Т.САЙХАН
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг АНУ-д айлчлахаас хэдхэн хоногийн өмнө, 2023 оны наймдугаар сарын 27-нд “Financial Times”-т нэгэн нийтлэл хэвлэгджээ.
Нийтлэлийг “Financial Times”-ийн сурвалжлагч Эдвард Уайт бичжээ. Тэрбээр “Financial Times”-ийн Хятад дахь сурвалжлагчаар ажилладаг байна. Өмнө нь хоёр Солонгосын талаарх мэдээллийг бэлтгэдэг Сөүл дэх товчооны дарга, мөн Тайвань дахь шуурхай мэдээний сурвалжлагчаар томилогдон ажиллаж байжээ.
Түүний Монголын улс төр, эдийн засагт анализ хийсэн нийтлэл анхаарал татаж байна. “Монгол Улс ашигт малтмалын үүцээ нээх үү” хэмээн гарчигласан энэхүү нийтлэлээр “Далайд гарцгүй тус улс барууны хөрөнгө оруулагчдыг байлдан дагуулж, Хятад, Оросоос хамааралгүй болохын тулд өргөн хүрээтэй шинэчлэл хийж байна”, “Монголын лидер Л.Оюун-Эрдэнэ улсынхаа зэс, уран болон бусад чухал ашигт малтмалын асар их ордыг хөгжил цэцэглэлтийн зам гэж үзэж байна” хэмээх дүгнэлтийг хийжээ. Товчхондоо, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хийж буй реформыг онцолж, түүнд тулгуурласан дүгнэлт, задаргааг хийсэн байн.
Товчлон сийрүүлбэл, “Англи-Австралийн үндэстэн дамнасан “Рио Тинто” компани 2030 он гэхэд Оюу толгойн уурхайгаас жил бүр хагас сая тонн зэс үйлдвэрлэхээр төлөвлөж байна. Энэ нь зургаан сая цахилгаан машин үйлдвэрлэхэд хангалттай хүрэх металл юм. Гүний уурхай бүрэн ашиглалтад орсноор дэлхийн дөрөв дэх том зэсийн төсөл болно. Энэ утгаараа, Оюу толгойн 34 хувийг эзэмшиж буй Монголын Засгийн газарт ашигтай.
Хэдийгээр Оюу толгойн төсөл саад бэрхшээл ихтэй, удаашралтай байсан ч Азийн энэ улсын түүхэн дэх хамгийн том гадаадын хөрөнгө оруулалт болсон. Тэр утгаараа, Оюу толгой бол МАН-ын Засгийн газрын хөгжил цэцэглэлтийн зам гэж үзэж болно. Шинэчлэлийн үзэлтэй Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ барууны уул уурхайн бүлгүүдэд дэлхийн уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд чухал ач холбогдолтой зэс, уран болон бусад чухал ашигт малтмалын асар их нөөцтэй ордыг ашиглахыг хүсч байна. Гэхдээ 1990-ээд оноос нэг намын социалист хяналтаас гарсан 3.4 сая хүн амтай Монгол Улсад эрсдэлтэй асуудал маш их байна.
Харин Л.Оюун-Эрдэнэ амжилтад хүрвэл хөгжиж буй Монгол Улсын эдийн засаг олон жилийн турш өсөлттэй байх болно. Засгийн газар 2022 онд 15 тэрбум ам.доллар байсан ДНБ-ийг 2030 он гэхэд гурав дахин нэмэгдүүлж, бараг 50 тэрбум ам.долларт хүргэнэ. Ингэснээр Монголын ядуурлын түвшинг хоёр дахин бууруулж, 15 хувьд хүргэх зорилготой. Өөр нэг зорилго нь Баруунаас ирэх хөрөнгө оруулалтын давалгаа болж байна. Ингэж чадвал Улаанбаатарыг Бээжин, Москвагаас хамгаалах буфер болно. Далайд гарцгүй энэ улсын хамаг асуудал зөвхөн хоёр хөршөөс нь л хамаардаг. Хятад улс руу зэс, нүүрс зэрэг экспортынхоо 84 хувийг гаргадаг. Харин Оросоос бүх нефтийн бүтээгдэхүүнээ оруулаад импортын 30 орчим хувийг хангадаг.
