оюун санааны харилцаанаас гадна эдийн засаг, боловсрол, аюулгүй байдал болон анагаах ухааны салбарт эрчимтэй хамтран ажиллах боломжтой. Монгол Улс энэ харилцааг гуравдагч хөрштэйгөө тогтоон хөгжүүлэх харилцаа гэж тодорхойлж үздэг. Монгол Улс газарзүйн хувьд хойгуураа ОХУ, урдуураа Хятад улстай хиллэдэг.  Хоёр хөрштэй улс. Гэхдээ хүн бүр харилцан хамааралтай болсон орчин үеийн ертөнцөд дэлхийн аль ч улс орны амжилт зөвхөн хөрш зэргэлдээх улс орнуудаас бус бусад улс орнуудаас хамаардаг болоод байна гэж бид үздэг. Тийм ч учраас бид гуравдагч хөршийн тухай ойлголт боловсруулж баримтлах болсон. Гэхдээ олон зуун жилийн оюун санааны харилцаатай байсан гэдэг утгаараа Энэтхэг улс бол яалт ч үгүй манай Монгол Улсын гуравдагч хөрш юм. Эдүгээ Энэтхэг улс эдийн засаг, оюун санаа болон геополитикийн хувьд улам хүчирхэгжиж байна. XXI зууныг манай хоёр улсын хувьд бүх талын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх таатай сайхан цаг үе гэж үзэж байна. Би Ерөнхий сайд Атал Бихари Важпигийн урилгаар 2003 онд танай сайхан улсад айлчилж байсан. Тус айлчлалын үеэр бид хоёр орны харилцааг стратегийн түвшинд хүргэхийн зэрэгцээ уламжлалт харилцаагаа улам тодотгон бататгасан. Тэр айлчлалын үеэр бид маш олон чухал баримт бичигт гарын үсэг зурсан. Ерөнхий сайд Моди 2015 онд Монгол Улсад айлчилсан Энэтхэгийн анхны Ерөнхий сайд бөгөөд 2015 онд хийсэн түүний энэ айлчлал нь Монгол Улсын хувьд маш өндөр ач холбогдолтой болсон. Энэтхэг улсаас Монгол Улсад газрын тос боловсруулах үйлдвэр барих 1.2 тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээл олгохоор шийдвэрлэсэн. Энэ үйлдвэр ашиглалтад орсноор Монгол Улс Орос, Хятадын түлш шатахууны хамааралаас чөлөөлөгдөх юм. Энэ боловсруулах үйлдвэр 2025 онд буюу манай хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ой тохиох жил ашиглалтад орно. Монгол  Улс түлш шатахууныхаа 90 хувийг ОХУ-аас импортлодог, тэгэхээр 2025 оноос эхлэн Монгол Улс ямар нэг хэмжээгээр эдийн засгийн хувьд бие дааж, маневр хийх боломжтой болно гэсэн үг. Тийм ч учраас чухам харилцааг эрчимжүүлэхийг хичээж байна. Энэ зорилгын хүрээнд Энэтхэг, Монголын Засгийн газрын хамтарсан комиссын дарга бөгөөд Гадаад хэргийн сайдтай уулзахаар би ирсэн. Ноён Жайшанкарын удахгүй Монголд хийх айлчлал нь манай маш ойр дотно харилцааг улам бататгаж өргөжүүлнэ гэж найдаж байна.

Wionews: -Та Бурханы шашин шүтдэг хүн.  Бурханы шашиныг түгээн дэлгэрүүлэхэд гүйцэтгэж буй Энэтхэгийн үүргийг та хэрхэн дүгнэж байна вэ?

Намбарын Энхбаяр: -Энэтхэг бол Бурханы шашины өлгий орон. Бурханы шашинтай орон гэдгээ дэлхий дахинд бататгахыг хичээдэг. Тийм ч учраас ноён Моди болон тус улсын бусад тэргүүлэх удирдагчид Энэтхэгийн энэ үзэл баримтлал, байр суурийг дэлхийд таниулахын тулд нэлээд өргөн хүрээнд идэвхитэй үйл ажиллагаа явуулж байна гэж би боддог. Дэлхий дахинаа үйл ажиллагаа явуулдаг Энэтхэгийн Бурханы шашины байгууллагуудын зохион байгуулдаг хурал, уулзалтад Монголын сүм хийдийн тэргүүд, лам нар бас оролцдог. Бурханы шашин биднийг нэгтгэдэг, энэ нь маш чухал гэж би боддог. Бурханы шашин Энэтхэгчүүдийн гол шашин болох Хинду шашинаас гаралтай. Тийм ч учраас манай хоёр орны ард иргэд Бурханы шашин болон Хинду шашины нарийн уялдаа холбоог таньж мэддэг, энэ нь та бидний харилцаа, хамтын ажиллагаатай холбоотой аливаа асуудлыг хэлэлцэж шийдвэрлэхэд илүү хялбар болгодог гэж үздэг. Тэгэхээр Бурханы шашинтай, хүн амын дийлэнх нь Бурханы шашинаа шүтэж эрхэмлэдэг Монгол Улс Энэтхэг улсын хувьд найдвартай, сайн түнш нь юм.

