Т.САЙХАН
Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдаанаар улс төрийн намуудаас ирүүлсэн хүсэлтүүдийг хэлэлцлжээ. Тухайлбал, Иргэний зориг ногоон намаас намын дүрэмд өөрчлөлт оруулж, Б.Батбаатарыг сонгосныг бүртгүүлэх хүсэлт ирүүлснийг хэлэлцэж, намын дүрэмд нийцээгүй гэж үзсэн байна. Мөн Монголын либерал намын дарга Э.Оргилоос намын нэрээ өөрчилж “Ардчилсан монгол ялна нам” болгох хүсэлт ирүүлснийг хэлэлцээд, бүртгэхээс татгалзаж буцаажээ.
Нийт шүүгчдийн хуралдаанаар Иргэний хөдөлгөөний намын дарга гэх Ө.Баяраагийн ирүүлсэн бөгөөд ээлжит бус Иргэний Их Чуулганыг хуралдуулаагүй гэж үзэн улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан байна. Монголын Либерал Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Анхбаяраас ирүүлсэн намын дүрмийн нэмэлт, өөрчлөлтийг хэлэлцээд бүртгэсэн байна.
- “Иргэний зориг ногоон намын дүрмийн 14.5.2, 22.1.16, 27.4, 28.5-д тус тус нэмэлт өөрчлөлт оруулсныг болон намын даргаар Б.Батбаатар сонгогдсоныг бүртгүүлэх тухай” Б.Батбаатарын өргөдлийг хэлэлцээд улсын бүртгэлд бүртгэхээс татгалзаж шийдвэрлэв. Иргэний зориг ногоон намын дүрэмд зааснаар Үндэсний хороог сонгож байгуулах болон намын даргыг сонгох, чөлөөлөх эрх нь намын Их хурлын бүрэн эрхэд хадгалагдаж байх тул 2023 оны зургадугаар сарын 5-ны өдөр хуралдсан гэх Үндэсний хорооны хуралдаанаас тус хорооны хурлын гишүүдийн бүртгэлд өөрчлөлт оруулж, 103 байхаар баталсан болон уг хороо нь мөн өдрийн хуралдаанаар намын даргыг томилсон нь тус намын дүрмийн заалттай нийцэхгүй гэж үзлээ.
- Монголын либерал нам (МЛН)-ын дарга Э.Оргилын ирүүлсэн “… тус нам нь 2023 оны өдрийн 4 дүгээр сарын 23-ны өдрийн намын ээлжит 8 дугаар Их хурлаар оноосон нэрээ “Ардчилсан монгол ялна нам” болгон өөрчилснийг улсын бүртгэлд бүртгүүлэх тухай” өргөдлийг хэлэлцээд Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1, Улс төрийн намын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.6-д заасны дагуу улсын бүртгэлд бүртгэхээс татгалзаж, өргөдөл, түүнд хавсаргасан баримтыг буцаахаар шийдвэрлэв.
- Иргэний хөдөлгөөний намын дарга гэх Ө.Баяраагийн ирүүлсэн “Намын дарга болон хаягийн өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгүүлэх тухай” өргөдлийг хэлэлцэж, тус намын дүрмийн гуравдугаар бүлгийн 1 дүгээр зүйлийн 1.5-д заасан үндэслэлээр ээлжит бус Иргэний Их Чуулганыг хуралдуулаагүй гэж үзэн улсын бүртгэлд бүртгэхээс татгалзлаа.
- Монголын Либерал Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Анхбаяраас ирүүлсэн “… намын дүрмийн нэмэлт, өөрчлөлтийг бүртгүүлэх” тухай өргөдлийг хэлэлцээд нэмэлт, өөрчлөлт нь Улс төрийн намын тухай хуульд нийцсэн гэж үзэн хүсэлтийг хангаж, улсын бүртгэлд бүртгэв.
Эх сурвалж:www.polit.mn