Л.Оюун-Эрдэнэ "Financial Times"-д“Монгол Улс газарзүйн болон геополитикийн нөхцөл байдал маш хүнд байгаа учраас ардчиллаа хамгаалахыг хичээсээр байна" гэж ярив. Тэрбээр гадаадын хөрөнгө оруулагчдыг Монгол руу "анхаарал хандуулж", улс орныхоо тулгамдсан асуудлыг ойлгохыг уриалав. Ер нь Л.Оюун-Эрдэнэ улс оронд нь олдох ховорхон боломж гэж юу вэ гэдгийг мэддэг. ...Л.Оюун-Эрдэнэ барууны уул уурхайн салбарт эх орноо найдвартай хөрөнгө оруулахад таатай гэдгийг харуулах, Үндсэн хууль, шүүхийн шинэчлэл, хууль бус хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх, баялгийн салбарыг зохицуулах бодлого, зохицуулалтыг шинэчлэхийн тулд төрөө цэвэрлэх ажилд яаравчлан оржээ. “Одоогийн байдлаар бидний гол зорилго бол ил тод байдлыг сайжруулах явдал юм. Үүний дараа бид гадаадаас оруулах хөрөнгө оруулалт, аль улстай хамтран ажиллах талаар ярилцана” гэв. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ийм “алсын хараа” тавьсан Монголын анхны лидер биш, гэхдээ түүндээ хүрч чадах уу?
ТӨРИЙН ЦЭВЭРЛЭГЭЭ
Л.Оюун-Эрдэнэ олон том сорилттой нүүр тулсан. Тэрбээр 2022 оны арванхоёрдугаар сард болсон 30 жилийн өмнөх Ардчилсан хувьсгалаас хойшхи Монголын хамгийн том олон нийтийн жагсаал дээр гарч очсон. Монголын нийтийн өмчид байдаг нүүрсний салбар авлигад идэгдсэн талаар албан ёсны баримтууд ил болсонтой холбоотойгоор иргэд нь Сүхбаатарын талбайдаа жагссан юм. Хэдэн тэрбум ам.долларын хулгайлсан гэх нүүрсний хулгайд УИХ-ын гишүүд нь ч оролцжээ. Гэхдээ жагсагчдын уур хилэн, бухимдал зөвхөн ковид, нүүрсний хулгайнаас гадна уул уурхайн том төслүүдийг хэрэгжүүлэх амлалтуудыг ч сануулж байв. Жагсаалын дараахан Улаанбаатарт шинээр ирсэн АНУ-ын Элчин сайд Ричард Буанган Монгол Улсын хэтийн төлвийг дүгнэхдээ “Хууль тогтоомжийн ухамсрын, ил тод бус, урьдчилан таамаглахын аргагүй, авлигад идэгдсэн байдал нь Монгол Улсыг хөрөнгө оруулагчдын сонирхлыг татахгүй, импортлогч, экспортлогчдыг эргэлзээнд оруулж байна” гэсэн юм. Харин гадаад, дотоодод гарч буй ийм шүүмжлэлийн хариуд Л.Оюун-Эрдэнэ олон улсаас санхүүгийн зээл авахаас зайлсхийж, Монгол Улсыг хөрөнгө оруулалт хийх боломжтой болгохыг эдийн засгийн мөрийн хөтөлбөрийн гол цөмөө болгожээ. Ерөнхий сайд өөрийн баруун гар Хууль зүйн сайд Х.Нямбаатарт авлигатай тэмцэх үйл ажиллагааг хариуцуулсан. Засгийн газрын энэ үйл ажиллагаагаар гадаадад оргон зайлаад байсан 17 хүнийг Монгол Улсад шилжүүлэн авч, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж эхэлсэн. Мөн 92 хүнийг интерполоор эрэн сурвалжлуулж байгаа юм.
