Т.САЙХАН
УИХ-ын хаврын ээлжит чуулган энэ баасан гарагт хаалтаа хийнэ. Гэтэл чуулган хаахаас өмнө зүтгүүлж буй хуулийн төслүүдийг гишүүд шүүмжилж эхлээд байна. Тодруулбал, УИХ-ын гишүүн Б.Энхбаяр өөрийн цахим хуудсаараа дамжуулан "Энэ долоо хоног УИХ-ын Хаврын чуулган хуралдах сүүлийн өдрүүд... Чуулган хаана. Сүүлийн өдөр хэлэлцэх гэж буй хуулийн төсөл нь Эдийн засаг, хөгжлийн яам боловсруулсан “Хөрөнгө оруулалтын хууль”-ийн төсөл. Өнөөдөр Эдийн засгийн байнгын хороогоор орно. Уг хуулийг дагалдуулж Газрын хуулийн өөрчлөлт явж байгаа.
Ганц өгүүлбэртэй уг өөрчлөлтөөр гадаад улсын аж ахуйн нэгжүүдэд Монгол Улсын газрыг 60+40=100 жилийн хугацаатай олгохоор оруулж ирсэн. Одоо 5+5=10 жил байдаг. Монгол Улсын иргэдэд 15-60 жилээр эзэмшүүлдэг ба газрын захирамж дийлэнхдээ 15 жилээр гардаг. Монгол Улсынхаа иргэдэд 15 жилээр эзэмшүүлдэгээ өөрчлөөгүй байж байж гадаад улсын иргэдэд газраа 100 жилээр ашиглуулах нь хэрхэвч шударга ёсны зарчим, үндэсний аюулгүй байдлын бодлогод нийцэхгүй. Ийм хөрөнгө оруулалтын бодлого байж таарахгүй. Энэ бол баяр наадам далимдуулж, хүмүүсийн анхаарал суларсан үеэр хийдэг ХУУЛИЙН ХУЛГАЙ мөн" хэмээн бичжээ.
Эх сурвалж:www.polit.mn