Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ АНУ-д албан ёсны айлчлал хийж байна. Айлчлалын хүрээнд наймдугаар сарын 2-ны өдөр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ АНУ-ын Дэд Ерөнхийлөгч Камала Харристай Цагаан ордонд албан ёсны хэлэлцээ хийв.  Хэлэлцээний өмнө Монгол, Америкийн Стратегийн түншлэлийн өнөөгийн байдал, харилцаа, хамтын ажиллагааны тэргүүлэх чиглэлийн талаар хоёр орны Засгийн газрын түвшинд анх удаа мэдэгдэл хийлээ. Энэ нь хоёр улсын харилцааны хувьд маш том мэдэгдэл, манай улс өмнө нь ингэж байр сууриа илэрхийлж байсан тохиолдол байхгүй юм байна. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Дэд Ерөнхийлөгч К.Харрис нар Монгол, Америкийн харилцаа Стратегийн түншлэл бэхжиж, хамтын ажиллагааны хүрээ улс төр, батлан хамгаалах, эдийн засаг,  боловсрол, хүмүүнлэгийн салбарт өргөжиж байгааг онцлон тэмдэглээд цаашид хоёр улсын хамтын ажиллагааг сансар судлал, цахим хөгжил, эрдэс баялаг, тээвэр, ложистик, цаг уурын өөрчлөлт зэрэг салбарт гүнзгийрүүлэн хөгжүүлэх талаар санал солилцлоо.Монгол Улсын эдийн засгийг төрөлжүүлэх хүрээнд талууд Стратегийн гуравдагч хөршийн эдийн засгийн замын зураглалыг шинэчлэн байгуулж байгаа нь хоёр улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа, АНУ-ын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ гэж үзэж байна. Түүнчлэн Агаарын тээврийн тухай хэлэлцээрийг байгуулж Монгол Улс, АНУ-ын хооронд 2024 оны хоёрдугаар улирлаас шууд нислэг үйлдэхээр болсноо мэдэгдлээ. Ингэснээр хоёр улс хоорондын бизнесийн харилцаа өргөжиж иргэд харилцан зорчих, аялал жуулчлалыг нэмэгдүүлэх боломж бүрдэж байна. Хэлэлцээний үеэр талууд ямар байр суурь илэрхийлснийг хүргэе.

 

АНУ-ын Дэд Ерөнхийлөгч К.Харрис: Сансрын хамтын ажиллагаагаар дамжуулан хоёр орны эдийн засгийн өсөлтийг нэмэх боломжтой

