Баттулгын БЯМБАЖАРГАЛ

 

Өнгөрсөн онд Засгийн газраас Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Их хуралд өргөн мэдүүлсэн. Энэ хуулийн төслийн 13.15 дугаар зүйлд, “Хүний нэр төр, алдар хүндийг олон нийтэд гутаан доромжилсон бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас зургаан сар хүртэлх хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ” гэх заалт бий. Үүнийг иргэний нийгмийн байгууллага, хуульч, хэвлэл мэдээллийн зөвлөл, нэгдлүүд онцгойлон анхаарч доромжлох үйлдлийг эрүүжүүлэх нь зөв эсэхэд дуу хоолойгоо хүргэж байр сууриа илэрхийлсээр байгаа. Тодруулбал, "Глоб" интернэшнл төвөөс “Доромжлох үйлдлийг эрүүжүүлэх нь зөв үү?” олон талт хэлэлцүүлгийг зохион байгуулсан нь тал талын эх сурвалж, өнцөг, үзэл санааны цуглаан болов. Ирсэн зочид, иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл, хэвлэл мэдээллийнхэнд доромжлохыг эрүүгийн хуулиар зохицуулахын хор нөлөө, хэвлэлийн эрх чөлөө, үзэл бодлоо илэрхийлэх эрх, хуулийн хэрэглээний талаарх ойлголт, мэдээллийг өглөө. Ер нь Монгол Улс ардчилсан орны хувьд доромжлох үйлдлийг эрүүгийн хуулиар хуульчилж болохгүй гэж зарим хуульчид байр сууриа илэрхийлж байна. Эрүүгийн хуулиар зохицуулах нь нэг талаараа хүний үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэл мэдээллийн байгууллагын шүүмжлэлт материал, нийтлэл, шог зураач, энэ төрлийн уран бүтээлчдийн үйл ажиллагааг хязгаарлаж, сөргөөр нөлөөлөх магадлалтайг тайлбарлаж байна. Тухайлбал, хуульч, судлаач С.Галбаатар “Хүний нэр төр, алдар хүндийг манай улс хууль тогтоомжоороо хамгаалан ирсэн уламжлал бий. Эрүүгийн хуульд гүтгэх, доромжлох үйлдлийг гэмт хэрэг гэж үзэж зохицуулж ирсэн. Харин 2015 оноос Эрүүгийн хуульд байгаа гүтгэх, доромжлох үйлдлийн заалтууд нь хүний үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг хязгаарлах, шүүмжлэлт дуу хоолойг хазаарлах байдлаар буруугаар ашиглагддаг зохицуулалт болж хувирсан. Тиймээс НҮБ-ээс Монгол Улсад гүтгэх, доромжлох үйлдлийг Эрүүгийн хуулиасаа хасаж Иргэний хуулиар асуудлыг шийдвэрлэх зөвлөмж өгсөн. Үүнийг ч Монгол Улс хүлээн авсан. Ингээд 2015 онд Зөрчлийн тухай хууль, Эрүүгийн хуулийг шинэчлэн найруулахдаа гүтгэлэг, доромжлолыг халах алхмуудыг хийж байв. Гэвч эргээд 2017 оноос Эрүүгийн хуулийн 13.14 заалтад худал мэдээлэл тараах гэмт хэргийг оруулж өгсөн. Доторх зохицуулалт нь гүтгэх гэмт хэргийн зохицуулалт байгаа. 2022 онд доромжлох үйлдлийг гэмт хэрэг гэж үзэж хуулийн төсөлд оруулсан байна. Хуучин алдаагаа сэргээх маягтай. Нэр төр, алдар хүндээ иргэн бүр өөрсдөө хэрхэн үнэлэх нь харьцангуй ойлголт. Харьцангуй ойлголтыг Эрүүгийн хуулиар шийдвэрлэх нь алдаа гаргах магадлалыг өсгөдөг” гэлээ.

 

Доромжлохыг эрүүжүүлэх нь хуулиар айлгах гэсэн оролдлого уу?

 

