Бямбагэрэлийн БАЯРЖАВХЛАН

 

Улсын баяр наадмын үеэр болсон шүүх хурлуудын тухай тоймлон хүргэж байна.

 

Т.Бадамжунайд холбогдох хэргийг прокурорт шилжүүлсэн гэв

Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд асан Т.Бадамжунайг  суллажээ. Өмгөөлөгчийнх нь зүгээс цагдан хорихгүйгээр шалгуулах хүсэлт гаргасныг нийслэлийн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх долдугаар сарын 10-нд хэлэлцээд хүсэлтийг нь хангаж шийдвэрлэжээ. Сайд асан Т.Бадамжунайг АТГ шалгаж байгаад хэргийг прокурор руу шилжүүлээд байгаа юм. Нийслэлийн прокурорын газраас түүнийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах, хахууль өгөх, мөнгө угаах гэмт хэрэгт холбогдуулан шалгаж байгаа хэмээн мэдээлсэн юм.

 

Б.Ганхуягийн цагдан хорих хугацааг сунгажээ

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх долдугаар сарын 6-нд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуягийн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг сунгуулах тухай Нийслэлийн прокуророос ирүүлсэн саналыг хэлэлцээд, хүлээн авч шийдвэрлэжээ. Тодруулбал, яллагдагч Б.Ганхуягийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.10 дугаар зүйлийн хоёр дахь хэсэгт заасан … “Хэргийн ээдрээ төвөгтэй байдлыг харгалзан яллагдагчийг цаашид цагдан хорих зайлшгүй шаардлагатай бол шүүх цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг тухай бүр нэг сар хүртэл хугацаагаар сунгах”… гэж зааснаар мөн түүнд өмнө нь авсан таслан сэргийлэх арга хэмжээний үндэслэл арилаагүй байх тул цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг нэг сарын хугацаагаар сунгаж шийдвэрлэв гэжээ.

Б.Ганхуягийг Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн дөрөв /Хахууль авах/, 22.10 дугаар зүйлийн нэг /Үндэслэлгүйгээр хөрөнгөжих/, 18.6 дугаар зүйлийн хоёр дахь хэсгийн 2.2, 2.3 /Мөнгө угаах/ дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татсан юм.

 

С.Батдөлд 12 жилийн хорих ял оноолоо

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх УБТЗ-ын Тээвэр зохион байгуулалтын албаны орлогч дарга С.Батдөл нарт холбогдох хэргийг энэ сарын 7-ны өдөр хэлэлцлээ. Анхан шатны шүүхээс УБТЗ-ын Тээвэр зохион байгуулалтын албаны орлогч дарга С.Батдөлд 12, түүний ах С.Баттулгад гурван жил хорих ял оноожээ. Мөн тэдэнд хахууль өгсөн Б.Эрдэнэхүү, Д.Адьяацэрэн, Б.Энхмандах, Ж.Багамонгол, Р.Дашбилэг нарт торгох ял оноосон байна. Түүнчлэн хураан авсан үл хөдлөх хөрөнгүүд болон бэлэн мөнгийг хурааж улсын орлого болгохоор шийдвэрлэжээ. 

 

Б.Мөнхтөр болон Х.Бат-Эрдэнийг 25-37 сая төгрөгөөр торгожээ

2023 оны дөрөвдүгээр сарын 17-ны өдрөөс эхэлсэн Хөгжлийн банкны гэх 80 хүн, дөрвөн хуулийн этгээдэд холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаан 47 өдрийн турш үргэлжилж, өнгөрсөн сарын 26-нд дууссан. 48 иргэнийг гэм буруугүйд тооцож, 32 иргэн, дөрвөн хуулийн этгээдийг гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн юм.Тодруулбал,  "Бэрэн групп" ХХК-ийн захирал Б.Мөнхтөрт эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2.3, 3.1.1, 3.4.1 нийтийн албанд томилогдох эрхийг гурван жилээр хасаж, нийт 37 сая төгрөгөөр торгох, "Алтай групп" ХХК-ийн захирал Х.Бат-Эрдэнэд эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1.1, 3.4.1, 3.7.1, мөн хуулийн 22.1.1 хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг гурван жилээр хасаж 25 сая төгрөгөөр торгох  ял оноов.

 

Яруу найрагч Ц.Хуланд есөн жил зургаан сарын хорих ял оноожээ

Яруу найрагч Ц.Хуланг тагнуулын хэрэгт буруутган өнгөрсөн нэгдүгээр сараас хойш хорьж буй. Түүнийг шүүх хурал Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд гурван өдрийн турш үргэлжиллээ. Улмаар шүүх өчигдөр шийдвэрээ танилцуулсан юм. Прокуророос түүнд 12 жилийн ял оноох саналаа шүүхэд танилцуулсан юм. Харин шүүх хэлэлцээд есөн жил зургаан сарын хорих ял оноожээ. Яруу найрагч Ц.Хуланг Эрүүгийн хуулийн 19.4 дүгээр зүйлийн нэгд зааснаар "Монгол Улсын иргэн гадаад улсын тагнуулын албатай хамтран ажиллахаар тохиролцсон, хамтран ажилласан, гадаадын байгууллага, иргэнд шилжүүлэн өгөх зорилгоор төрийн нууцад хамаарах мэдээ, баримт, эд зүйлийг хулгайлсан, цуглуулсан, хадгалсан, дамжуулсан" гэсэн үндэслэлээр шүүсэн юм.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ ДОЛДУГААР САРЫН 26. ЛХАГВА ГАРАГ. № 146 (7131)