Т.САЙХАН

АН-аас өнөөдөр хэвлэлийн хурал зохион байгуулж,  Хөвсгөл аймгийн Хатгал тосгонд болсон Хангайн бүсийн эдийн засгийн форумд тавигдсан илтгэлүүдийн тухай мэдээлэл өглөө.

АН-ын Сургалт судалгааны газрын дарга Г.Дэнзэн "2023 оны долдугаар сарын 31-нд болсон Хангайн бүсийн "Эдийн засгийн форум"-ын хөтөлбөр үндсэн хоёр хэсгээс бүрдсэн. Эхний хэсэгт намын дарга Л.Гантөмөр улс төрийн илтгэл, УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл "Яагаад" сэдэвт илтгэл тавилаа. Уг илтгэлийн гол зорилго нь АН яагаад сонгуульд ялагдав гэдэгт үнэлэлт дүгнэлт өгсөн юм. Х.Тэмүүжин дарга АН-ын үзэл баримтлалыг гишүүд дэмжигчдэдээ  илтгэсэн. Конрад-Аденауэр сангийн Монгол дахь суурин төлөөлөгч Виктор Франк "Герман улсын улс төрийн намуудын үйл ажиллагааны туршлагаас" сэдэвт илтгэл тавьсан. Хэвтээ тогтолцоотой Герман улсад намын дарга орон нутгийн дотоод үйл ажиллагаанд оролцдоггүй болохыг тэрбээр илтгэлдээ дурдаж байв.

Хангайн бүсийн эдийн засгийн форумд Хөвсгөл, Булган аймгийн Засаг дарга нар "Аймгийн бизнес эрхлэлт ба залуучууд" сэдвээр, АН-ын даргын зөвлөх, комедиан Н.Амаржин "Бизнесийг өргөжүүлэх нь" сэдвээр тус тус илтгэл тавьж, нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулсан нь үр дүнтэй боллоо" хэмээн товч танилцуулав.

Эдийн засгийн форумд Хөвсгөл, Булган, Орхон, Сэлэнгэ, Дархан-Уул аймгийн гишүүд, дэмжигчид нийт 700 гаруй төлөөлөл оролцжээ.