Мөн Л.Оюун-Эрдэнэ улс төрийн сонгуулийн тогтолцоог өөрчилсөн. Өнгөрсөн тавдугаар сард батлагдсан Үндсэн хуулийн өөрчлөлтөөр УИХ-ын гишүүдийн тоо 76 байсныг 126 болгосон. Холимог системтэй пропорциональ тогтолцоог авсан. Ирэх онд болсох сонгуулиас эхлээд 78 гишүүн тойргоос, үлдсэн нь намын саналаар сонгогддог болно. Герман, Шинэ Зеландынхтай адил энэ шинэ тогтолцоо нь УИХ-аас Засгийн газарт тавих хяналт, УИХ дахь иргэний нийгмийн төлөөллийг нэмэгдүүлэх зорилготой юм.
Мөн шүүгчийг томилох, чөлөөлөх, мэдээлэгчийг хамгаалах, төрийн өмчит аж ахуйн нэгжийн засаглал, улс төрийн намуудын санхүүжилтэд тавих хяналтыг өөрчлөх зэрэг реформын шинжтэй хууль, журмуудыг гаргаж байна. “Энэ бүхэн нь Монгол Улс зөв чиглэлд явж байгааг харуулж байна” гэж Х.Нямбаатар ярьсан. “Тусгай зөвшөөрөл олгох журам, газар олголт, хөнгөлөлттэй зээл гэх мэт урьд нь далд байсан нарийн ширийн зүйлс ил болсон нь иргэдийн бухимдлыг төрүүлсэн. Бид Засгийн газар бизнесийн олон салбар дахь оролцоогоо багасгах ёстой гэсэн итгэл үнэмшилд хүрсэн” гэв.
Л.Оюун-Эрдэнийн бодлого хэрэгжих эсэх нь тус улсын гадаад ертөнцтэй шинэ холбоо тогтоож чадах эсэхээс бас хамааралтай аж. “Монгол Улс далайгаас хамгийн ойрын цэг нь 700 км-ийн зайд оршдог. Агаараар ачаа тээвэрлэх нь далайгаар тээвэрлэхээс дор хаяж зуу дахин үнэтэй” гэдгийг Ерөнхий сайд онцолж байна. Тэрбээр “Монгол Улс Хятадаар дамжин экспортлох замаа баталгаажуулахаар ажиллаж байна. Гэхдээ улс орны ашигт малтмалын баялгийг ашиглах нь түүхий эдийн үнийн хэлбэлзэлд өртөж, санхүүг нь эрсдэлд оруулах вий гэсэн болгоомжлол дунд уул уурхайгаас эхлээд ашигт малтмалаа боловсруулах, мөн говьд нар, салхины эрчим хүчний төслүүдийг барьж байгуулах зэрэг нэмүү өртгийн гинжин хэлхээг ахиулахыг эрмэлзэж байна” гэв.
УИХ-ын 2024 оны сонгууль болох гэж буй ч Л.Оюун-Эрдэнэ Монгол Улс руу гадаадын хөрөнгө оруулагчдыг татахаар ажиллаж байгаа аж. Тийм учраас үүнд улстөржилт нөлөөлөх ёсгүй хэмээн үзэж байна. Түүний хэлснээр “Баялгийн тэгш хуваарилалт нь энэ тэгшитгэлийн хамгийн чухал хэсэг юм. Үүний тулд Засгийн газар баялгийн орлогыг эрүүл мэнд, боловсрол, ирээдүйн эдийн засгийн өсөлтөд зарцуулах зорилгоор Үндэсний баялгийн сан байгуулах төлөвлөгөөг боловсруулж байна. Уул уурхайн салбараас орж ирэх орлого нэмэгдэхийн хэрээр иргэд ч үүнийг дэмжнэ” гэж тэр нэмж хэллээ.
