Төрийн байгуулалтын байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.
Улс төрийн 30 намын төлөөлөл оролцсон хэлэлцүүлгээс гарсан саналуудыг үндэслэн ажлын хэсэг саналуудаа гаргаж, Төрийн байгуулалтын байнгын хороонд танилцуулсан байна. Мөн Улсын Их Хурлын “d.parliament.mn” цахим системд иргэдээс 52 санал хуулийн төсөлд ирүүлжээ.
Түүнчлэн хууль хоорондын нийцлийг хангах зорилгоор Зөрчил шалган шийдвэрлэх тухай, Жендерийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн төслүүдийг Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасны дагуу эцсийн хэлэлцүүлгийн шатанд шинээр боловсруулах шаардлагатай хэмээн ажлын хэсэг үзсэн байна.
Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанаар Засгийн газраас өнгөрсөн долоо хоногт өргөн барьсан Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт, шалгалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийн хэлэлцүүлгийг хийв.
Мал, амьтны эрүүл мэндийг хамгаалах талаар салбарын хяналтын нэгдсэн тогтолцоо бүрдээгүйгээс мал, амьтны гоц халдварт өвчний гаралт, тархалт нэмэгдэх шалтгаан болдог. Мөн малын генетик нөөцийг ашиглах тусгай зөвшөөрөл олгоход тавих тусгайлсан нөхцөл, шаардлага тодорхой бус байгаагаас малыг өөрийн дур зоргоор үржилд ашиглаж, үүний улмаас малын үүлдэрлэг байдал, тэсвэрт чанар алдагдах, бие давжаарах, ашиг шим буурах нөхцөл байдал үүсээд байгааг хэлэлцүүлгийн үеэр онцлон ярьж байлаа. Харин өргөн барьсан хуулийн төсөл батлагдвал хүнсний аюулгүй байдлыг хангах, мал, амьтны эрүүл мэнд, малын удмын санг хамгаалах, баталгаажуулах, мал, амьтны гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг экспортлох талаарх зорилтууд хэрэгжих, мал эмнэлгийн хяналтын нэгдсэн тогтолцоо бий болж, мал, амьтны гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнд тавигдах худалдааны түнш орнуудын шаардлагыг хангах нөхцөл бүрдэх давуу талтай хэмээн хуулийн төслийг танилцуулсан ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун онцлов.
Хуулийн төсөлтэй холбогдуулан зарим гишүүд асуулт асууж, үг хэлсэн. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Т.Энхтүвшин Гаалийн ерөнхий газрын хилийн мэргэжлийн байгуулага нь мах экспортлох зөвшөөрлийг өгч байгаа нь олон улсын дүрэм, журмыг зөрчиж буй гэх шалтгааныг тодруулсан бол гишүүн Ж.Батжаргал, малын гоц халдварт өвчний онош нь батлагдаагүй байхад нийтэд мэдээлэх, баталгаажсан тохиолдолд олон улсын байгууллагад хүргүүлэхгүй нуун дарагдуулахыг хориглоно гэж заасныг хэрхэн ойлгох талаар тодруулсан юм.
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун:
-Мэргэжлийн хяналтын ерөнхий газар татан буугдсанаар салбарын яамдуудад хяналт нь очсон. Аж ахуйн нэгжүүд мах экспортлох зөвшөөрөл авахын тулд төрийн зургаан байгууллагаас 14 хоногийн хугацаатай хөөцөлддөг ажил байсан бол салбарын яамнаас хэрэгжүүлэх “Нэг цонх”-ны бодлогоор энэ үйлчилгээг цахимаар авах боломжтой болсон. Өнөөдөр Мал эмнэлгийн ерөнхий газар болон Гаалийн ерөнхий газрын харьяа хилийн мэргэжлийн хяналтаас мах эскпортлох гэрчилгээг олгож байгаа юм. Иймд олон улсын жишгийн дагуу Мал эмнэлгийн ерөнхий газар нь мах экспортлох гэрчилгээ олгодог болгохоор хуулийн төсөлд өөрчлөлт оруулсан гэв.
Дашрамд дурдахад, өнгөрсөн онд улсын хэмжээнд 16 мянган тонн мах экспортолж байсан бол 2023 оны эхний хагаст гэхэд 40 мянган тонн мах экспортлоод байгаа аж.
Эх сурвалж “Зууны мэдээ” сонин
2023 ОНЫ ЗУРГАДУГААР САРЫН 29. ПҮРЭВ ГАРАГ. № 128, 129 (7113, 7114)