Баттулгын БЯМБАЖАРГАЛ
“Зууны мэдээ” сонин салбар салбарын тэргүүлэгчид, шинийг санаачлагчдыг “Leaderships forum” буландаа урьж, Монгол Улсын хөгжлийн гарц, боломжийн талаар ярилцаж тэдний сонирхолтой шийдэл, санаануудыг уншигчдадаа хүргэдэг билээ. Бид энэ удаад МУБИС, БоСС, Багшийн хөгжил сургалт, судалгааны хүрээлэнгийн захирал, доктор Я.Шийлэгмааг урилаа.
Хиймэл оюун ухаан “чанаргүй” багш нарт дүн тавьж байна
-МУБИС 2014 онд хөтөлбөрийн шинэчлэл хийхийн зэрэгцээ монгол багшийн загварыг боловсруулан баталсан. Тэгвэл 2022 онд бид Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр “Монгол багшийн загвар”-ыг шинэчлэн боловсруулахын зэрэгцээ энэ онд багш бэлтгэх хөтөлбөрийг шинэчлэхээр ажиллаж байна.
Монгол Улсад багш бэлтгэдэг хамгийн том, ууган их сургуулийн хувьд хөтөлбөрийн шинэчлэлийг хийж байгаа нь багшийн чанарын асуудлыг шийдвэрлэх нэг алхам гэж үзэж байгаа. Багш ямар чадвар, чадамжуудыг эзэмшиж хувь хүнийхээ хувьд яаж хөгжсөн байх вэ, нийгэмшлийн хувьд ямар чадварууд эзэмшиж мэргэжлийн мэдлэг, чадвар нь ямар төвшинд хүрсэн байх вэ гэдгийг хэмжээсжүүлэх, ингэснээр хөтөлбөрийн хэрэгжилтийн эцсийн үр дүнгээ үнэлж чаддаг хөтөлбөртэй болох зорилт тавин ажиллаж байна. Дээд боловсрол эрчимтэй хувьсан өөрчлөгдөж байна. Тиймээс бид ч хувьсан өөрчлөгдөх шаардлагаар багш бэлтгэх хөтөлбөрүүдээ шинэчилж байгаа юм.
Шилэн үе буюу дижитал үеийнхний суралцах, мэдээлэл олж боловсруулах арга барил өөр учраас багш нарын хувьд тэдний онцлогийг ойлгож, өөрсдийн арга барилыг өөрчлөн, дижитал ур чадвараа улам сайжруулж, оюутандаа хүрч ажиллах шаардлагатай болж байна. Дижитал ур чадварыг эзэмшсэн багш нар ухаалаг технологиор дамжуулан дижитал үеийнхэнд илүү хүрч ажиллах боломжтой болно гэсэн үг. Тиймээс багш суралцахуйд суралцсан, хөгжих хүсэлтэй байх нь чухал. Тэгснээрээ 21-р зууны суралцагчийг дэмжих, чиглүүлэх боломжтой болно. Олон улсын боловсролын байгууллагууд бид хүүхдэд заах биш өөрийн удирдлагатайгаар, өөрийгөө хөгжүүлэх нөхцөл боломжийг нь бий болгох нь чухал хэмээн зөвлөж байна. Өөрийгөө удирдан чиглүүлж сурсан суралцагч мэдээлэл авах арга барилд илүү суралцан, илүү өндөр түвшинд сэтгэж чаддаг. Иймээс суралцагчдын бие даан суралцах чадварыг тодорхойлох нь чухал юм. Сурах гэж байгаа зүйлийнхээ ач холбогдлыг тодруулан, өөрийн эрэлт хэрэгцээгээ ойлгох нь бие даан суралцахад идэвх сонирхлоо хадгалах гол түлхүүр болж өгдөг. Тиймээс энэ бүхнийг шингээсэн 21-р зууны ур чадварыг эзэмшүүлэх нь чухал байна.
