Т.БАТСАЙХАН
УИХ-ын дарга Г.Занданшатар ОХУ руу нисэхийнхээ өмнөхөн, 2023 оны зургадугаар сарын 16-нд нэгэн захирамж гаргажээ. “Ажлын хэсэг байгуулах тухай” уг захирамждаа “Нүүрсний хулгайн асуудлыг УИХ-ын Хяналт шалгалтын тухай хуулийн дагуу үр дүнтэй хяна шалгах, ард иргэд, иргэний нийгмийн байгууллагын хүсэлт, шаардлагын хүрээнд олон нийтийг ил тод, бодитой мэдээллээр хангах, Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор нүүрсний худалдан авалт, тээвэрлэлт, гаалийн бүрдүүлэлт, экспорт, холбогдох зөвшөөрөл, хяналтын асуудлаар УИХ-ын хяналтын сонсгол зохион байгуулах бэлтгэл хангах, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсугай” гэсэн байгаа юм. Энэхүү ажлын хэсгийн даргаар ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатарыг томилж, бүрэлдэхүүнд нь УИХ-ын гишүүн Г.Ганболд, Г.Тэмүүлэн, Б.Энхбаяр, С.Ганбаатар, Т.Доржханд нарыг оруулжээ. Хяналтын сонсголын бэлтгэлийг базааж, 2023 оны долдугаар сарын 1-ний дотор танилцуулахыг ажлын хэсэгт даалгасан байна.
“Хальт” харвал энэ нь УИХ-ын дарга Г.Занданшатарын өдөр тутам шахам гаргаж байдаг захирамжуудын л нэг мэт. Харин ухвал маш нарийн учиртай. Юу гэвэл нүүрсний хулгайтай холбоотой асуудлууд өнгөрсөн өвлөөс хойш гацчихаад байсан. Сүүлдээ ярьдаг ч хүнгүй болсон. Хааяа хууль хяналтынхан нүүрсний хулгайтай ганц нэг “жараахай” холбогдсон хэргийг ийш тийш болгосноо мэдээлдэг болоод байв. Гэвч олон нийт мартаагүй. УИХ-ын Нүүрсний түр хорооноос сонсгол хийхийг шаардсаар байлаа. Хэрэв хяналтын сонсгол хийвэл оффтейк гэрээнүүд, “Эрдэнэс Тавантолгой” компанийн худалдан авалтын гэрээнүүдийн ард чухам юу болж байсныг бид мэдчихнэ. Ийм үр дүнтэй байв. Мэдээж энэ нүүрсний хулгайтай холбоотой хүн, хүчинд таалагдаагүй. Учир нь тэдний хамаг булай ил болно. Тиймээс л Нүүрсний түр хороо сонсгол хийх тал дээр хөдөлж чадаагүй байх. Ер нь ч хөдлөх дургүй байсан нь одоо ойлгогдож байна. Өөрөөр хэлбэл, нүүрсний сонсгол өнөөг хүртэл гацсан нь нүүрсний хулгайтай холбоотой хүмүүстэй холбоотой. Ер нь бол бүхэл бүтэн УИХ-ын үйл ажиллагааг баргийн хүн гацааж чадахгүй. Цаана нь нүүрснийхэн байсан нь ойлгомжтой байв. Нүүрсний сонсголыг гацааж байгаад “урьдын сайхан цаг”-аа эргүүлж авчрахын тулд янз бүрийн хор хуй найруулж, хов жив тарааж үзсэн. Ямар сайндаа “Нүүрснийхэнд мафи гэсэн нэр жижигдэнэ” гэсэн яриа гарахав дээ. Тийм л бяртай, хүчтэй хүмүүс шүү дээ.
Байдал иймдээ тулж, УИХ-аас байгуулсан Түр хороо хөдлөхгүй болохоор нүүрсний сонсголыг хийх өөр арга чарга харагдахаа болиод байсан юм. Нүүрсний сонсгол гацчихаар дагаад нүүрсний хэргүүд ч гацаанд орчихсон. Ийм л болсон.
Харин олон нийт идэвхийлэн шаардахтай зэрэгцээд УИХ-ын дарга Г.Занданшатар “гарц” гэж болохуйц дээрх захирамжийг гаргав. Ингэснээр нүүрсний хулгайн хэргүүд ч гацаанаас гарна. УИХ сонсголоо явуулчихвал хууль хяналтынхан ч халгаж зугтах хэрэггүй болж байгаа юм.
Үнэнийг хэлэхэд УИХ-ын дарга Г.Занданшатар ихээхэн зориг гаргаж, энэ захирамжийг гаргалаа л даа. Тэрбээр маш том хүчнийг сөрж, нийтийн эрх ашгийн төлөө алхам хийлээ. Товчхон хэлэхэд, УИХ-ын дарга зарчим барив. Магадгүй, УИХ-ын дарга Г.Занданшатар руу энэ захирамжийг гаргасных нь төлөө улс төрийн шахаа, шанаа чиглэхийг үгүйсгэхгүй. Энэ утгаараа тэр эрсдэлтэй л шийдвэр гаргаж байгаа юм.
Гэхдээ Г.Занданшатар ингэж захирамжилснаараа УИХ-ын даргын үзэг, алх хоёр ямар хүчтэйг харууллаа. Яагаад гэвэл манайх чинь Үндсэн хуульдаа “УИХ бол төрийн эрх барих дээд байгууллага мөн бөгөөд хууль тогтоох эрх мэдлийг гагцхүү УИХ-д хадгална” гэж заасан улс шүү дээ.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2023 ОНЫ ЗУРГАДУГААР САРЫН 20. МЯГМАР ГАРАГ. № 121 (7106)