Wionews: -Та газрын тос боловсруулах үйлдвэрийн талаар ярилаа.  Энэ бол Энэтхэг улсаас танай улсад хэрэгжүүлж буй томоохон төсөл. Энэтхэгээс танай улсын дэд бүтцэд үзүүлж буй тусламж, дэмжлэгийн талаар та ямар бодолтой байдаг вэ. Шинэ Делигээс танай улсад илүү олон төсөл хэрэгжүүлэх талаар та ямар хүлээлт, байр суурьтай байна вэ?

Намбарын Энхбаяр: -Энэ төсөл бол маш чухал төсөл, амжилттай болно гэж найдаж хүлээж байгаа. Өмнө нь хэлсэнчлэн энэ төсөл хэрэгжиж үйлдвэр ашиглалтад орсноор бид, Монгол Улс түлш, шатахууны тал дээр нэлээн бие даасан, хараат бус болно. Үүний зэрэгцээ Энэтхэг улс Монголын инновацыг дэмжиж тусалж буйд бид Энэтхэг анд нөхдөдөө маш их талархалтай хандаж байгаа. Энэ төсөл гадаад улс орнуудаас Монголд хэрэгжүүлж буй томоохон төслүүдийн нэг. Тэгэхээр Энэтхэг улс Монгол Улсын хөгжлийг эрчимжүүлэх асар өндөр ач холбогдолтой төсөл хэрэгжүүлсэн нь бусад улс орнуудад маш сайн үлгэр боллоо гэж бодож байна. Магадгүй, Гадаад хэргийн сайд, Доктор Жайшанкарын айлчлалын үеэр бид хоёр дахь том төслийн талаар ярьж эхэлнэ гэж найдаж байна. Энэ хоёр дахь төсөл нь дэд бүтэц, хөдөө аж ахуйн хөгжил, мэдээллийн технологийн хамтын ажиллагаатай холбоотой байж болох юм. Тэгэхээр манай хоёр орон хөгжин цэцэглэх асар их боломжтой. Мэдээж Энэтхэгийн бодит, үнэ цэнтэй тусламж дэмжлэгийг авч байгаа нь Монгол Улсын хувьд асар их завшаан юм.

Wionews: -Та ярилцлагын эхэнд хоёр улсын аюулгүй байдлын хамтын ажиллагааны талаар ярьсан. Хоёр улс батлан хамгаалах салбарт ч хамтран ажилладаг. Хэдхэн долоо хоногийн өмнө “Нүүдэлчин Заан” дадлага сургуулилт болсон. Аюулгүй байдал, батлан хамгаалах талын хамтын ажиллагааг цаашид хэрхэн хөгжинө гэж та бодож байна вэ?

Намбарын Энхбаяр: -Энэ дадлага сургуулилт нэлээн хэдэн жил дараалан болж байна. Бид энэ салбарт хамтран ажиллах бүрэн боломжтой, хоёр орны аюулгүй байдлын хамтын ажиллагаа амжилттай өрнөж чухал ач холбогдолтой хэвээр байна. Монголчууд бид мэдээлэл солилцох, мэдлэг, туршлагаа хуваалцахыг нэн чухал гэж үздэг.  Энэтхэг анд нөхөд ч мөн адил сонирхолтой байдаг гэдгийг бид мэднэ. Гуравдагч хөрштэй тогтоох хамтын ажиллагаанд аюулгүй байдлын хамтын ажиллагаа ч багтана. Энэ талын бидний хамтын ажиллагаа салбар чиглэлийн олон улсын байгууллага, НҮБ болон бусад олон улсын байгууллагын чиг үүргийн хүрээнд хөгжих хэрэгтэй.  Ингэсэн цагт бид бие биеэ дэмжих боломжтой болно. Энэтхэг орон энхийг эрхэмлэгч том улс. Энэтхэг улсын гадаад бодлогын үзэл баримтлал нь яриа хэлэлцээ, хэлэлцүүлэг өрнүүлж аливаа хүнд төвөгтэй асуудлыг шийдвэрлэхэд чиглэдэг. Манай улс энэ үзэл баримтлалыг бүрэн дэмждэг. Манай хоёр орны энэ салбарын яриа хэлэлцээ бусад улс орнуудын яриа хэлэлцээ болж өргөжин тэлж, улмаар аюулгүй байдлын үйл ажиллагаа эрчимтэй өрнөж сайн үр дүнд хүрнэ гэж найдаж байна.

