Т.САЙХАН
АН-аас өнөөдөр /08.03/ хэвлэлийн хурал зохион байгууллаа. Энэ үеэр тус намын Стратеги бодлого судалгааны хүрээлэнгийн захирал З.Нарантуяа эдийн засгийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өгөв.
Тэрбээр "Сүүлийн долоо орчим жилд Монгол Улсын эдийн засаг, нийгэмд бодитой шинэчлэлт, өөрчлөлт байхгүй. Төрийн байгууллагуудын үйл ажиллагаанд ахиц дэвшил гарсангүй. Монгол Улсын төсвийн орлогын 80 гаруй хувийг ХАОАТ, НӨАТ, нийгмийн даатгалын орлогоор бүрдүүлж байгаа нь ажил хийж буй хэдэн хүнийхээ татварыг хурааж, төрийн нүсэр албыг санхүүжүүлэх чөтгөрийн тойрогт орсон тогтолцоон дээр амьдарч байна. Хөрөнгө оруулалт, хөгжлийн томоохон төслүүдэд зарцуулсан хөрөнгө харагдахгүй байгаа нь эдийн засаг буруу загвар. 2024 онд УИХ-ын сонгууль болно. Дөрвөн жил эрх барихын төлөө биш улсаа тогтвортой хөгжүүлэх бодлогын хөтөлбөрүүдтэй байхыг шаардаж байгаа юм. Ийм учраас АН дэргэдээ Стратеги бодлого судалгааны хүрээлэнтэй болж, Монголын эдийн засагт суурь өөрчлөлт хийх 10 хөтөлбөрийн том бодлогыг боловсруулж байна. Хот, хөдөөгийн хөгжлийн ялгаа маш их болсон. Хангайн бүсэд 20-30 насны залуучуудын ажилгүйдлийн түвшин 62 хувьтай байна лээ.Инфляц 10 хувьтай байна. Эрх баригч нам гаднаас инфляцаар дамжин ирж буй үнийн өсөлттэй тэмцэж чадахгүй байна" гэв.
Эх сурвалж:www.polit.mn