Т.САЙХАН

 

Өнгөрсөн долоо хоногт хийсэн томилгоонуудын талаар тоймлон хүргэж байна. Өнгөрсөн лхагва гарагт болсон Засгийн газрын ээлжит хуралдаанаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн даргаар Э.Ганхүүг томилсон байна. Өмнөх дарга Г.Өнөрбаяр өнгөрсөн дөрөвдүгээр сард чөлөөлөгдөх хүсэлтээ гаргаснаар тус албан тушаалд хүн томилоогүй байсан юм. Харин энэ албан тушаалд хэн очих тухай удаан яригдаж, Засгийн газрын хуралдаанаар Э.Ганхүүг сонгон томилжээ.   Тэрбээр 1997 онд Санхүү, эдийн засгийн дээд сургууль, 2006 онд Удирдлагын академи, 2019 онд Дотоод хэргийн их сургуулийг тус тус төгссөн. Нягтлан бодогч, эдийн засагч мэргэжилтэй, магистрын зэрэгтэй.  Төрийн албанд 22 жил ажилласан туршлагатай нэгэн гэнэ.  Тухайлбал,  2001-2002 онд Нийслэлийн Нийтлэг үйлчилгээний газарт ахлах нягтлан бодогч, 2002-2010 онд Нийслэлийн Засаг даргын тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэст мэргэжилтэн, 2010-2020 онд Нийслэлийн Засаг даргын тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга, 2020 оны наймдугаар сараас Барилга, хот байгуулалтын яамны Санхүү, хөрөнгө оруулалтын газрын даргаар ажиллаж байгаад ийнхүү Төрийн нарийн бичгийн даргаар томилогдоод байна.

Мөн Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Мал эмнэлгийн ерөнхий газрын даргаар  А.Нарантуяа томилжээ. Аюушжавын Нарантуяа нь Архангай аймгийн Цэнхэр суманд төрсөн. Мал эмнэлгийн ухааны доктор (Ph.D) цолтой. Тэрбээр өмнө нь Нийслэлийн мал эмнэлгийн газрын даргаар ажиллаж байсан.

Өнгөрсөн долоо хоногт түүнийг томилсон Засгийн газрын тогтоолыг ЗГХЭГ-ын дэд дарга Д.Батбаатар танилцуулж, Мал эмнэлгийн ерөнхий газрын тамгыг хүлээлгэн өгчээ. Энэхүү албан тушаал нь өнгөрсөн нэг жил гаруйн хугацаанд гурван даргын нүүр үзсэн гэхэд болно. Тодруулбал,  Мал эмнэлгийн ерөнхий газрын даргын албан үүргийг Түр орлон гүйцэтгэгч  Б.Ганзоригийг  шүлхий өвчний дэгдэлтийг хязгаарлах, малын вакцинжуулах ажлыг хангалтгүй зохион байгуулсан хэмээн өнгөрсөн оны нэгдүгээр сард үүрэгт ажлаас нь чөлөөлж, улмаар түүний оронд Д.Батчулууныг түр томилоод байв.  

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ ДОЛДУГААР САРЫН 31. ДАВАА ГАРАГ. № 149 (7134)