Wionews: -Хятад улс танай хөрш. Монгол Улсын Хятадтай харилцах харилцааг та хэрхэн дүгнэж үздэг вэ.  Танай улсад хэрэгжүүлж буй төслүүдэд тус улсын гүйцэтгэх үүргийг та хэрхэн харж дүгнэдэг вэ. Хятад улс “Нэг зам Нэг бүс” төслийг нэлээн чухалчилж байгаа.  Тэгэхээр Бээжинтэй харилцах харилцааг та хэрхэн дүгнэж байна вэ?

Намбарын Энхбаяр: -Монголчууд, бид Хятад улсыг мөнхийн хөршөө гэж ярьдаг.  Учир нь бид ч тэр, Хятад ч тэр газар нутгаасаа нүүхгүй, нүүх боломжгүй. Энэ утгаараа мөнхийн хөршүүд. Энэ нь биднийг илүү хариуцлагатай болгодог. Хөрш улстайгаа найрсаг харилцаа, хамтын ажиллагаатай байх,  Хятад улсын бодлогыг бид сайшааж дэмждэг. Мөн Хятад улсын хэдэн жилийн өмнөөс баримтлан хэрэгжүүлж буй шинэчлэлийн бодлого, үйл явц нь манай улсын хөгжилд эерэгээр нөлөөлж байгаа гэж үздэг. Тэгээд ч аливаа улс орон гадаад худалдааныхаа 90 хувийг нэг улстай хийх нь өөрөө анхаарах ёстой асуудал. Тиймээс бид өөрсдөө илүү их бодох, ажиллах ёстой. Монгол Улс олборлосон түүхий эд, коксжих нүүрс, зэс, юу байна, бараг бүгдийг Хятадад нийлүүлдэг. Энэ бол асар том шийдэх ёстой асуудал. Монгол Улс Хятадын зах зээлд түүхий эд, бүтээгдэхүүн нийлүүлэхийн зэрэгцээ нутаг дэвсгэр дээрээ эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, худалдах бүрэн чадвартай болж хөгжихийг хүсэж зорьж байна. Энэ тал дээр Энэтхэг улсыг боломжит сайн түнш гэж үзэж байгаа. Мэдээллийн технологи, шинэ дэвшилтэт технологи, мөн түүхий эдээ боловсруулж, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, Хятадад төдийгүй Солонгос, Япон, Европ, АНУ-д борлуулдаг болохыг манай улс зорьж байна. Том улс орнууд бие биеэ нөхөж чаддаг. Тийм ч учраас Энэтхэг улстай харилцаж, хамтран ажиллах нь Монгол Улсыг хөгжлийн шинэ шатанд хүргэх маш чухал ач холбогдолтой гэж үзэж байна.

Wionews: -Саяхан Далай лам Монголын оюун санааны удирдагчийн хойд дүрийг тодруулсан. Энэ нь Монгол Улсын Хятадтай харилцах харилцаанд нөлөөлнө гэж та бодож байна уу.  Ийнхүү хойд дүрийг тодруулсан нь Хятад улсын эгдүүцлийг хүргэнэ гэж та бодож байна уу?

Намбарын Энхбаяр: -Аливаа улс орны итгэл бишрэл, шашинтай холбоотой ямар ч төрлийн асуудал тухайн улсын дотоод асуудал, дотоод хэрэг. Монголчууд бид Бурханы шашны уламжлалтай ард түмэн. Монгол Улсад Бурханы шашны гурван том давалгаа өрнөсөн. Эхлээд Төв Азиар, хоёрдугаарт,  Юань гүрний үед Бурханы шашныг төрийн шашин болгож зарлаж байсан.  Харин гуравдугаарт буюу XVI зуунд Төвөдийн Бурханы шашин Монголчууд дунд өргөн дэлгэрсэн. Тэр цагаас хойш олон зуун жил монголчууд Бурханы шашны нэг урсгал болох Төвөдийн Бурханы шашныг эрхэмлэн шүтэж ирсэн. Бурханы шашныг оюун бодол, сэтгэл хандлага, үйл хэрэгтээ амар амгаланг дадуулан орчин тойрон төдийгүй дэлхий дахинаа хүчирхийллээс ангид энх тайванг эрхшээн тогтоох итгэл үнэмшил, шашин шүтлэг гэж би үздэг. Монгол Улс Энэтхэг, Хятад, Япон, Солонгостой сайн түншийн харилцаатай байхыг хичээдэг. Бурханы шашин биднийг нэгтгэж чаддаг тул шашин шүтлэгийн ямар нэг асуудлаар зөрчилдөх шалтгаан гарахгүй гэж үзэж байна. Шашин шүтлэг биднийг нэгтгэх ёстой. Энх амгаланг эрхэмлэх Бурханы шашин биднийг нэгтгэж, харилцаа, хамтын ажиллагааг маань улам бэхжүүлж баяжуулна гэж үзэж байна.

