П.АМГАЛАН

 

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх шилдэг бүтээлүүдэд төрийн шагнал хүртээлээ. Монголын соёл, урлагийн салбарт авьяас билэг, хөдөлмөр бүтээлээ олон жил зориулж, хөгжмийн урлагт туульсын төрлийн шинэ урсгал чиглэл гарган, орчин цагийн рок поп хөгжмийг хөгжүүлэх, шинэ залуу авьяаслаг уран бүтээлчдийг бэлтгэхэд идэвх санаачилгатай ажиллаж байгаа урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Л.Балхжавын эх орон, тусгаар тогтнолын үнэ цэнийг таниулах, их түүх, өв соёлыг түгээн дэлгэрүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан “Амин хайрын эх орон”, “Бурхан эх орон”, “Миний Монголын наадам” хөгжмийн бүтээлд Монгол Улсын Төрийн шагнал хүртээв. Мөн анагаах ухааны салбарт цусны үүдэл эс шилжүүлэн суулгах эмчилгээг нэвтрүүлэн нутагшуулж, цусны өвчний оношилгоо, эмчилгээний чанар, хими эмчилгээний протоколыг олон улсын түвшинд ойртуулж цус судлал, удам зүй, молекул биологи, лаборатори, дархлаа судлал, эмгэг физиологи зэрэг салбарын хөгжилд жинтэй хувь нэмэр оруулсан анагаахын шинжлэх ухааны салбарын эрдэмтэн, эмч нарын туурвисан “АЛЛО болон АУТО цусны үүдэл эс шилжүүлэн суулгах эмчилгээг Монгол Улсад нэвтрүүлсэн үр дүн” бүтээлд Монгол Улсын Төрийн шагнал хүртээлээ. Төрийн шагналыг судалгааны багийн ахлагч, ардын эмч, доктор, дэд профессор Н.Оюундэлгэр, багийн гишүүн анагаах ухааны доктор, клиникийн профессор Б.Хишигжаргал, тэргүүлэх зэргийн эмч, клиникийн профессор С.Мядагсүрэн, тэргүүлэх зэргийн эмч, клиникийн профессор А.Нансалмаа, тэргүүлэх зэргийн эмч, клиникийн профессор Ж.Нарангэрэл нар хүртлээ.

Мөн Монголын ард түмний сэтгэл зүрхэнд хоногшсон олон арван дэлгэцийн бүтээлийг найруулан үзэгчдийн хүртээл болгож, урлаг судлал, эрдэм шинжилгээний өгүүлэл, шүүмж бичин, кино урлагийн салбарын мэргэжилтнүүдийг бэлтгэхэд мэдлэг чадвараа дайчлан ажиллаж, соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан, Кино урлагийн дээд сургуулийн багш, Ардын жүжигчин, кино найруулагч Г.Жигжидсүрэнд Хөдөлмөрийн баатар цол хүртээж, “Алтан соёмбо” тэмдэг, Сүхбаатарын одонгоор шагналаа. Ерөнхийлөгчийн зарлигаар, төрийн одон медиалаар энгэрээ мялаасан эрхмүүдийг тоймлон хүргье.

Ардын багш цол:

•Монгол Улсын их сургуулийн Шинжлэх ухааны сургуулийн зөвлөх профессор, Монгол Улсын гавьяат багш Д.Дорж.

Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн цол:

•Шинжлэх ухааны академийн Хими, химийн технологийн хүрээлэнгийн төслийн удирдагч, доктор Ж.Дугаржав.

Соёлын гавьяат зүтгэлтэн цол:

•Хил хамгаалах ерөнхий газрын Хилийн түүхийн музейн эрхлэгч асан, бэлтгэл хурандаа Г.Хүүжий.

Урлагийн гавьяат зүтгэлтэн цол:

•Улаанбаатар театрын ерөнхий найруулагч П.Урнаа.

Гавьяат багш цол:

•Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн Геологи, уул уурхайн сургуулийн профессор, доктор М.Алей.

Гавьяат эдийн засагч цол:

•Монгол Улсын Татварын мэргэшсэн зөвлөхийн нийгэмлэгийн Удирдах Зөвлөлийн дарга, мэргэшсэн нягтлан бодогч Г.Алтанзаяа.

Хүний гавьяат эмч цол:

•Нийслэлийн Хан-Уул дүүргийн Эрүүл мэндийн төвийн Хүүхдийн эмнэлгийн эрхлэгч асан, хүүхдийн их эмч Л.Золзаяа.

•Анагаахын Шинжлэх ухааны Үндэсний их сургуулийн “Монгол анагаах ухааны төв” эмнэлгийн зөвлөх эмч, Анагаах ухааны доктор С.Сээсрэгдорж.

Гавьяат жүжигчин цол:

•Хилийн цэргийн дуу бүжгийн чуулгын ахмад уран бүтээлч, бүжигчин Ц.Эрдэнэчимэг.

Гавьяат хуульч цол:

•Монголын өмгөөлөгчдийн холбооны ерөнхийлөгч асан, хуульч, өмгөөлөгч Б.Ганбаатар.

Аж үйлдвэрийн гавьяат ажилтан цол:

•“Ховд эко цемент” төслийн захирал С.Балжинням.

Гавьяат барилгачин цол:

•Барилгын хөгжлийн төвийн зөвлөх, төсвийн сургалтын багш Б.Сарантуяа.

Үйлчилгээний гавьяат ажилтан цол:

•“МИАТ” төрийн өмчит хувьцаат компанийн Агаарын хөлгийн засвар үйлчилгээний газрын Техникийн үйлчилгээний хэлтсийн ахлах инженер Т.Аюуш.

•Хилийн цэргийн дугаар ангийн эсгүүрчин Г.Ханд.

•Монголын Хуульчдын холбооны Архив бичиг хэргийн эрхлэгч Т.Жимсээ.

Гавьяат тээвэрчин цол:

•Нийслэлийн Налайх дүүргийн дөрөвдүгээр хорооны ахмад настан, жолооч Ч.Сайнбуян нар хүртэв.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ ДОЛДУГААР САРЫН 4. МЯГМАР ГАРАГ. № 132 (7117)