Б.ДАМДИН-ОЧИР

 

Иргэний нисэхийн салбарын нэн шаардлагатай мэргэжилтнүүдийг навигацийн орлогоор санхүүжүүлж гадаадад сургадаг. Үүнд буруу зүйл алга. Гэвч тэнд ажилладаг албан тушаалтнууд зөвхөн өөрсдийн хамаарал бүхий этгээдүүдийг санхүүжүүлж иржээ. Чухамдаа энэ нь буруу юм. Шууд утгаараа, нисэхийнхний хамааралтай хүмүүс л нисэхийн мэргэжил эзэмшдэг. Энэ тогтолцоогоор бол “жирийн” хүүхдүүд нисгэгч болох мөрөөдлөө хаясан нь дээр болчихоод байгаа юм. Гол нь эхнэрээ, нөхрөө, хүүхдээ, ах дүүгээ, хамаатан саднаа нисэхээс санхүүжүүлж гадаадад сургахдаа хуулийг, дүрэм журмыг огоордог.

“...Ямар журмаар, хэнийг шалгаруулж, хэрхэн зээл олгох вэ” гэсэн дүрэм журмыг энд ярих нь илүүц. Эдгээрийг гишгээд гишгэлээд өнгөрдөг. Тоодог ч үгүй.

Харин тэд 2012 онд батлагдсан Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийг бол санаж байх ёстой юм. Энэ хуулийн ганцхан л заалтыг харъя. 11.1-т нь “...Албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэхдээ өөрийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах, удирдах, хяналт, шалгалт хийх, хариуцлага хүлээлгэх, гэрээ байгуулах, эдгээрийг хэлэлцэх, бэлтгэх, оролцох зэрэг үйл ажиллагаа явуулахыг хориглоно” гэж байна.

Харамсалтай нь Иргэний нисэхийнхэн энэ хуулийг ч үл тоосон шийдвэрүүдийг гаргаж, хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлж иржээ. Энэ маш ноцтой юм. Тухайлбал, ИНЕГ-ын даргын зөвлөл 2016 оны зургадугаар сарын 17-нд хуралдаж “...Байгууллагын зардлаар оюутан суралцуулах, суралцаж байгаа зарим оюутны гэрээг сунгах, мэргэжлийг өөрчлөх” асуудлыг хэлэлцсэн байгаа юм. Хуралд ИНЕГ-ын дарга Г.Нямдаваа, Орлогч дарга бөгөөд НААХЗГ-ын дарга Д.Батчулуун, Хууль, эрх зүйн газрын дарга З.Туяа, Санхүү, эдийн засгийн газрын дарга А.Дагвадорж, Нислэгийн хөдөлгөөний удирдлагын газрын дарга П.Ганболд, Агаарын тээврийн эдийн засгийн зохицуулалт, гадаад хамтын ажиллагааны газрын дарга Ч.Мөнхтуяа, Нисэх буудлуудын удирдах газрын дарга Д.Дашням, “Чингис хаан” ОУНБ-ын захирал Б.Бадрал нар оролцжээ. Хэлэлцэх асуудлыг Хууль, эрх зүйн газрын дарга З.Туяа танилцуулсан байна. Ингээд 11 хүнийг ИНЕГ-ын зардлаар сургах, гэрээ байгуулахаар болсон байна. Бидний одоохондоо мэдэж авснаар энэ дунд тэр хурал дээр сууж байсан Агаарын тээврийн эдийн засгийн зохицуулалт, гадаад хамтын ажиллагааны газрын дарга, одоо ИНЕГ-ын даргаар ажиллаж буй Ч.Мөнхтуяагийн хүү багтсан байна. Тэр нь АНУ-ын Сиэтл хотын Шорелайн нэгдсэн коллежид инженеренгийн үндсэн ангид суралцаж байгаа Батсайханы Золбоо бөгөөд түүнийг Вашингтоны их сургуулийн нисэхийн инженерийн мэргэжлээр суралцах эрх авсны дараа сургалтын гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулахаар болжээ. Тэр хурлаар бас тус газрын зардлаар сурч буй долоон хүний гэрээг сунгах, мэргэжлийг өөрчлөхөөр шийджээ. Энэ дотор мөн л одоохондоо холбоо сүлбээ нь мэдэгдсэн нь лав л Хууль, эрх зүйн газрын дарга З.Туяагийн охин Лхамсүрэнгийн Номин багтсан байна. Тэр хурлаар Канадын Торонто хотын Сенека коллежид нисэхийн технологи мэргэжлээр гуравдугаар дамжаанд сурж байгаа Л.Номинг "Aviation safety" программд шилжүүлж, сургалтын гэрээнд нь өөрчлөлт оруулах шийдвэрийг гаргасан байна. Мөн “инженер” Ц.Батын хүү Зориг АНУ-ын Канзасын их сургуульд нисэхийн инженерээр сурч байжээ. Түүний тэтгэлгийг нэг жилээр сунгах өөрчлөлтийг сургалтын гэрээнд нь оруулахаар болжээ.