Wionews: -Тэгэхээр миний сүүлийн асуулт танай улсын өөр нэг хөрш буюу ОХУ-ын талаар юм. ОХУ-ын Монголтой харилцах харилцаа, хамтын ажиллагааг та хэрхэн дүгнэж хардаг вэ.  Мөн Украины мөргөлдөөн танай улсад хэрхэн нөлөөлж байна гэж та бодож байна вэ?

Намбарын Энхбаяр: -Газарзүйн байршлын хувьд Украин улс манайхаас хол.  Тэгэхээр уг мөргөлдөөн манай улсад хэрхэн нөлөөлж байгааг шууд дүгнэж хэлэхэд төвөгтэй. ОХУ-тай харилцах харилцааны хувьд олон улс орон, олон тооны олон улсын байгууллага ОХУ-ын эсрэг хориг арга хэмжээ авсан, бид ч тэр хориг арга хэмжээг дагаж мөрдөх ёстой. Үүний зэрэгцээ ОХУ-ыг сайн хөршөө гэж хүлээн зөвшөөрдөг багагүй тооны хүн манай улсад бий. Учир нь сүүлийн бараг 100 гаруй жилийн хугацаанд Оросууд Монголчуудад тусгаар тогтнолоо бататгах, чанартай боловсрол, эмнэлгийн үйлчилгээ нэвтрүүлэх, хөгжүүлэх, зам, хот байгуулалтын, орон сууцжуулах зэрэг дэд бүтцийн олон төсөл хөтөлбөр хэрэгжүүлсэн. Тийм ч учраас Оросуудыг чухал хөрш, сайн хөрш гэж үнэлдэг хүмүүс олон. Тэгэхээр Орос, Украины хооронд дайн өрнөж буй энэ хүнд хэцүү цаг үед монголчууд бид энэ хоёр улсын хооронд энх тайван тогтохын төлөө залбирч хүлээж байна. Энэ дайнд хэн нэг нь ялна гэж найдаж болохгүй. Харамсалтай нь бүгд ялагддаг. Энэ дайныг яг энэ цаг мөчид, өнөө маргаашгүй хурдан дуусаж, аливаа зөрчил мөргөлдөөнийг энхийн замаар шийдвэрлээсэй гэж хүсэж байна. Монгол Улс энэ дайныг өнөө маргаашгүй нэн даруй дуусахыг хүсч байна.

Wionews: -Энэтхэг улс дэлхийн хамгийн том эдийн засагтай улс орнуудын бүлэг болох Их 20-ын бүлгийг (G20) даргалж байгаа. Бид ирэх сард дээд хэмжээний уулзалт зохион байгуулна. Дэлхийн өмнөд хагасын улс орнуудын байр суурийг дээд хэмжээний уулзалтын үеэр илэрхийлэх Энэтхэгийн үүргийн талаар та ямар бодолтой байна вэ?

Намбарын Энхбаяр: -Маш чухал үүрэг. Энэтхэг улс асар том, үнэн хэрэгтээ хамгийн том ардчилсан орон. Энэтхэг өөрийн өвөрмөц бие даасан иргэншил, ардчилсан замнал, туршлагатай. Тэгэхээр Энэтхэг улс дэлхийн өмнөд хэсгийн болон бусад улс орнуудыг дэлхийн тавцанд төлөөлөх, гаргах ёстой гэж би бодож байна. Энэтхэг улс Их 20-ийн уулзалтыг зохион байгуулж байгаад баяр хүргэе.  Дээд хэмжээний уулзалт амжилттай болно гэдэгт, мөн Энэтхэгийн дуу хоолой, Энэтхэгийн үйл ажиллагаа дэлхийд хүрнэ гэдэгт бүрэн итгэлтэй байна.

Эх сурвалж: “Зуны мэдээ” сонин

2023 ОНЫ НАЙМДУГААР САРЫН 11. БААСАН ГАРАГ. № 158 (7143)