-Бид таны энэхүү айлчлалыг хүсэн хүлээж байлаа. Бидний хувьд манай хоёр орны харилцааг үргэлжлүүлэн бэхжүүлэх асуудлаар ярилцаж, санал солилцох олон зүйл байна. Монгол Улс нь өнгөрсөн 30 гаруй жилийн туршид Энэтхэг-Номхон далайн бүс нутаг дахь тулхтай ардчилсан улс, анд нөхөр байж ирсэн бөгөөд манай хоёр орны түншлэл нь бүс нутаг дахь тогтвортой байдал, хөгжил цэцэглэлийг хангахад тус дэм болж ирсэн. Америкийн ард түмний хувьд Энэтхэг-Номхон далайн бүс нутагт ирээдүй рүү харсан үлэмж ашиг сонирхол бий. Номхон далайн гүрэн гэдгээрээ бахархдаг манай орны хувьд Энэтхэг-Номхон далайн бүс нутаг нь нээлттэй, харилцан холбоотой, хөгжин цэцэглэсэн, аюулгүй болон бат бөх байх нь бидний ашиг сонирхолд чухлаар нийцэж байгаа юм. Ийм учир Ерөнхийлөгч Ж.Байден бид хоёр Энэтхэг-Номхон далайн бүс нутагт тус бүр гурван удаа айлчлаад байна. Түүнчлэн Дэд Ерөнхийлөгчийн хувиар миний бие тус бүс нутгийн 30 гаруй орны лидертэй айлчлах үеэрээ, олон улсын арга хэмжээнүүдийн хүрээнд болон та бидний ийнхүү уулзаж байгаа шиг Вашингтон хотноо тус тус уулзаж байсан болно. Ерөнхийлөгч бид хоёр албан үүргээ гүйцэтгэж эхэлсэн даруйдаа эл бүс нутаг дахь аюулгүй байдлын оролцоогоо нэмэгдүүлж, батлан хамгаалахын болон сөрөн зогсох үүрэг амлалтуудаа улам бүр бэхжүүлэхэд төвлөрөх зорилт тавин ажиллаж байна. Бидний хувьд тус бүс нутгийн болон Америкийн ард түмэнд өсөлт авчрахад чиглэсэн нэлээд амбицтай болон урагшаагаа харсан эдийн засгийн бодлогыг хэрэгжүүлж буй. Холбоотон, түнш орнуудын хамтаар бид хөгжил цэцэглэл, аюулгүй байдлын тулгуур болсон олон улсын дэг жаяг, хэм хэмжээг тус бүс нутагт болон дэлхий дахинд хамгаалж ирсэн. Энэтхэг-Номхон далайн бүс нутагт хийгдэж буй дээр дурдсан нийт ажил нь Байден-Харрис-ын Засаг захиргааны тэргүүлэх чиглэл болох бүс нутаг дахь холбоотны болон түншлэлийн харилцааг бэхжүүлэх бодлогын хүрээнд хийгдэж буй юм. Ерөнхий сайд аа, эдгээр нь бидний уулзалтын чухал сэдвүүд байх болно. Бидний хувьд Монгол, Америкийн стратегийн түншлэлийг үргэлжлүүлэн бэхжүүлэх, уур амьсгалын хямрал зэрэг дэлхий дахиныг хамарсан сорилтуудыг хамтран давахад хийгдэж ирсэн ажлаа үргэлжлүүлэх болон ардчилал, хүний эрхийг дээдлэн хамгаалах, олон улсын эрх зүйт тогтолцоонд учирч буй аюул заналхийлэл зэрэг сэдвээр ярилцах бодолтой байна.Өнөөдөр бид түншлэлийн хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэн өргөжүүлэхэд чиглэсэн дараачийн алхмуудын талаар ярилцахыг зарлаж байгаадаа таатай байна. Ялангуяа бид сансрын хамтын ажиллагаагаа хэрхэн бэхжүүлэх талаар ярилцах болно. Саяхан та бид хоёр шинэ эрин үе эхэлж байгаа талаар болон энэ нь таны хувьд, таны алсын зорилтод хэрхэн тусч буй талаар товч ярилцсан билээ. Сансрын хамтын ажиллагааг бэхжүүлэх нь мэдээж эдгээр сэдвийн нэг нь байх бөгөөд ялангуяа сансрын хамтын ажиллагаагаараа дамжуулан бид манай хоёр орны эдийн засгийн өсөлт, хөгжлийг хэрхэн бэхжүүлэх талаар ярих болно.Түүнчлэн бид Агаарын тээврийн хэлэлцээр байгуулж байгаа бөгөөд энэ нь АНУ, Монгол Улсын хооронд шууд нислэгтэй болох боломжийг нээх юм. Бидний зүгээс соёлын солилцоо, түүний дотор Монголд англи хэлний боловсролыг түгээхэд чиглэгдсэн дэмжлэгээ нэмэгдүүлэх болно.Монгол Улс дахь хөрөнгө оруулалт, хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлж, эдийн засгийн салбараа хөгжүүлэхэд чиглэсэн хүчин чармайлтуудыг хэрхэн дэмжиж болох талаар хамтран ярилцана. Эдгээр зүйл нь АНУ-ын зүгээс Монгол Улс болон бүс нутаг дахь манай анд нөхдийн төлөө тууштай байгаагийн илэрхийлэл юм” гэлээ.

 

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Монгол Улс зэс үйлдвэрлэгч дэлхийн эхний дөрвөн улсын нэг болно