Л.ОЮУН-ЭРДЭНИЙН РЕФОРМЫН “ШИНЖ ТЭМДЭГ” ИЛЭРЧ БАЙНА
“Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн реформыг дүгнэхэд эрт байна” гэж олон хүн хэлж байгаа ч үр дүн гарч эхэлж буй шинж тэмдэг ажиглагдаж байна. Олон зуун хөрөнгө оруулагчид, уурхайчид, дипломатууд, улстөрчид Монгол Улсын баяр наадмын өмнөхөн, 2023 оны долдугаар сарын 10-ны өдөр Улаанбаатарт цуглалаа. Тэд ингэж ирсэн нь Монголын баялгийг дахин сонирхож байгаагийн нотолгоо гэж үзэхээр байна. Тэдний анхаарлын төвд дэлхийн цэвэр эрчим хүчний систем, тэр дундаа цахилгаан тээврийн хэрэгсэл, салхи, нарны эрчим хүчийг цуглуулахад шаардлагатай дэд бүтцийн системд шилжихэд шаардлагатай нөөцийн хомсдолыг хэрхэн арилгах вэ гэдэг байв. Олон улсын эрчим хүчний агентлагийн мэдээлснээр, сүүлийн таван жилийн хугацаанд эрчим хүчний шилжилтэд чухал ач холбогдолтой ашигт малтмалын зах зээлийн хэмжээ хоёр дахин нэмэгдэж, 320 тэрбум долларт хүрсэн байна. Гэсэн хэдий ч газрын ховор элемент, лити, кобальт зэрэг чухал ашигт малтмалын эрэлт ирэх арван жилд 600 хувиар өсөх төлөвтэй байна. Зэсийн эрэлт 2035 он гэхэд жилд 50 орчим сая тонн болж хоёр дахин өснө. Хэрэв дэлхий 2050 он гэхэд хорт утааны хэмжээгээ тэглэнэ. Ингэвэл ирэх таван жилд цөмийн эрчим хүчний салбарт оруулсан хөрөнгө оруулалт мөн гурав дахин нэмэгдэж, ойролцоогоор 125 тэрбум ам.долларт хүрэх ёстой аж.
Австралийн сансрын агентлагийн ашигт малтмалын шинжээч Меган Кларк Монгол Улс ашигт малтмалын нөөцийн хувьд “маш сайн байр суурь эзэлдэг” гэж үзэж байна. Тэрбээр зэс, уран, газрын ховор элементийн хүчтэй нөөц бололцоо, түүнчлэн өндөр технологийн материал боловсруулахад “шинэ салбарууд” бий болох боломжтойг онцолжээ. Цөмийн эрчим хүчийг дэмжигчид тус улсын цөмийн эрчим хүчний салбарт урт хугацааны нийлүүлэгч болох боломжийн талаар мөн адил байр суурьтай байна. Монголын анхны ураны уурхайг хөгжүүлж буй Францын “Орано” группын төлөөлөгч Оливье Тумир “Энэ бол Монголыг төрөлжүүлэх томоохон эх үүсвэр” гэв. Дэлхийн дулаарлын нөхцөл байдал нь цөмийн эрчим хүчний шинэ эхлэлийг тавьсан нь тодорхой. “Рио”-гийн удирдлагууд Монголын нөөц бололцооны талаар хөрөнгө оруулагчдад танилцуулахдаа “Орчин үеийн хайгуул, олборлолтын аргаар хөндөгдөөгүй асар их ашигт малтмалын баялаг” гэв. ...Гэхдээ “Рио”-гийн Удирдах зөвлөлийн гишүүн, Австралийн Сансар судлалын агентлагийн ажилтан Кларк “Хөрөнгө оруулагчдыг татах оролдлогыг зөвхөн Монгол Улс хийж байгаа юм биш юм. Ашигт малтмалын эрэлт нэмэгдэж байгаа учраас дэлхийн улс орнууд хийж байна. Тэгэхээр Монгол Улс уул уурхайн мэргэжилтнүүдийн нөөцтэй болох ёстой. Хайгуул, ашиглалтын зөвшөөрлийг хянах үүрэгтэй байгууллагуудыг үндэсний хэмжээний “амин чухал” чадавх гэж үзэх ёстой” гэв.