Боловсролын салбарт хиймэл оюун ухаан нэгэнт хэрэглээ болсон. Хиймэл оюун ухаан нь уламжлалт сургалтын системд аюул авчрах биш харин сургалтын системд суурь өөрчлөлтийг авчрах хүч юм. Хиймэл оюун ухаан нь багшийн үүргийг орлохоосоо илүүтэй багшид сайн туслагч байхаар хөгжиж байна. Хиймэл оюун ухаан нь суралцагчийг шинэ мэдлэг, мэдээллийг ойлгосон эсэхийг богино хугацаанд шалгах, ойлгохгүй орхисон зүйлийг олж таних, зөв хариуг нь автоматаар тайлбарлах, түүнтэй ижил олон дасгалыг өгч суралцагчийг дадлагажуулах зэрэг багшийн олон дахин давтан хийдэг, цаг их ордог нэг хэвийн ажлыг өмнөөс нь хийж ажлыг нь хөнгөвчлөх боломжтой болсон. Тэгэхээр байгаа мэдээллийг дамжуулдаг, хичээлийг идэвхгүй уламжлалт аргаар заадаг, дүн шинжилгээ хийж, бүтээлчээр сэтгэж, асуудал шийдэх дээд түвшний ур чадварт хөтөлж чаддаггүй, зөвхөн цээжилснийг шалгадаг багш нарт хиймэл оюун ухаан дүнгээ тавьж байна.
Багш хүн суралцагчдынхаа сэтгэл зүй, суралцахуйн онцлогийг мэдэрдэг, тохирох заах аргыг ашиглан тэднийг идэвхтэй суралцагч болоход хөтөлдөг, асуудал шийдэх, бүтээлчээр сэтгэх дээд түвшний танин мэдэхүйн үйлд чиглүүлж чаддаг байснаараа хиймэл оюун ухаанд байр сууриа тавьж өгөхгүй юм. Өнөөдөр бид хиймэл оюун ухааныг эсэргүүцэх бус өөрийн сайн туслагч болгож, бүтээлчээр ашиглаж сурах нь чухал юм. Нөгөө талаар багш бэлтгэх сургуулиуд ирээдүйн чадварлаг дижитал багшийг бэлтгэхэд маш яаралтай хөтөлбөрөө шинэчилж, суурь өөрчлөлт хийх цаг үе ирээд байна. Хиймэл оюун ухааны тусламжтай хичээлийг улам бүр бодит орчинд очсон мэт виртуал, аугмент орчинд хүргэж, сурагчдыг бодит туршилт хийлгэн, танин мэдэхүйн илүү өндөр түвшинд чадвар эзэмшихэд нь хөтлөх боломжийг нээж байна. Миний хувьд “Chat GPT”-г судалгааны ажилдаа ашиглаад удаагүй байтал “Replika” хиймэл оюун ухаан гарсан байна. Хүссэн дүрээ бүтээгээд түүнтэйгээ чаталж, линк, дуу хоолой илгээгээд хиймэл ертөнцийн бодит юм шиг багштай болоод байна. Тиймээс энэ жишээнээс харахад хиймэл оюун ухаан багшийг орлох бус харин улам бүр хүчирхэгжүүлж сайн туслагч нь байж чадна гэж үзэж байгаа юм.
Багш бэлтгэх сургуулиуд босго онооноос гадна EQ-ийн шалгалт авах шаардлагатай
Блиц:
МУБИС, БоСС, Багшийн хөгжил сургалт, судалгааны хүрээлэнгийн захирал
Боловсрол:
Түүхийн ухааны докторАжлын туршлага:
2000-2014 онд МУБИС, Дэлхийн түүхийн тэнхимд багш2014-2023 онд Эрдэм шинжилгээ, инновацын албаны дарга
2023 оноос Багшийн хөгжил сургалт, судалгааны хүрээлэнгийн захирал
-Өнөө цагт багшийн мэргэжлийн тасралтгүй хөгжил (Continuing professional development)-ийг тогтолцоонд нь авч үзэж, багш өөрийн хөгжих хэрэгцээнд үндэслэн мэргэжил дээшлүүлэх олон талт үйл ажиллагаанд идэвхтэй оролцох замаар насан туршдаа суралцах, хөгжих асуудлыг төлөвлөн ажиллаж байна. Их сургууль хөгжин дэвжиж хүчирхэг байхын үндэс нь багшийг хэрхэн хөгжүүлснээс шалтгаалдаг тул тэднийг урамшуулан дэмжих, багшийн хөгжлийн бодлого боловсруулах тасралтгүй хөгжих эрмэлзлийг бий болгох, боломжоор хангах замаар багшийн хөгжлийг дэмжих ажлыг их сургуулиуд хийсээр байгаа. МУБИС бүх шатны багшийг бэлтгэдэг. Тэр утгаараа МУБИС нь зөвхөн өөрийн багш нар бус улсын хэмжээнд багш хөгжлийн асуудалд анхаарч ирсэн. МУБИС нь өнгөрсөн тавдугаар сард Боловсролын ерөнхий газрын дэмжлэгтэйгээр их, дээд сургуулийн багш нарын мэргэжил дээшлүүлэх модуль сургалтыг 64 их, дээд сургуулийн 774 багшид амжилттай зохион байгуулж, сертификат гардуулаад байна. Энэ бүхнээс үзвэл багшийн хөгжил нэг талаас төрөөс хэрэгжүүлдэг багш нарыг хөгжүүлэх арга хэмжээ, нөгөө талаас багшийн өөрийгөө хөгжүүлэх арга хэмжээ гэсэн хоёр зүйлийн уулзвар дээр хэрэгждэг.