- АНУ-ын түүхэн дэх хамгийн анхны эмэгтэй Дэд Ерөнхийлөгч тантай уулзаж байгаадаа баяртай байна. Монгол Улс, АНУ-ын хооронд 1987 онд дипломат харилцаа тогтоосон бөгөөд түүнээс хойш эрчимтэй өргөжин хөгжиж байна. Монголыг эзэн Чингис хааны өлгий нутаг, Их Монгол Улсын гайхамшигт түүх, ногоон тал нутаг болон мөнх хөх тэнгэр зэргээр хамгийн их мэддэг. 1990-ээд онд Монголын ард түмэн ардчилал, зах зээлийн эдийн засгийг сонгосон бөгөөд америкчууд биднийг “ардчиллын баянбүрд” хэмээн үздэгт бид баярладаг. Бидний хувьд АНУ нь стратегийн гуравдагч хөрш төдийгүй ардчиллын үнэт зүйлийг чиглүүлэгч алтан гадас юм. Энэ завшааныг тохиолдуулан ардчилсан шинэчлэлт хийх, зах зээлийн эдийн засгийг хөгжүүлэх, хүний эрх, эрх чөлөөг түгээн дэлгэрүүлэх үйлсийг дэмжсээр ирсэн америкийн ард түмэнд талархал илэрхийлье. Монголчууд бид ардчиллынхаа төлөө мөрөөдсөөр, тэмцсээр байх бөгөөд “Алсын хараа 2050” урт хугацааны хөгжлийн бодлогод туссан зорилтуудаа ирэх 30 жилийн туршид хэрэгжүүлэхийн төлөө хичээх болно. Өндөр технологийн шийдэл, хиймэл оюун ухаан, сансар болон уур амьсгалын өөрчлөлт, геополитик зэрэг дэлхий дахиныг хамарсан асуудлуудаар ярилцах болно. Эдгээр стратегийн баримт бичиг нь хоёр улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлж, АНУ-аас илүү их хөрөнгө оруулалт татахад чухал үүрэг гүйцэтгэх болно.Манай улс уул уурхайд голлон суурилсан эдийн засагтайг та мэдэх биз ээ.   Зэсийн хувьд бидэнд ирээдүй бий. Монгол Улс удахгүй зэс үйлдвэрлэгч дэлхийн эхний дөрөв улсын нэг болно. Цахилгаан машин, өндөр технологийн шийдлүүдэд нэн шаардлагатай тул Оюу Толгойн уурхайн зэс нь Монгол Улс төдийгүй дэлхий дахинд ач тусаа өгнө. Түүнчлэн энэ нь уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх амлалтын нэгэн хэсэг болж буй юм. Аялал жуулчлал, соёлын бүтээлч үйлдвэрлэл, ногоон эрчим хүч, хөдөө аж ахуй, түүний дотор ноолуур, тээвэр ложистик зэрэг уул уурхайн бус олон салбарт бидэнд мөн ихээхэн нөөц бий. АНУ нь монгол улсын эдийн засгийг төрөлжүүлэхэд дэмжлэг үзүүлэхээ илэрхийлж ирсэнд талархалтай байдаг. Монгол Улс далайд гарцгүй ч оюун сэтгэлгээний хувьд түгжигдмэл биш үндэстэн билээ. Монгол Улс нь далайд гарцгүй 40 гаруй улс орны нэг. Бид тээвэр, ложистикийн ихээхэн сорилттой нүүр тулдаг тул далайд гарцгүй улс орнуудын эдгээр асуудлыг олон улсын тавцанд гаргахад та бүхнээс дэмжлэг хүсч байна. Энэ удаагийн айлчлалаар манай хоёр Засгийн газар хооронд Агаарын тээврийн тухай хэлэлцээрт гарын үсэг зурна. Монгол, АНУ-ын хооронд 2024 оны хоёрдугаар улирлаас эхлэн шууд нислэгтэй болох гэж байгаад маш их баяртай байна. Энэ нь аялал жуулчлал, худалдаа, бизнес болон хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх томоохон боломж юм. Бид хөрөнгө оруулалт болон хувийн хэвшлийн түншлэлд зориулан хууль эрхзүйн орчноо сайжруулах, түүний дотор Үндсэн хуулийн реформ, цахим шилжилт болон авлигатай тэмцэх зэрэгт чиглэгдсэн олон алхмыг хийсэн. Монгол Улс сургалтын үндсэн гадаад хэлийг англи хэл байхаар саяхан хуульчилсан. Энэ нь тодорхой сорилт дагуулж ирсэн, энэ шийдэлд хүрэхийн тулд бид 20 гаруй жилийг зарцуулжээ. Энэ нь хойч үеийнхээ боловсролыг дэмжих томоохон алхам болсон гэдэгт итгэл төгс байна. Эдгээр амжилт нь гагцхүү АНУ зэрэг ардчиллыг удаан хугацаанд хөгжүүлж ирсэн улс орнуудтай хөгжүүлж буй түншлэлийн хүрээнд хадгалагдаж чадна. Миний бие Ерөнхий сайдын хувиар АНУ-д анх удаа айлчилж байгаадаа баяртай байна.” гэлээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ НАЙМДУГААР САРЫН 4. БААСАН ГАРАГ. № 153 (7138)