Т.САЙХАН
Шинэ Хархорин хотын бүтээн байгуулалтын талаар БХБ-ын сайд Ц.Даваасүрэн мэдээлэл өглөө. Тэрбээр хотын төлөвлөлт хийх асуудлаар Астана, Дубай хотуудыг барьж байгуулахад оролцсон, Хятадын томоохон гүүр, барилгын байгууламжийн архитекторчидтой , уулзалт хийжээ.
Тэрбээр "Сүүлийн үед гадны компаниуд дагуулсан хүмүүс Хархорин хотыг бүхэлд нь бариад өгье, нисэх буудал болон хурдны галт тэрэгний замыг нь бариад өгье гээд гарч ирж, Ерөнхийлөгчтэй уулзъя гэдэг. Ерөнхийлөгч болон сайд нар гадны компанийнхантай уулзалт хийхдээ ГХЯ-тай зөвшилцөж, нэг цонхны бодлогоор харьцдаг.
Хархорин хот Улаанбаатар шиг төлөвлөлтгүй хот болохгүй. Хархорин хотыг байгуулах газраа сонгосон байгаа. Газрын геодезийн судалгааг хийж усны нөөц болон хот байгуулах хөрс шороотой эсэхийг тогтооно. Судалгааны ажлын дараа аль хэсэгт орон сууцны хороолол байх вэ гэдэг орон зайн төлөвлөлтийг хийх юм. Үүнд нэлээд хугацаа шаардана. Ингэсний дараа хөрөнгө оруулалт болон бүтээн байгуулалтын ажлууд хийгдэнэ.
Тэр үед хөрөнгө оруулалтыг агентлаг, яамдаар дамжуулан хийнэ. Гаднын компанийг том, жижиг гэж буруутгахгүй. Хэн нэгэн шантаажлаад Хархоринд газар авч, байшин бариад Улаанбаатар шиг хот босгох зүйл байхгүй. Олон улсын стандартын дагуу Хархорин хот байгуулагдана.
Бид хот байгуулж байсан туршлага муу учраас орчин үеийн архитектор болон төлөвлөгч нарын арга зүйгээс суралцах шаардлага бий. Астана хотыг байгуулахад оролцсон мэргэжилтнүүд гаргасан алдаагаа хэлж, давтахгүй байхыг зөвлөсөн. Бусдын сайн туршлагыг нэвтрүүлбэл цаг хугацаа хожиж, хөрөнгө мөнгө хэмнэх нөхцөл бүрдэнэ.
Хархорин хотыг байгуулах газраа сонгоод системээс газар олголтыг зогсоосон. Тэнд газар олголт хийгдэхгүй.
Уламжлалт ахуй соёлдоо түшиглэсэн, ухаалаг, ногоон хот гэсэн хослуулсан төлөвлөлтийг хийнэ. Төлөвлөлтийн хувьд олон улсын туршлагатай архитектор, компаниудтай хамтран ажиллана" хэмээн ярилаа.
Эх сурвалж:www.polit.mn