Б.БОЛОР

Хэсэгхэн зуур ширүүн орсон бороо гэрийн хоймор хувингаар асгасан мэт “усан далай” болжээ. “Өрхийг тэгнэж татдаг уяаг дутуу орхисон байна” хэмээн гэрийнхээ өрхийг янзалчихаад орж ирсэн хүн бол Монгол Улсын тод манлай уяач Д.Онон байлаа.

Төв аймгийн Сэргэлэн сумын уугуул, тод манлай уяач Д.Ононгийн галд зочилж, баяр наадмын сэтгэгдлийг нь сонссон юм.

Тэрбээр “Энэ жил нас насны морь уялаа. Нэг галын уяачид маань сумын 100 жилийн ойн баярт оролцох гээд явцгаасан. Галынхан маань хурдтай, сайхан наадаж яваа гэж сонслоо.

Сүхбаатар аймгийн уяач залуутай хамт улсын наадамд уралдахаар ирсэн. Энэ жил 100 жилийн ой тохиож байгаа 46 сум байна гэсэн. Өнөө жил цаг агаар ч тогтуун сайхан мал, хүнд зовлонгүй, нар хур тэгширсэн сайхан наадаж байна.

Энэ анзааны бороо чийгтэй байхад морь мал ядрахгүй, тоос шороо босохгүй, хүүхэд ядрахгүй амар байдаг юм. Тэр ч битгий хэл хүүхэд бороонд нүүрээ угаачихад хэчнээн сайхан өнгөтэй ирнэ шүү дээ. Хэдийгээр өнөөдөр бороо орсон ч уралдааны замд саад учрахгүй гэж бодож сууна.

Энэ жил олон газар 100 жилтэй болохоор улсын наадамд харьцангүй цөөн морьд уралдаж байна. Сая л гэхэд сумын наадмын хэмжээний л азарга уралдлаа шүү дээ. Манайх Дорнод аймагт адуугаа сойлоо. Аймгийн зуншлага тааруухан байгаад сая орсон борооноор сайхан болсон гэж сонссон. Уяач хүний хувьд, морьдыг хэмжиж орохгүй болох цаг ирнэ гэж боддог. Одоохондоо ч яахав хэмжиж л байна. Ер нь энэ хэмжээс гэдэг уяачдыг зарим талаараа мохоож байгаа юм шүү дээ. Бас барианд орох морийг сандруу хүнээр бариулж болохгүй. Сая гарсан асуудал бол морь бариач өнгөрсөн хойно нь барих хэрэгтэй. Урдуур нь амдаж очоод морийг ухрааж болохгүй. Зурхай гишгэсний ард барих ёстой. Сая азаргын уралдаанд энэ асуудал давтагдаж байна. Тэгэхээр морь бариач малын дөргүй, сандруу байж болохгүй л дээ. Яарахгүй, тэвдэхгүй, тавиухан хүн л морь барих ёстой. Адгуу, сандруу хүн юмыг будилуулдаг шүү дээ.

Өнөөдрийн түрүү азаргын эзэн Монгол Улсын алдарч уяач Б.Норовсамбуу миний шавь. Сүүлийн үед шинэ залуу уяач гарч ирж байна. Энэ жил аймгийнхаа 100 жилийн ойд оролцох санаатай байна" хэмээн Үндэсний их баяр наадмын сэтгэгдлээ хуваалцаж, наадамчин олондоо баярын мэндчилгээ дэвшүүлсэн юм.

.

 

Эх сурвалж: www.zms.mn