“АНУ, БНХАУ-ТАЙ НЭГЭН ЗЭРЭГ ГЭРЭЭ БАЙГУУЛСАН НЬ МОНГОЛЫН ЛИДЕРИЙН ПРАГМАТИК ХАНДЛАГА”
Монгол Улс эдийн засгийн өсөлтөө нэмэгдүүлэхийн тулд баруун тийшээ тэмүүлж байгаа ч геополитикийн хурцадмал байдлыг үүсгэхээс зайлсхийх ёстой. Л.Оюун-Эрдэнийг 2023 оны зургадугаар сарын 27-нд Бээжин дэх Ардын Их хурлын танхимд орж ирээд БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзах үед энэхүү болгоомжлол илт харагдаж байв. Түүний айлчлалын үр дүнд Монгол-Хятадын хилийн боомтын хүчин чадлыг гурав дахин нэмэгдүүлэх тохиролцоонд хүрч, Хятадын нийслэлээс зүүн өмнөд хэсэгт орших Тяньжин боомтоор нэвтрэх талаар хэлэлцээ хийв. Мөн тэр өдөр АНУ-ын Байгаль орчны асуудал эрхэлсэн Төрийн нарийн бичгийн даргын орлогч Жозе Фернандес Монгол Улстай чухал ач холбогдолтой ашигт малтмалын нийлүүлэлтийн сүлжээг бий болгох чиглэлээр хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурсан.
Ингэж “АНУ, БНХАУ-тай нэгэн зэрэг гэрээ байгуулсан нь Монголын лидерийн прагматик хандлага” гэж дипломатууд онцоллоо. Энэхүү стратеги нь Украины асуудлаарх НҮБ-ын тогтоолд санал өгөхөөс түдгэлзсэнтэй ч холбоотой. Сөүлийн Евха эмэгтэйчүүдийн их сургуулийн Олон улсын судлалын профессор Лейф-Эрик Эйсли хэлэхдээ “Монгол Улсын Москва, Бээжингийн эсрэг “хамгийн сайн бооцоо” бол хөрөнгө оруулалт татах явдал. Улаанбаатарын гол хөшүүрэг нь дипломат түншүүд болон олон улсын байгууллагуудад илэрхийлдэг ардчилсан манлайлал юм” гэжээ. Ер нь Улаанбаатарт хөрөнгө оруулалт нэн яаралтай байгаа нь илт мэдрэгдэж байна. Ковидын үеэр Хятадтай хиллэдэг 4630 км-ийн хилийн дагуу гурван жилийн турш худалдааны хязгаарлалт тавьсан. Энэ нь нэгэнт эмзэг байсан Монголын эдийн засгийг үндсэнд нь сүйрүүлсэн. Дараа нь Оросууд Украин руу довтолсон нь тэдний эдийн засгийг сэргэх найдварыг үгүй хийж, инфляци нь 2021 онд дунджаар 15 хувьд хүрчээ. Харин гуравдугаар сард Оюу толгойн далд уурхайн бүтээн байгуулалтыг эхлүүлснээр Монгол Улсын эдийн засгийг 2022 онд 4.7 хувиар өсгөсөн. Энэ жил 5.2 хувийн өсөлтөд хүргэх төлөвтэй байна. Гэхдээ Монгол Улсад богино хугацаанд төсвийн сахилга бат чухал хэвээр байгааг Дэлхийн банкнаас анхаарууллаа. Тэгэхээр ирэх жилүүдэд тогтвортой өсөлтийг хадгалж, дэлхийн эдийн засгийн савлагааг тэсвэрлэж чадах эсэх нь Засгийн газрын реформын үр дүнгээс хамаарна.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2023 ОНЫ НАЙМДУГААР САРЫН 1. МЯГМАР ГАРАГ. № 150 (7135)