Ер нь багш бэлтгэх их, дээд сургуулиуд элсэлт авахдаа босго онооноос гадна EQ-ийн шалгалт авдаг болох хэрэгтэй гэж харж байна. Урлагийн сургуулиуд оюутан элсүүлэхдээ авьяас, ур чадварын шалгалт авдагтай адил багш бэлтгэх сургуулиуд EQ-ийн шалгалт авдаг болох шаардлагатай. Ингэснээр багш мэргэжлээр хүүхдэд хайртай, сэтгэл хөдлөлөө удирдан жолоодох чадвартай, нинжин сэтгэлтэй, эерэг хандлагатай нэгэн элсэх боломжтой болох юм. Түүнээс гадна бүх шатны багш нарт зориулсан ёс зүйн талаарх нөлөөллийн ажлууд хийх нь чухал.
Орчин цагийн боловсролын эрэлт, хэрэгцээ нь насан туршийн хөрвөх боловсролтой, дэлхийн иргэнийг бэлтгэхэд оршино
-Дижитал шилжилтийн зуунд ажиллаж амьдрах иргэдийг дижитал шилжилтийн технологид сургах, ажиллаж амьдрах чадвартай болгоход боловсролын тогтолцоог бэлтгэх, шилжүүлэх ажлыг нэн дариу эхлүүлэх шаардлага тулгарсан. Цахим шилжилт нь уламжлалт зарим ойлголтыг халж байна. Ирээдүйд сургууль заавал байшинтай байж, суралцагч заавал өдөр тутам танхимд очиж, хичээлд суух шаардлагагүй болох нь тодорхой боллоо. Тэгвэл бид сургуулийн том барилга барихаасаа илүүтэй хосолмол хөтөлбөр хэрэгжүүлж, тооны араас бус чанарт анхаарч Монголын боловсролын салбар дэлхийд хүлээн зөвшөөрөгдөх боломж бүрдэнэ. Нөгөө талаар, “Artificial intelligence” буюу хүний оюун ухааныг орлох хиймэл оюун ухаан хүн төрөлхтний амьдралд маш хурдацтайгаар, хүч түрэн орж ирж байна.
Шинэ зууны хүүхэд багачууд шинжлэх ухаан, технологийн эрчимтэй хөгжлийн нөлөөгөөр өрсөлдөөнтэй, цаашдын хөгжил нь тааварлашгүй, боломж, эрсдэлийн аль алиныг дагуулсан хурдацтай өөрчлөлт бүхий нийгэмд өсөн бойжиж, сурч, ажиллаж амьдрах нь тодорхой болж, тэднийг ирээдүйн нийгмийн сайн сайхан, үр бүтээлтэй ажил, амьдралд бэлтгэхэд урьд өмнөхөөс илүү хүлээлт үүсч байна. Боловсролын энэхүү шинэ эрэлт хэрэгцээ нь хүүхэд, залуучууд, нийт иргэдийг нэг талаас насан туршийн хөрвөх боловсролтой иргэнийг, нөгөө талаас дэлхийн монгол иргэн бэлтгэхэд анхаарлаа хандуулахыг шаардаж байна. Эзэмшсэн мэдлэг, чадварын хадгалагдах, хэрэглэгдэх хугацаа улам бүр богиносож, хувь хүнээс хандлага, зан чанар, сэтгэл хөдлөл, сэдэл зэрэг зөөлөн чадварыг цогцоор нь шаардах боллоо. Өнөөгийн боловсролын хөгжлийн шинэ хандлагын дагуу боловсролын тогтолцоог өөрчлөн шинэчлэх, 21 дүгээр зууны боловсролын зорилго, зорилтыг дэлхийн болон бүс нутаг, улс орны нийгэм эдийн засгийн хөгжлийн хандлагад нийцүүлэн шинээр тодорхойлж томьёолох шаардлага тулгарч байна. Судлаачид боловсролын тэрхүү зорилгыг суралцагчийн цогц чадамж, ур чадвар зэргээр олон янзаар нэрлэж байгаа боловч тэдгээрийн нийтлэг нэг зүйл бол суралцагчдад ирээдүйн амжилтад хүрэхэд юу тусалдаг вэ гэдэг асуултын хариулт дээр төвлөрч байна .