Эрүүгийн хуулийн 13.14 дэх заалт буюу худал мэдээлэл тараах гэмт хэрэгт гүтгэх, доромжлохыг ч хамаатуулан шийтгэл оногдуулсаар байгаа. Энэ заалтаар ял, шийтгэл сонсогчдын ихэнх нь сэтгүүлч, нийгэм, улс төрийн идэвхтэй иргэд гэсэн статистик тоо байна. Харин хууль шүүхээр шийдүүлэхээр гомдол гаргагчид нь нийгмийн шүүмжлэлд өртөмтгий бүлэг гэгддэг улс төрч, улс төрийн өндөр албан тушаалтнууд болон томоохон компаниуд. Хэвлэл мэдээллийн зөвлөлөөс ёс зүйн зарчмын хүрээнд өөрийн зохицуулалтаар энэ төрлийн асуудлыг зохицуулдаг. Хэрэв сэтгүүлч материал, нийтлэл бүтээлдээ хэн нэгнийг доромжилсон, ёс зүйн алдаа гаргасан бол ёс зүйн зарчмын хүрээнд залруулга гаргах, уучлал хүсэх зохицуулалттай. Хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлч биш байлаа гэхэд Иргэний журмаар нэр төр, алдар хүндээ сэргээлгэж, учруулсан гэм хороо арилгуулахаар шаардаж бас болно. Ийм боломжууд байхад доромжлох үйлдлийг Эрүүгийн хуульд аваачин нааж байгааг хуулиар далайлган айлгах гэсэн оролдлого ч гэж хардаж болохоор байгааг хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөллүүд онцолж байна.

 

НҮБ-аас халах чиглэл өгсөн ч уламжлалаа сэргээхээр оруулж иржээ

 

Улс төрд нөлөө бүхий тоглогчид өөрсдөдөө давуу байдал олгох, хуулийг өөрсдийн гэмт үйлдлийн хамгаалалт болгож хууль, шүүхийн тогтолцоог буруугаар ашиглах тохиолдол улам бүр нэмэгдэж байгааг олон судалгаа харуулж байна. Доромжлох үйлдлийг гэмт хэрэг гэж үзэн Эрүүгийн хуулиар шийтгэх нь үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөнд халтайг НҮБ анхааруулсаар, уриалсаар, чиглэл өгсөөр ирсэн. НҮБ-ын Ерөнхий Ассемблейн Сэтгүүлчдийн аюулгүй байдал, тэдний эсрэг гэмт үйлдэл ял шийтгэлгүй үлдэж буйг таслан зогсоох асуудлаарх тогтоолд гишүүн орнууддаа хандан нэр хүнд гутаахтай тэмцэх хуулиудыг сэтгүүлчдийн ажилд хөндлөнгөөс оролцох, цагдан хянахад буруугаар ашиглахгүй байх, ийм хуулиудаа олон улсын хүний эрхийн эрх зүйн дагуу хүлээсэн үүрэгтээ нийцүүлэн өөрчлөх, халахыг анхааруулж байв. Гэтэл манай улс “Их засаг” цаазад энэ тухай зааж ирсэн уламжлалыг сэргээж Эрүүгийн хуульдаа оруулахаар төсөлд тусгасан гэв. Энэ талаар ХЗДХЯ-ны Эрүүгийн хуулийн шинэчлэн найруулах ажлын хэсгийн гишүүн, ДХИС-ийн профессор С.Гантулга “Үндсэн хуульд хүний нэр төр, алдар хүндийг тодорхойлж өгсөн. Мөн Хүний эрхийн түгээмэл тунхаглал, Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын факт зэрэгт тодорхойлон баталгаажуулсан байдаг. Хүн төрсөн цагаас заяагдмалаар нэр төр, алдар хүндтэй болдог.  Тэгэхээр нэр төр, алдар хүндтэй байх эрх нь хөндөгдөж зөрчигдсөн тохиолдолд төр хамгаалах үүрэгтэй. Үүнийг Эрүүгийн хуулийн хамгаалалтад авч доромжлох үйлдлийг гэмт хэрэгт тооцохоор хууль санаачлагч оруулж ирсэн. Монголчууд бие биедээ нэр хоч өгөх, хөгжлийн бэрхшээл, бие эрхтний согогоор хочилдөг үзэгдлээ хэвийн мэт ойлгочихсон байдаг. Түүнчлэн доромжлох үйлдлийг гэмт хэрэг гэж үзэж төсөлд тусгахдаа өндөр хөгжилтэй, эрх зүйн уламжлалын хувьд жишээ, туршлага авдаг ХБНГУ, Япон, Сингапур,Финланд зэрэг орнуудын хууль тогтоомжоос судалсан байгаа юм. Эдгээр орнууд доромжлох үйлдлийг гэмт хэрэгт тооцож хариуцлага хүлээлгэдэг” гэсэн юм.

Доромжлох үйлдлийг Эрүүгийн хуулиар багтаан шийтгэх нь тохиромжгүй гэж үзэж байгаа нь хүний нэр төр, алдар хүндэд халдаж гутаан доромжлохыг гараа өргөн дэмжиж байна гэсэн үг биш юм. Эрүүгийн хуулиар бус Иргэний хуулиар, салбарын өөрийн зохицуулалтаар холбогдох асуудлыг шийддэг байх нь хүний эрхийг хамгаалах талаасаа хамгийн оновчтой болохыг хуульч, судлаачид, иргэний хяналтын байгууллагууд илэрхийлж байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ ЗУРГАДУГААР САРЫН 28. ЛХАГВА ГАРАГ. № 127 (7112)