Б.ДАМДИН-ОЧИР
Нүүрсний хулгайн хамгийн эхнийх хэмээгдэж буй Төмөр замын С.Батдөлийн хэрэг шүүхэд очсон. Тодруулбал, НПГ-аас С.Батдөл, Б.Эрдэнэхүү, Д.Адъяацэрэн, С.Баттулга, Б.Энхмандах, Ж.Багамонгол, Р.Дашбилэг нарын долоон хүнд холбогдох эрүүгийн 2301000010020 дугаартай хэрэгт яллах дүгнэлт үйлдэж Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шүүхэд шилжүүлсэн. Тэгвэл энэ сарын 20-нд болсон шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр тэдний гэм буруугийн шүүх хуралдааныг 2023 оны зургадугаар сарын 30-ны өдрийн 09:00 цагт явуулахаар товложээ. Гэрээс нь “олдсон” асар их мөнгө, ил болсон бусад баримт сэлтээс хараад “...С.Батдөл гэм буруутай юу, үгүй юу” гэдэг дээр олон нийт багцаатай болчихсон. Гэхдээ нийгмээр нь цочоосон уг хэргийг С.Батдөл ганцаараа үүрэх үү, цаад эзнээ нэрлэх үү гэдэг нь анхаарал татсаар байгаа юм. Ямартай ч мөрдөгчдөд ч, прокурорт ч тэр талаар ам нээгээгүй байна. Харин тэрбээр шүүх дээр “эзэн”-ээ нэрлэх болов уу, яах бол?!
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2023 ОНЫ ЗУРГАДУГААР САРЫН 26. ДАВАА ГАРАГ. № 125 (7110)