Нэг дэлхий дээр яаж удаан, сайхан амьдрах вэ гэдгийг багш нараар дамжуулан түгээнэ
-Сургууль тэр дундаа багш бэлтгэх их сургууль нь тогтвортой байдлын сорилтуудыг даван туулах болон харилцан уялдаа бүхий үйл явцуудад оролцож шийдвэр гаргах гол тоглогч байдаг. Багш бэлтгэх сургууль нь бид нэг дэлхий дээр хэрхэн хамтдаа эрх тэгш, сайн сайхан амьдрах вэ гэдгийг зааж сургадаг. МУБИС-ийн хувьд тогтвортой байдлын хороо байгуулж, түүгээрээ дамжуулан ажилтнуудыг чадавхжуулах ногоон оффисын сургалт, ногоон худалдан авалтууд зэрэг олон ажлуудыг хийсэн. Тогтвортой хөгжлийн боловсролын агуулгыг сургалтын агуулгад тусгахын зэрэгцээ оюутны клуб байгуулж, тэдгээрээр дамжуулан хог хаягдлын менежментийн уралдаан зарлаж, нөлөөллийн үйл ажиллагаануудыг зохион байгуулсан. Сургалтад нэвтрүүлэх зорилгоор “жендер” сургалтын хөтөлбөрийг шинээр боловсруулж, бүрэлдэхүүний найман сургуульд туршсан. Мөн МУБИС-ийн эрх зүйн баримт бичгүүд болон тогтвортой хөгжлийн боловсрол төслийн хүрээнд хэвлүүлсэн гарын авлагуудад жендэрийн судалгааг хийж, тайлагнав. Энэ бүх үйл ажиллагааг хийж хэрэгжүүлсэн гол зорилго нь тогтвортой хөгжлийн боловсрол бол одоогийн байгаа нэг дэлхий дээрээ яаж бид урт удаан, сайн сайхан амьдрах вэ гэдгийг ирээдүйн багш нараар дамжуулан сурагчдад түгээх арга зам болно.
Цар тахлын дараа зарим судалгаагаар Монголын өсвөр насны хүүхдүүдийн 68 хувь нь ганцаардалд өртсөн бол тэдний 70 гаруй хувь нь сэтгэцийн дарамтад ордгийг тогтоожээ. Тиймээс хүүхдэд сэтгэл зүйн дэмжлэг туслалцаа зайлшгүй хэрэгтэй байсан тэр хэрэгцээнд тулгуурлан “Тогтвортой хөгжлийн боловсрол-II” төслийн хүрээнд БСШУЯ, БОАЖЯ, Швейцарын хөгжлийн агентлаг хамтран анх удаагаа “Боловсролын сэтгэл зүйч”-дийг бэлтгэж эхэллээ. Социализмын үед Багшийн мэргэжил дээшлүүлэх институт, МУБИС хамтран 30 сургуулийн сэтгэл зүйчийг гурван сарын хугацаатай бэлдэж байсан түүхтэй. Харин 2021-2022 оны хичээлийн жилээс МУБИС боловсролын сэтгэл зүйч бэлтгэх ажилд Боловсрол судлалын сургууль хамтран ажиллаж, хүний нөөц бэлтгэх ажилд ихээхэн хувь нэмэр оруулсан. Цаашид 700 гаруй ерөнхий боловсролын сургуульд сэтгэл зүйч бэлтгэх нийгмийн захиалгыг үүрэлцэж байна. МУБИС-ийн боловсролын сэтгэл зүйч бэлтгэх ангийн эрэлт их, элсэх хүсэлтэй элсэгчийн тоо жил бүр нэмэгдсээр байна.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2023 ОНЫ ЗУРГАДУГААР САРЫН 5. ДАВАА ГАРАГ. № 110 (7095)