Б.ТУУЛ
Нийслэлд хамгийн ойр байрлах байгалийн үзэсгэлэнт газар бол Горхи-Тэрэлжийн бүс нутаг билээ. Тиймээс энэ уул хад, гол мөрөн хослосон аялал жуулчлалын бүсэд жилдээ гадаадын 20-30 мянга, дотоодын 100-120 мянган аялагчид амарч зугаалдаг.
Тэрэлжийн тусгай хамгаалалттай бүс нутагт аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг жуулчны баазуудаас гадна хүүхдийн зуны зуслан, хэд хэдэн байгууллагын ажилчдын амралтын газар зэрэг 300 орчим аж ахуйн нэгж байрладаг.
Мөн гадаад дотоодын жуулчдын үзэж сонирхох түүхэн дурсгалт газрууд олон байдаг билээ. Энэ удаа бид Тэрэлжийн бүс нутагт улаанбаатарчуудын хамгийн их очдог "Арьяабалын сүм"-ийг танилцуулж байна.
АРЪЯАБАЛЫН СҮМ: Тус сүмийг бясалгалын сүм гэх агаад 1998-2004 онд барьж дуусгажээ. Сүм байгаа газрыг Түвдийн нэгэн лам шинжиж “энэ газар рашаан булгийн ундаргатай, байгалийн энергитэй газар учраас сүм хийд байгуулахад тохиромжтой юм байна” хэмээсэн гэдэг.
Сүмийг тойруулан 108 жижиг суварга, шашны 8 тахил, хангагч эрдэнэ, соёмбо зэрэг бэлгэдлээр чимэглэсэн төмөр хашаагаар хүрээлжээ. Сүмийн байшинг тойрсон 108 хүрдийг эргүүлж гороолоход “Ум мани бадми хум” тарни олон дахин уншигдсантай тэнцэнэ хэмээн бэлгэдэг байна.
Эх сурвалж: www.zms.mn