Төмөрбаатарын БАТСАЙХАН
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-д албан ёсны айлчлал хийлээ. Айлчлал ажлын таван өдөр үргэлжилж, гацаанд ороод байсан томоохон төслүүдийг урагшлуулах уулзалтуудыг хийж, төрийн хэмжээнд тохироонд хүрсэн үр дүнтэй айлчлал болов. Мөн хөрөнгө оруулалтын чуулган зохион байгуулж, Монгол Улсын Засгийн газар хөрш орны хөрөнгө оруулагч нарт нээлттэй, ил тод байхаа амлав. Хоёр орны харилцааны шинэ хуудсыг эхлүүлж, Монгол Улс БНХАУ-тай аж үйлдвэрийн сэргэлтийн салбарт хамтран ажиллах амбицтай байгаагаа илэрхийлсэн айлчлал боллоо. Ерөнхий сайдын айлчлалын үр дүнгийн талаарх салбарын сайд нар болон хотын дарга, судлаач нар ямар байр суурь илэрхийлснийг хүргэе.
Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны дарга Б.Тулга: Боомтуудын хүчин чадлыг нэмэгдүүлэхээр боллоо
-Энэ удаагийн айлчлалаар Монгол, Хятад улсын хооронд урд өмнө яригдаж байсан, тодорхой асуудлуудыг улмаас гацаанд ороод байсан гэрээ, хэлцэл, төслүүдийг энэ ондоо багтааж дуусгахаар ярилцаж, тохирлоо. Мөн улсынхаа эдийн засгийг сэргээхийн тулд хилийн боомтуудын төмөр замын холболт, хуваарь, хүчин чадлыг нэмэгдүүлэх талаар тодорхой алхмуудыг хийсэн. Тухайлбал, “Чайна энержи" группийн удирдлагуудтай уулзаж Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын төмөр замын бүтээн байгуулалтыг эхлүүлэхээр нэгдсэн байр суурьт хүрлээ. Шивээхүрэн-Сэхэ, Бичигт-Зүүнхатавч-Хангимандалын төмөр замын асуудлыг ч холбогдох албан тушаалтнуудтай нь ярилцсан. Боомтын сэргэлтийн хүрээнд Замын-Үүд, Алтанбулагийн төмөр замыг хос болгох, цаашлаад Монгол Улсад нарийн төмөр зам тавих чиглэлээр хэлэлцлээ. Түүнээс гадна одоо ажиллаж байгаа боомтуудын хүчин чадлыг нэмэгдүүлэх, иргэдийн зорчих хөдөлгөөн, ачаа тээврийн урсгалыг өсгөх зорилгоор БНХАУ-ын Боомтын захиргааны даргатай уулзсан. Олон жил яригдсан Замын-Үүдын боомтыг 24 цагаар ажилладаг болгох хүсэлтийг тавьж дэмжсэн хариуг авлаа. Гэхдээ энэ асуудал шууд гарын үсэг зураад, тамга дараад шийдэгдэх асуудал биш. Хоёр талаас ажлын хэсэг гаргаад асуудлыг судалж бэлтгээд, ойрын хугацаанд 24 цагаар ажиллах бололцоог бий болгохоор харилцан тохиролцоод байна.
Сангийн сайд Б.Жавхлан: “Нэг бүс-Нэг зам” санаачлагад манай улсын оролцоо өндөр байх ёстой
-Боомтын асуудал бидний потенциаль, гадаад худалдааг өргөжүүлэх боломжийг сүүлийн 20 орчим жил хязгаарласан байдалтай байна. Энэ асуудалд манай талаас шалтгаалж байгаа зүйлүүдийг энэхүү удаагийн айлчлалаар гаргаж тавьж гацаанаас гаргах чиглэлд ахицтай айлчлал боллоо. Энэ удаагийн айлчлалын гол онцлог нь төрийн байгууллагууд, Засгийн газрын хооронд ажлын уялдаа холбооноос гадна төр хувийн хэвшил болон хувийн хэвшил хоорондын хамтын ажиллагааг сэргээсэн. Цаг хугацааны хувьд цар тахал болон дэлхийн геополитикийн дараа шинэ үүсч байгаа асуудлууд, дараагийн 30-50 жилийн дэлхийн хөгжлийн чиг хандлагыг эхлүүлж байгаа цаг хугацааны гараан дээр болж байгаагаараа онцлог юм. Дэлхийн эдийн засгийн төвлөрөл болон нийгмийн хөгжлийн чиг хандлага Ази руу чиглэж байгааг бүгд хүлээн зөвшөөрч байгаа энэ шинэ цаг үед энэхүү удаагийн айлчлалын ач холбогдол оршиж байна. Монгол-Хятадын худалдааны гол төвлөрөл нүүрс биш. Бусад салбаруудад ч боломж байгаа. Тиймээс үүн дээрээ түлхүү ажиллая гэсэн асуудлыг дэвшүүлж байна. Мөн эрчим хүчний салбар. Энэ салбар нь тээвэр ложистик болон “Нэг бүс-Нэг зам” гэсэн бүс нутгийн томоохон эдийн засгийн ардчиллын асуудал дээр хамтарч ажиллах ёстой. Тэр дундаа Монгол Улсын оролцоо өндөр байх ёстой гэдэгт Хятадын талаас бидэнд уриалж байна.
БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ: “Их цайны зам” гурван улсын хамтарсан уулзалт болно
-Айлчлалын хүрээнд Мазаалай баавгайг хамгаалах асуудал дээр нэмэлт хэлэлцээр хийгдлээ. Мөн цөлжилтийн эсрэг хамтын ажиллагаа буюу Шар шувууны төслийг үргэжлүүлэхээр гарын үсэг зурсан. Түүнчлэн айлчлалын үеэр хөндөгдөж байгаа гол сэдэв бол хил орчмын аялал жуулчлалыг хөгжүүлэх юм. Хил орчмын аялал жуулчлалыг хөгжүүлснээр дотоодын аж ахуй нэгжүүд болон аялал жуулчлалын бааз, компаниуд, худалдааны байгууллагууд хөгжиж, эдийн засгийн эргэлт нэмэгдэнэ. Ер нь цаашид аялал жуулчлалын салбарын хөгжлийг дагаад худалдааны салбар тэлэх хандлагатай гэж үзэж байна. Мөн БНХАУ-аас аялал жуулчлалын хамтарсан форумыг зохион байгуулах асуудлыг хөндлөө. Энэ хүрээнд ирэх есдүгээр сард Монгол Улс, БНХАУ, ОХУ-ын аялал жуулчлалын салбарын хамтарсан “Их цайны зам” уулзалтыг зохион байгуулахаар төлөвлөж, ажилдаа орлоо. Бид хятад улсаас аялал жуулчлалын салбартаа суралцах зүйл их байна. Тухайлбал, ариун цэврийн байгууламж, худалдаа үйлчилгээний салбарын үйл ажиллагаа зэрэг олон асуудал байна.
МҮХАҮТ-ын ерөнхийлөгч О.Амартүвшин: Дэлхийн эдийн засаг Ази руу тэр дундаа Хятад руу шилжлээ
-Хятадын талаас 350, Монголоос 130 компани хөрөнгө оруулалтын чуулганд оролцож байна. Тэд сэргээгдэх эрчим хүч, дэд бүтэц, уул уурхай, боловсруулах үйлдвэрийн хөрөнгө оруулалтыг илүүтэй сонирхож байна. Ер нь цаашдаа бусад салбарыг төрөлжүүлэх их чухал байна. Энэ дотроо тээвэр ложистик, ноос ноолуурын салбарыг төрөлжүүлэх хэрэгтэй. Түүнчлэн хятадын өндөр технологийг ашиглаад гуравдагч хөрөнгөөр бараа бүтээгдэхүүн экспортлох, Япон, Европын зах зээл рүү нийлүүлэх саналыг Хятадын талаас тавьж байна. Бас нэг анзаарагдаж байгаа зүйл нь цар тахлын дараагаар шинэ нөхцөл байдал үүссэнтэй холбоотойгоор дэлхийн эдийн засаг Хятад, Ази руу шилжлээ. Үүнийг дагаад бидэнд бодит боломжууд гарч ирж байна. Жишээлбэл, манай зэс хайлуулах үйлдвэрийг сонирхож хоёр, гурван оролцогч саналаа илэрхийллээ. Мөн уул уурхайгаас илүү экспортийг нэмэгдүүлэх салбар бол нар салхины эрчим хүч юм. Үүний гол худалдан авагч, хөрөнгө оруулагч нь Хятад байх сонирхолтой байгаагаа илэрхийллээ. Манай зүгээс анхаарах зүйл байна. Хятадын хамгийн их хөрөнгө оруулалт бол жижиг дунд үйлдвэр, уул уурхайн салбарт байдаг. Цаашдаа төр өөрөө баталгаатай нөхцөл байдлыг бий болгох, хувийн хэвшлийн үйл ажиллагааг дэмжиж ажиллах хэрэгтэй. Аливаа бизнес эхлэхэд аль нэг албан тушаалтнаас ангид байх шаардлагатай. Бүх төрийн үйл ажиллагааг цахимжуулах, төрийн өмчит компануудыг олон нийтийн хувьцаат компани болгох шаардлагатай. Бид цаашдаа хувийн хэвшлийн хамтын ажиллагааг бодитойгоор дэмжинэ.
Олон улс судлаач Д.Баярхүү: Бид жижиг ч том гадаад бодлого явуулж чадаж байна
-Манай улс жижиг. Эдийн засгийн хүчин чадал нь бидний хүссэн хэмжээнд биш. Хүн амын тоо, эдийн засаг гээд яривал бид үнэхээр сүүлд жагсана. Гэтэл ийм жижиг улс гэхэд ийм идэвхтэй гадаад бодлого явуулж чадаж байна. Стратегийн түншлэлийн харилцааны түвшинг үзье. Бид хоёр хөрштэйгээ иж бүрэн түншлэлийн харилцаа тогтоож, төлөвшүүлж чадсан байна. Араас нь стратегийн түншлэлтэй зургаан улс байна. Үүнээс гүрэн гэдэг статустай АНУ, Япон, БНСУ, БНЭУ гээд цуварна. АНУ, Япон, Энэтхэг гээд дэлхийн том гүрнүүд явж байна шүү дээ. Манай улстай стратегийн түншлэлийн харилцаа руу ойртож яваа нь Франц улс байна. Ерөнхийлөгч Макроны айлчлал саяхан боллоо. Үүний дараа ирэх аравдугаар сард Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Францад хийх айлчлалын дараа Монгол, Францын харилцаанд шинэ хувиралт, дэвшил гарна. Дээр нь бид түншлэлийн харилцаагаа өрнө, дорно, Европын холбоотой хүртэл байгуулчихсан. Үүндээ тууштай байж, эрхзүйн зохицуулалт хийж, түншлэлийн харилцаагаа баталгаажуулчихлаа. Ийм жижиг улс дэлхийд байхгүй. Дэлхий дахины энхтайваны бэлгэ тэмдэг гэдэг нэрэндээ зохицсон, НҮБ-д хамгийн их нэр хүндтэй гадаад бодлого явуулж байгаа жижиг улс бол Монгол Улс гэдгийг онцлон хэлмээр байна.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2023 ОНЫ ДОЛДУГААР САРЫН 4. МЯГМАР ГАРАГ. № 132 (7117)