Төмөрбаатарын БАТСАЙХАН
АТГ-аас төрийн албан хаагчдын хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг олон нийтэд ил болгоод байна. Энэ удаа НИТХ-ын төлөөлөгчид 2022 онд хөрөнгөө хэрхэн мэдүүлснийг хүргэе. НИТХ 45 төлөөлөгчтэй, түүнээс дүүргийн Засаг даргаар ажиллаж байгаа есөн төлөөлөгчийн ХОМ-ийг өмнө нь хүргэсэн. Тэгвэл энэ удаа 36 төлөөлөгчийн “бэл бэлчин”-г цувралаар хүргэж байна.
Тэрбумтан төлөөлөгч
Б.Одсүрэн жилийн 2.3 тэрбум төгрөгийн орлоготой. Харин гэр бүлийн гишүүдээ 824 сая төгрөгийн орлоготой гэж мэдүүлжээ. 4.5 тэрбум төгрөгийн 16 үл хөдлөх хөрөнгөтэй. 50 сая төгрөгийн газартай бол гурван тэрбум төгрөгийн үнэт эдлэл, 5.7 тэрбум төгрөгийн хадгаламжтай, 4.6 тэрбум төгрөгийн авлагатай гэжээ. “Метро девелопмент” групп, “Даблью Эс И” Монголиа ХХК-д хувь эзэмшдэг байна.
55 сая төгрөгийн мал аж ахуйтай
Төлөөлөгч Г.Гангамөрөнгийн жилийн орлого нь 43 сая бол гэр бүлийнх нь гишүүдийн орлого 102 сая төгрөг байна. 115 сая төгрөгийн үнэлгээтэй нэг үл хөдлөх хөрөнгөтэй. 90 сая төгрөгийн үнэтэй Lexus 570 маркийн автомашин эзэмшдэг. 55 сая төгрөгийн мал аж ахуй, 20 сая төгрөгийн газартай бол 25 сая төгрөгийн хадгаламжтай гэж мэдүүлжээ. “Би Эм Эн Би” ХК-ийг 100 хувь эзэмшдэг байна.
Хоёр тэрбумын үл хөдлөх хөрөнгө эзэмшдэг
П.Ганзориг жилийн 34 сая төгрөгийн орлоготой. Гэр бүлийн гишүүдийн орлого нь 39 сая төгрөг байна. Хоёр тэрбум төгрөгөөр үнэлэгдэх таван үл хөдлөх хөрөнгөтэй. Nissan маркийн хоёр автомашинаа тавин сая төгрөгөөр үнэлжээ. 410 сая төгрөгийн мал аж ахуй, 100 сая төгрөгийн газартай байна. 70 сая төгрөгийн үнэт эдлэл, 188 сая төгрөгийн хадгаламж, 620 сая төгрөгийн авлагатай гэжээ. “Тесла Сэйлс Монголиа” ХХК, “Их Эрин Трейдинг” ХХК, “Их Эрин Холдинг” ХХК, “Их Эрин Капитал” ХХК, “Их Эрин Капитал” ХХК, “Гэрэгэ Менежмент” ХХК-д хувьцаа эзэмшдэг гэжээ.
“Инвескор” ББСБ-д хувь эзэмшдэг
Төлөөлөгч Д.Гантулгын жилийн орлого нь 45 сая бол гэр бүлийнх нь гишүүдийн орлого 116 сая төгрөг байна. 768 сая төгрөгөөр үнэлэгдэх хоёр үл хөдлөх хөрөнгөтэй. “Lexus 570” маркийн автомашинаа 60 саяар үнэлжээ. 10 сая төгрөгийн үнэт эдлэлтэй, есөн сая төгрөгийн хадгаламжтай бол “Сентрал Экспресс Си Ви Эс” ХК, “Гэрэгэ Партнерс” ХХК, “Гэрэгэ Валюэшн” ХХК, “Соларис Солюшнс” ХХК, “Гэрэгэ Эстимэйт” ХХК, “Иншүртек” ХХК, “Гэрэгэ Партнерс” ХХК, “Инвескор” ББСБ-д хувь эзэмшдэг гэжээ.
260 сая төгрөгийн авлагатай
М.Говьсайханы жилийн орлого 41 сая, гэр бүлийнх нь орлого 10 сая төгрөг хэмээн мэдүүлжээ. Тэрбээр 1.1 тэрбум төгрөгийн дөрвөн үл хөдлөх хөрөнгөтэй, 40 сая төгрөгөөр үнэлэгдэх Mazda маркийн автомашин эзэмшдэг. 20 сая төгрөгийн газартай бол, 50 сая төгрөгийн үнэт эдлэлтэй. Зургаан сая төгрөгийн хадгаламж, 260 сая төгрөгийн авлагатай байна. “Тресинг монгол” ХХК, Хүрэл роуд констракшн ХХК-д хувь эзэмшдэг байна.
