Б.ДАМДИН-ОЧИР
“...Наадмын дараа намар” гэдэг. “...Улсын наадмын маргааш л намрын ажилдаа марш” гэсэн үг л дээ. Гэсэн ч энэ жилийн наадам дуусаагүй л байна. Таван аймгийн 100 жилийн ой уван цуван болсоор л байгаа юм. Наадмын өмнөх өдөр хаврын чуулганаа хааж авсан эрхэм гишүүд ч наадам хэсч давхиад сүйд...
Аргагүй байх л даа, ирэх жил сонгууль болно. Гэхдээ хэн нь жагсаалтад, хэн нь тойрогт нэр дэвших нь одоогоор тодроогүй. Тэр ч бүү хэл, одоогийн 70 гаруй гишүүний хэд нь нэр дэвших эсэх ч бүрхэг. Гэвч “...Юмыг яаж мэдэх вэ” гэсэн эрхэм гишүүд өөрийнхөө, аавынхаа, ээжийнхээ нутгийн наадмуудаар “шүргээд шүргээд” л өнгөрч байгаа нь харагдав.
Чуулган завсарлаад л наадам хэссэн гишүүд нэлээд сая л жинхнээсээ амрах цаг нь ирж байгаа бололтой. Нэлээд хэдэн гишүүн ойрын өдрүүдэд Хөвсгөлд очиж амрахаар болжээ. Эрхэм гишүүдээс санал асуугаад эхэлжээ. Нэг хэсэг нь “...Явна”, нэлээд нь “...Яах вэ” гэж эргэлзээд л байгаа дуулдаж байна. Гэхдээ яаж зүгээр нэг амралт байх вэ дээ. Сонгууль жил хүрэхгүй хугацааны дараа болно. Албан бусаар бол сонгуулийн үйл ажиллагаа эхэлчихээд л байна. Тэр утгаараа, эрхэм гишүүдийн Хөвсгөл далайн эрэгт болох гэж буй “амралт”-ын үеэр ч ирэх сонгуулийн талаар сүрхий ярилцах сураг дуулдлаа. Харин уг амралтыг хэн зохион байгуулж, мөнгө санхүү хаанаас гарч буй нь одоогоор тодорхой бус байна.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2023 ОНЫ ДОЛДУГААР САРЫН 31. ДАВАА ГАРАГ. № 149 (7134)