Б.ТУУЛ
Ус цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээгээр ойрын өдрүүдэд ихэнх нутгаар болон нутгийн зүүн хагаст бороо үргэлжилэн орох тул болзошгүй үер, усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
Ялангуяа энэ жилийн хувьд хур бороо ихтэй байх учраас нийслэлд үерийн эрсдэлтэй бүсэд бууж сууршсан айлууд илүү сэрэмжтэй байхыг ОБЕГ-аас анхааруулж байна. Улаанбаатар хотын хэмжээнд 2000 гаруй айл үерийн эрсдэлтэй бүсэд бууж суурьшсан гэдгийг албаныхан хэлж байна.
Түүнчлэн нийслэл хотод ойрын өдрүүдэд усархаг бороо үргэлжлэн орж байгаа учраас зам, талбайд ус тогтсон дуудлага, мэдээллийн дагуу Геодези, усны барилга, байгууламжийн газрын албан хаагчид шуурхай арга хэмжээ авч ажиллаж байна.
Тодруулбал, Баянгол дүүргийн III хороо буюу Төмөр замын вокзалын тойрог орчмын авто машин зорчих хэсэг, XX хорооны нутаг дэвсгэр Саппоро орчмын байршилд очиж зам, талбайд тогтсон нийт 120 тонн усыг соруулаад байна.
Мөн Баянбүрдийн тойрог, Гэсэр сүмийн уулзвар, “Континенталь” зочид буудлын урд зам, Нарантуул захын урд замд тогтсон усыг соруулсан гэдгийг алба хаагчид хэлж байлаа.
Бид нийслэл хотын зарим ус их тогтсон хэсгүүд буюу Сүхбаатар дүүрэг буюу хотын төв хэсгээр, мөн Чингэлтэй дүүргийн XIX хороо “Тахилт” орчим, СХД-ийн 7, 24, 27 дугаар хороо орчимд ус их тогтсон хэсгүүдээр явсан фото сурвалжлагыг хүргэж байна.
Эх сурвалж: www.zms.mn