Б.ДАМДИН-ОЧИР

 

АН-ынхан УИХ-ын ээлжит сонгуулийн өмнө эмхэрч амжих уу. Ийм асуулт улс төрийн хүрээнд яригдаж, АН-ынхны дунд тавигдаж байна. 2020 оны сонгуулиас хойшх эвдрэлцэл талцалдаа энэ намынхан уужуу хандаж ирсэн. Харин одоо жирийн гишүүдийнх нь хувьд тэсээд тэвчээд явахад хүндхэн болж эхлэв бололтой. Учир нь дараагийн сонгуулийн санал хураалт болоход жил хүрэхгүй хугацаа үлдэв. Дараа жилийн өдийд сонгуулийн дүн гараад, ялсан нь засгаа байгуулж байна шүү дээ.

Уг нь АН-ын дарга Лу.Гантөмөр намаа эмхэлж журамлачих гээд хичээгээд байгаа нь ажиглагддаг. Тодорхой шийдвэрүүдийг гаргаж байна. Даанч хэрэгжүүлэх гэхээр нь энд тэндээс бойкот шантааж гарч ирээд байх шиг байгаа юм. Хамгийн сүүлд л гэхэд Лу.Гантөмөр намынхаа дотоод журамд зарим өөрчлөлтийг оруулжээ. Энэ нь шууд утгаараа ҮБХ-ндоо сэлгээ хийх санаачилга аж. Үүнийгээ 2023 оны долдугаар сарын 24-нд намынхаа Улс төрийн зөвлөлийг хуралдуулж, дүрэмдээ оруулж баталсан байна. Тодруулбал, 2023 оны наймдугаар сарын 5-ны дотор татвараа төлөөгүй гишүүдийг ҮБХ-ноос хасахаар болжээ. Тэгээд хасагдсан гишүүдийн “орон тоо” дээр сонгууль явуулах юм байна. Гэвч энэ нь МоАХ буюу Х.Баттулга нарт таалагдсангүй. Тиймээс үүний эсрэг бойкот хийгээд эхэлжээ. Тэд “...Одоогийн ҮБХ нь С.Эрдэнийн үед бүрдсэн. Замбараагүй оруулсан. Тийм болохоор ҮБХ-г нэгэнт “хөдөлгөж” байгаа бол бүрэн ротац явуулах хэрэгтэй” гэж үзэж буй юм байна. МоАХ-ынхон 23-нд болсон Улс төрийн зөвлөлийн хурал дээр ийм байр сууриа тодорхой илэрхийлжээ. Тэр хуралд МоАХ хаягтай гишүүдээс цөөхөн нь ирж, ирсэн нь дээрх өөрчлөлтийг эсэргүүцэхэд “анхаарсан” байгаа юм.

Ийм учир шалтгааны улмаас Лу.Гантөмөр уг өөрчлөлтийг баталгаажуулахаар ҮДХ-ны хурлыг “...Долдугаар сарын 26-нд” гэж зарлажээ. Гэсэн ч болоогүй байна. Учир нь АН-ын Улс төрийн зөвлөл дэх МоАХ-ны төлөөллүүд “...Х.Баттулга гадаад яваа, ирэхээр нь хуралдъя” гэжээ. Үүний дагуу ҮДХ нь долдугаар сарын 31-ний даваа гаригт хуралдахаар болжээ. Мөн энэ өдөр нь Хөвсгөлд болох АН-ын “Хангайн бүсийн эдийн засгийн чуулган” болно. Тэр үеэр МоАХ угшилтай Сэлэнгэ, Хөвсгөл, Эрдэнэт, Дарханы АН-ын дарга нар “...ҮБХ-нд тэр чигт нь ротац хий” гэсэн шаардлагыг тавихаар ярьж буй аж. Өөрөөр хэлбэл, Лу.Гантөмөр нарын АН-ын удирдлагууд “...Наймдугаар сарын 5-ны дотор ҮБХ-ныхоо татвар төлөөгүй гишүүдийг хасна” гэж байгаа бол Х.Баттулга нарын зүгээс “...ҮБХ-г бүрэн шинэчил, бүгдийг нь соль” хэмээн шахаж эхэлсэн байна. Тэгэхээр АН-ынхан ҮБХ-ндоо “сэлгээ” хийх үү, эсвэл бүгдийг нь солих уу гэдэг нь ойрын үед тодорхой болно гэсэн үг.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ ДОЛДУГААР САРЫН 31. ДАВАА ГАРАГ. № 149 (7134)