Төмөрбаатарын Батсайхан
АТГ-аас төрийн албан хаагчдын хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг олон нийтэд ил болгоод байна. Засгийн газар 22 агентлагтай. Тэгвэл агентлагийн дарга нар 2022 онд хөрөнгөө хэрхэн мэдүүлснийг хүргэе.
Цагдаагийн ерөнхий газрын дарга, Дотоодын цэргийн командлагч Ж.Болд
ЦЕГ-ын дарга, дотоодын цэргийн командлагч хошууч генерал Ж.Болдын жилийн орлого нь 73.6 сая бол гэр бүлийнх нь орлого 7.2 сая төгрөг байна. 835 сая төгрөгийн үнэлгээтэй хоёр орон сууц, хоёр авто зогсоолтой. 64 сая төгрөгийн мал аж ахуй эрхэлдэг. Автомашингүй. 15 сая төгрөгийн газар, 77 сая төгрөгийн хадгаламж, “Эрдэнэс таван толгой” ХК, “Женкотур бюро” ХХК-д хувь эзэмшдэг хэмээн мэдүүлжээ.
Хил хамгаалах ерөнхий газрын дарга Х.Лхагвасүрэн
ХХЕГ-ын дарга Х.Лхагвасүрэнгийн жилийн орлого нь 30.9 сая, гэр бүлийнх нь орлого 389 сая төгрөг хэмээн мэдүүлжээ. Тэрбээр 612 сая төгрөгийн үл хөдлөх хөрөнгөтэй, 266 сая төгрөгөөр үнэлэгдэх Toyota, Land Cruiser 200 автомашинтай. 76 сая төгрөгийн газартай бол, 73 сая төгрөгийн хадгаламж, 480 сая төгрөгийн авлагатай байна.
Зэвсэгт хүчний жанжин штабын дарга, бригадын генерал С.Ганбямба
Түүний жилийн орлого нь 59 сая бол гэр бүлийн гишүүд нь 44.5 сая төгрөгийн орлоготой. 206 сая төгрөгийн үл хөдлөх хөрөнгөтэй, тээврийн хэрэгсэлгүй. Таван сая төгрөгийн газартай бол, зургаан сая төгрөгийн хадгаламжтай байна. Мөн 30 сая төгрөгийн зээлтэй гэж мэдүүлжээ.
Цаг уур, орчны шинжилгээний газрын дарга С.Энхтүвшин
Тэрбээр жилд 31 сая төгрөгийн орлоготой. Харин гэр бүлийнх нь гишүүд есөн сая төгрөг олдог. 210 сая төгрөгийн хоёр орон сууцтай. Жийп болон туулах чадвар өндөр,Toyota, Land Cruiser 200 автомашинтай. Түүнийгээ 70 сая төгрөгөөр үнэлжээ. Мөн 26 сая төгрөгийн хадгаламжтай гэж мэдүүлсэн байна.
Гаалийн ерөнхий газрын дарга Р.Отгонжаргал
Түүний жилийн орлого нь 36 сая бол гэр бүлийн гишүүд нь 28 сая төгрөгийн орлоготой. 367 сая төгрөгийн үл хөдлөх хөрөнгөтэй бол Lexus RX 350 автомашин эзэмшдэг. Түүнийгээ 60 сая төгрөгөөр үнэлжээ. 16 сая төгрөгийн мал аж ахуйтай. 20 сая төгрөгийн газартай бол, 12 сая төгрөгийн хадгаламжтай гэж мэдүүлжээ.
Татварын ерөнхий газрын дарга Б.Заяабал
Тэрбээр жилд 63.5 сая төгрөгийн орлоготой. Харин гэр бүлийн гишүүдээ орлогогүй гэж мэдүүлжээ. 395 сая төгрөгийн үл хөдлөх хөрөнгөтэй. 40 сая төгрөгийн Audi, Q5 автомашинтай. 10 сая төгрөгийн газар, 25 сая төгрөгийн хадгаламжтай бол 600 сая төгрөгийн авлагатай гэж мэдүүлжээ. “Эрдэнэс Таван Толгой” ХХК ХК-д хувьцаа эзэмшдэг.
Оюуны өмчийн газрын дарга Г.Элбэгсайхан
Түүний жилийн орлого нь 27 сая бол гэр бүлийн гишүүд нь 6.4 сая төгрөгийн орлоготой. 366 сая төгрөгийн үл хөдлөх хөрөнгөтэй бол автомашингүй, мал аж, ахуй, газаргүй. Банкинд хоёр сая төгрөгийн хадгаламжтай гэж мэдүүлжээ.
Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Д.Дэлгэрсайхан
Д.Дэлгэрсайхан даргын жилийн орлого нь 36.5 сая, гэр бүлийнх нь орлого есөн сая төгрөг хэмээн мэдүүлжээ. Тэрбээр 490 сая төгрөгийн үл хөдлөх хөрөнгөтэй, автомашингүй. 31 сая төгрөгийн газартай, 272 сая төгрөгийн хадгаламжтай бол “Эй Ти Инженеринг “ХХК, Эрдэнэс таван толгой ХК, “Их дэлгүүр” ХК-д хувьцаа эзэмшдэг байна.
Архивын ерөнхий газрын дарга С.Энхбаатар
Түүний жилийн орлого нь 30 сая бол гэр бүлийн гишүүд нь 58 сая төгрөгийн орлоготой. 371 сая төгрөгийн үл хөдлөх хөрөнгөтэй бол 110 сая төгрөгийн Geely 303 автомашинтай гэжээ. 20 сая төгрөгийн үнэт эдлэлтэй, банкинд 77 сая төгрөгийн хадгаламжтай, 240 сая төгрөгийн зээлтэй гэжээ. “Хаан хамгаалалт” ХХК, “Эрдэнэс таван толгой” ХК-д хувьцаа эзэмшдэг байна.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга О.Амарсанаа
Тэрбээр жилд 32.9 сая төгрөгийн орлоготой. Харин гэр бүлийн гишүүд 43 сая төгрөгийн орлого олдог. 490 сая төгрөгийн үл хөдлөх хөрөнгөтэй. 27 сая төгрөгийн хадгаламжтай бол 210 сая төгрөгийн зээлтэй гэж мэдүүлжээ. “Набу сэлэн” ХК-г 100 хувь эзэмшдэг.
Гадаадын иргэн, харьяатын газрын дарга Н.Ууганбаяр
Н.Ууганбаяр даргын жилийн орлого нь 21 сая, гэр бүлийнх нь орлого 58 сая төгрөг хэмээн мэдүүлжээ. Тэрбээр 347 сая төгрөгийн үл хөдлөх хөрөнгөтэй, автомашингүй. 36 сая төгрөгийн мал аж ахуй эрхэлдэг. 140 сая төгрөгийн газартай. 113 сая төгрөгийн үнэт эдлэлтэй, 164 сая төгрөгийн зээлтэй бол 136 сая төгрөгийн авлагатай гэж мэдүүлжээ. “Эрдэнэс таван толгой” ХК, “Түмэн шувуут” ХК-д хувьцаа эзэмшдэг.
Үргэлжлэл бий
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2023 ОНЫ ДОЛДУГААР САРЫН 21. БААСАН ГАРАГ. № 143 (7128)