Анзаарсан бол Иргэний нисэхийнхэн энэ хурлаа 2016 оны УИХ-ын сонгуулийн дөнгөж өмнө хийсэн байгаа юм. Ер нь эвгүй шийдвэрүүдийг ийм л үед ингэж гаргадаг номтой л доо. Үүнийхээ дараа долдугаар сарын 1-нд, 28-нд ИНЕГ-ын дарга Г.Нямдаваа нь дээрх бүрэлдэхүүнээрээ шахам хуралдаад “эвгүй” шийдвэрүүд гаргасан л байна.

Ер нь бол өнгөцхөн үзэхэд л Иргэний нисэхийнхэн иймэрхүү байдлаар ойрын хамаарал бүхий хүмүүсийнхээ асуудлыг шийдээд сууж байх аж. Мэдээж хэрэг, асуудлаа шийдүүлсэн хүн бүрийн ард мянга мянган ам.долларын яриа хөөрөө бий. Өөрөөр хэлбэл, Буянт Ухаагийн дэнж дээр буйдхан оршин тогтносон Иргэний  нисэхийнхний энэ мафи маягийн үйлдлүүдийг засаг төрийн нүд, чихний хаагуур нь өнгөрөөд байдаг нь хачирхалтай байна. Наад зах нь, засаг “5Ш” ажиллагаа гээд хавийн амьтныг үргээгээд хэдэн сар боллоо. “Шүгэл”-дүүлээд булайгаа дэлгүүлж байна. “Шувуу” болж баригдаад“тор”-луулж байх юм. “Шүүр”-дүүлээд хөөгдөх аж. “Шил”-ээр хамаг байдгаа дэлгүүлж байна. Гэтэл Иргэний нисэхийнхэн ядаж “Шүүр”, “Шил”-нд ч өртдөггүй ээ. Чухам энэ л анхаарал татаад л байгаа юм.

Хамгийн гол нь Иргэний нисэхийнхний энэ мэтийн үйлдэл нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийг шууд зөрчиж буйг хэлэх хэрэгтэй. Гэтэл уг хуулийг зөрчвөл хүлээлгэдэг хариуцлага гэж бас бий. Хуулийн 29.1.1-д мөнгөөр торгохоос эхлээд, ажлаас халах хүртэл арга хэмжээ авахаар заажээ. Гэвч хэн ч тэдэнтэй хариуцлага ярьдаггүй. Ёстой л дураараа дургидаг аж. Тиймээс “...Нисэхийнхэнд Нийтийн албаны хууль үйлчилдэг үү” гэж асууя. Гэхдээ хэнээс вэ?!

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ ЗУРГАДУГААР САРЫН 16. БААСАН ГАРАГ. № 119 (7104)