Б.НАНДИН
Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр БНЭУ-ын Гадаад харилцааны сайд С.Жайшанкар болон Хууль зүйн сайд Аржун Мехал нартай өчигдөр уулзлаа. Хоёр орны өнө эртний уламжлалт харилцаа жилээс жилд өргөжин тэлж стратегийн түншлэлийн харилцаанд хүрсэнд талархалтай байгаагаа С.Жайшанкар сайд илэрхийлсэн байна.
“Монгол Энэтхэг хоёр улс оюун санааны хөршүүд учир бид хоёр орны харилцаанд өндөр ач холбогдол өгдөг. Одоо хэрэгжиж байгаа газрын тосны салбарын хамтын ажиллагаанд сэтгэл хангалуун байгаа бөгөөд дараагийн томоохон төсөл юу байж болох тухай бид одооноос хэлэлцэж ярилцах нь зүйтэй” хэмээн тэрбээр онцоллоо.
Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр ирэх сард Дели хотноо болох G20-ийн уулзалтын бэлтгэлийг хангах завгүй өдрүүддээ цаг гарган хүндэт зочноор хүлээн авч байгаад талархаад энэ нь Монгол Улстай харилцах харилцаанд өндөр ач холбогдол өгч байгаагийн илрэл гэж ойлгож хүлээн авч байгаагаа илэрхийлэв.
Гадаад харилцааны сайдын уулзалтын дараа БНЭУ-ын Хууль зүйн сайд Аржун Махвел гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаярыг ажлын өргөөндөө хүлээн авч уулзлаа. Найрсаг дотно уур амьсгалтай болсон энэхүү уулзалтын үеэр тус улсын Хууль зүйн сайд Аржун Мехвал Үндсэн хууль, парламентын тогтолцоо болон Сонгуулийн тогтолцооны дэлгэрэнгүй танилцуулсан юм. БНЭУ-ын хувьд сонгодог буюу хоёр танхимт парламентын тогтолцоотой. Мөн дэлхийд хамгийн дэлгэрэнгүйд тооцогдох Үндсэн хуультай бөгөөд одоогоор 130 гаруй удаа Үндсэн хуульдаа нэмэлт өөрчлөлт оруулан сайжруулаад байгаа аж.
Тэрбээр Монгол Улсын Гурав дахь Ерөнхийлөгчид хандан таныг Үндсэн хуулийг шинэчлэн найруулах төсөл болосвруулах ажлын хэсгийг ахалж байгаа гэж сонссон. Тиймээс Үндсэн хуулийн өөрчлөлт болон парламентын тогтолцооны талаар шаардлагатай бол зөвлөмж санал өгөх боломжтой гэж Хууль зүйн сайд онцлов.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2023 ОНЫ НАЙМДУГААР САРЫН 9. ЛХАГВА ГАРАГ. № 156 (7141)