163 сая төгрөгийн малтай төлөөлөгч Д.Ихбаяр
Тэрбээр жилийн орлогоо 12 сая гэж мэдүүлжээ. Харин гэр бүлийн гишүүд нь 150 сая төгрөгийн орлоготой. 630 сая төгрөгийн үл хөдлөх хөрөнгөтэй, 163 сая төгрөгийн мал аж ахуй эрхэлдэг. 75 сая төгрөгийн газартай бол 179 сая төгрөгийн авлагатай мэдүүлжээ. “Ногоон констракшн" ХХК-д хувьцаа эзэмшдэг байна.
“Си Юу” сүлжээ дэлгүүртэй төлөөлөгч
Төлөөлөгч Б.Мөнхбатын жилийн орлого 240 сая төгрөг бол гэр бүлийн гишүүд нь 472 сая төгрөг олдог. 709 сая төгрөгөөр үнэлэгдэх үл хөдлөх хөрөнгөтэй бол 978 сая төгрөгийн мал аж ахуй, дөрвөн сая төгрөгийн газартай байна. Мөн 88 сая төгрөгийн үнэт эдлэл, 108 сая төгрөгийн хадгаламжтай, “Түмний хурд гал уяа” нөхөрлөл, Сүү ХК, Си Юу сүлжээ дэлгүүрт хувь эзэмшдэг байна.
84 сая төгрөгийн газартай
Төлөөлөгч Б.Мөнхцэцэгийн жилийн орлого нь 49 сая бол гэр бүлийн гишүүд нь 34 сая төгрөгийн орлоготой. 203 сая төгрөгийн үл хөдлөх хөрөнгө эзэмшдэг. Lexus, 470 маркийн автомашинаа 30 сая төгрөгөөр үнэлжээ. 84 сая төгрөгийн газартай бол хоёр сая төгрөгийн хадгаламжтай гэж мэдүүлжээ.
“Төгс сувд” ХХК-ийг 100 хувь эзэмшдэг
Төлөөлөгч Ч.Мэндбаяр жилд 60 сая төгрөгийн орлоготой. Харин гэр бүлийн гишүүдээ 679 сая төгрөг олдог гэж мэдүүлжээ. 680 сая төгрөгийн үл хөдлөх хөрөнгөтэй. 200 сая төгрөгөөр үнэлэгдэх Toyota, Land Cruiser -200 маркийн автомашинтай. 415 сая төгрөгийн мал аж ахуй эрхэлдэг бол 47 сая төгрөгийн үнэт эдлэл, 55 сая төгрөгийн газартай гэжээ. 68 сая төгрөгийн хадгаламжтай, “Төгс сувд” ХХК-ийг 100 хувь эзэмшдэг гэжээ.
10 сая төгрөгөөр үнэлэгдэх хурдан удмын хоёр адуутай
Төлөөлөгч Б.Мягмарын жилийн орлого нь 33 сая бол гэр бүлийн гишүүд нь 78 сая төгрөгийн орлоготой. 141 сая төгрөгийн үл хөдлөх хөрөнгөтэй бол 138 сая төгрөгөөр үнэлэгдэх Landcruiser Standart, Тусгай зориулалтын Hino Ranger- 1 маркийн автомашинтай. 10 сая төгрөгөөр үнэлэгдэх хурдан удмын хоёр адуутай. 28 сая төгрөгийн хадгаламжтай, 23 сая төгрөгийн газартай гэж мэдүүлжээ. “Дайрбор хайрхан” ХХК, “Атилла” групп ХХК-д хувьцаа эзэмшдэг байна.
Долоон компанитай төлөөлөгч
Төлөөлөгч П.Наранбаярын жилийн орлого 71 сая бол гэр бүлийн гишүүд нь 59 сая төгрөг олдог байна. 680 сая төгрөгөөр үнэлэгдэх үл хөдлөх хөрөнгөтэй. Toyota, Prado 150 маркийн автомашин эзэмшдэг. 256 сая төгрөгийн газартай бол 16 сая төгрөгийн үнэт эдлэл 10 сая төгрөгийн хадгаламжтай гэж мэдүүлжээ. “Дижитал солюшнс” ХХК, “Коллпро” ХХК, “Фаро Текнологи Солюшн” ХХК, “Оюуны хүрээ” ХХК, “АНТ” ХХК, “Даян шийдэл” ХХК, “Фэликс Нэтворк” ХХК-д хувь эзэмшдэг байна.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2023 ОНЫ НАЙМДУГААР САРЫН 9. ЛХАГВА ГАРАГ. № 156 (7141)