Б.НАНДИН

 

Бүгд Найрамдах Энэтхэг улсын дэд ерөнхийлөгч бөгөөд Парламентын дээд танхим Ражья Сабхагийн дарга Жагдийп Данкар Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаярыг өнгөрсөн бямба гарагт Дели хот дахь өргөөндөө хүлээн авч уулзлаа. Уулзалтад Монгол Улсаас БНЭУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Д.Ганболд болон Энэтхэгийн Засгийн газар, парламентын гишүүдийн төлөөлөл оролцов.

Энэ үеэр гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр Их хурлын дарга Г.Занданшатарын парламентын дээд танхимын даргад илгээсэн албан захидлыг гардуулан өгсөн юм. 

Гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр хамгийн сүүлд 2003 онд Ерөнхий сайдын хувиар айлчилж байсан бол 20 жилийн дараа дахин Дели хотод айлчилж буй юм.

БНЭУ нь дээд болон доод хоёр парламентын танхимтай. Дээд танхим Ражья Сабха нь 245 гишүүнтэй бол доод танхим Лок Сабха нь 543 гишүүнтэй бөгөөд ард түмнээс сонгогддог аж.

Өнгөрсөн сард тус улсын Парламентын доод танхимын дарга ноён Ом Бирла манай улсад албан ёсоор айлчилсан нь маш ач холбогдол өндөртэй айлчлал болсныг ноён дэд ерөнхийлөгч Жагдийп Данкар уулзалтын үеэр онцолжээ.

Монгол Энэтхэг хоёр улс 1955 онд дипломат харилцаа тогтоосон ч өнө эртний уламжлалт харилцаатай. Тиймээс ч хоёр орон оюун санааны хөрш хэмээн бие биенээ онцлон нэрлэдэг.

Цаашид стратегийн түншлэлийн харилцаагаа улам эрчимжүүлэх, боловсрол, соёл, хүмүүнлэгийн харилцааг өргөжүүлэх, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулахаар зорьж буй. Тиймээс ч 2015 онд Энэтхэгийн хөрөнгө оруулалтаар Монгол Улсад газрын тосны үйлдвэр барих  томоохон төслийг эхлүүлсэн. Энэхүү үйлдвэрийг байгуулахад тус улсаас манай улсад 1,23 тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээл олгоод байгаа. 2015 онд Ерөнхий сайд Н.Моди Монгол Улсад айлчлах үеэрээ нэг тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлийг олгох болсноо мэдэгдсэн бол 2019 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн айлчлалын үеэр хөрөнгө оруулалтыг 1,2 тэрбум ам.доллар болгон нэмэгдүүлсэн байна. Уулзалтын дараа гурав дахь ерөнхийлөгч Н.Энхбаяр тус улсын  ерөнхий сайд нарын түүхэн музейг үзэж сонирхлоо. Ерөнхий сайд Н.Мондигийн санаачлан байгуулсан энэхүү музейд БНЭУ-ын үе үеийн удирдагч нарын амьдралын түүхийг өгүүлж, эд зүйлсийг дэлгэн сонирхуулсан байлаа.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ НАЙМДУГААР САРЫН 7. ДАВАА ГАРАГ. № 154 (7139)