П.АМГАЛАНБАЯР

 

Хүн төрөлхтний түүхэнд  нэгэн тод мөр болон тэмдэглэгдсэн үйл явдал бол дэлхий нийтийг хамарсан  цар тахал. Анх БНХАУ-ын Хубэй мужид 2019 оны арванхоёрдугаар сард коронавирусийн халдвар бүртгэгдсэн. Ийнхүү 2020  оны гуравдугаар сард  ДЭМБ-аас  “цар тахал” хэмээн албан ёсоор зарласан. Үүнээс хойш цар тахлын нөхцөл байдлыг даван туулахын тулд  эрүүл мэндийн байгуулага, төр засаг  шат дараатай арга хэмжээг хэрэгжүүлж өнгөрсөн нэгдүгээр сард  ногоон түвшинд хүрсэнээ зарласан юм. Тиймээс “Коронавируст  халдварын цар  тахлын  үеийн туршлага, сургамж” салбар дундын эрдэм шинжилгээний хурал өчигдөр боллоо. Эрдэм шинжилгээний хуралд эмч, мэргэжилтэн, эрдэмтэн судлаачид оролцож, бодлого эрх зүй, нийгэм, эдийн засгийн салбар хуралдаан, эмнэлзүйн  салбар хуралдаан  нийгмийн эрүүл мэндийн салбар хуралдааны хүрээнд  зохион байгуулав. “Ковид-19”-ийн цар  тахлын  үеийн туршлага, сургамж”-ийн талаарх  салбар дундын эрдэм шинжилгээний хурлын үеэр үндсэн таван илтгэлийг хэлэлцүүлсэн. Хурлын үеэр хэлэлцүүлсэн илтгэлийн агуулгыг тоймлон хүргэж байна.

 

“Ковид-19”-ийн үед 2020-2022  онд эрүүл мэндийн салбарт 1.4  их наяд төгрөг зарцуулжээ

 

Эхний илтгэл нь Эрүүл мэндийн дэд сайд, Улсын онцгой комиссын гишүүн С.Энхболд “Коронавируст халдварын үед эрүүл мэндийн салбараа авч хэрэгжүүлсэн  арга хэмжээ” –ний талаар танилцууллаа.

Дэлхий дахинд  2023 оны  тавдугаар сарын байдлаар  коронавируст халдвараар  688 сая хүн өвчилж,  6.8 сая хүн  нас барж, халдварын тархалт буурч байгаа бол манай улсад 1,008,038 хүн өвчилж, 2179  хүн нас барсан байна. Халдварын эрсдлийг бууруулах зорилгоор  Монгол Улсад  2021 оны  хоёрдугаар сарын  23-наас коронавирус халдварын эсрэг  дархлаажуулалтыг эхэлж 8.6  сая тунгаар  давхардсан тоогоор  5.6  сая хүнийг вакцинжуулсан.  Цар тахлын үед  2020-2022  онд эрүүл мэндийн салбарт  нийт 1.4  их наяд төгрөг зарцуулсан. Санхүүжилтийн  эх үүсвэрээр  үзвэл  улсын төсвөөс 501.6 тэрбум төгрөг,  Засгийн  газрын нэмэлт санхүүжилтээр  93.6  тэрбум төгрөг, Эрүүл мэндийн даатгалын сангаар  322.9  тэрбум төгрөг,  Олон улсын байгууллагын зээл, хандив тусламжаар  490.6  тэрбум төгрөг, иргэд аж ахуй нэгж,  байгууллагын хандиваар  32.2  тэрбум төгрөгийг цуглажээ.  Дээрх санхүүжилтийг эмч ажилчдын илүү цагийн хөлс, урамшуулалд 70 тэрбум төгрөг,  эм эмнэлгийн хэрэгсэл,  урвалж оношлуурт  115.2  тэрбум төгрөг,  дархлаажуулалтад  367.1  тэрбум төгрөг, хамгаалах хувцас хэрэглэлд  66.4  тэрбум,  эмнэлгийн тоног төхөөрөмжид 121.9 тэрбум төгрөг,  нийгмийн эрүүл мэндийн хариу арга хэмжээнд  8.1 тэрбум төгрөг, эмнэлгийн тусламж үйлчилгээг санхүүжүүлэхэд  680.4 тэрбум зарцуулсан. Мөн вакцин болон  эм, эмнэлгийн хэрэгслийн нөөцийн зориулалттай  барилга байгууламжийн  зардалд  12.6  тэрбум төгрөгийг зарцуулсан байна.

Мөн  2021-2021 онд КОВАКС хөтөлбөрийн хүрээнд  1.6 сая хүн  тун,  БНЭУ-ын тусламжаар  150 мянган хүн тун,  Монгол,  Япон Улсын Засгийн газрын хамтын ажиллагааны хүрээнд  2.3  сая хүн тун,  АПВАКС хөтөлбөрөөр   1.3  сая хүн тун,  БНХАУ-ын  тусламжаар  300 мянган хүн тун,  Монгол Улсын Засгийн газрын  худалдан авалтаар  2.9  сая хүн  тунг тус тус  татан авсан  талаарх мэдээллийг илтгэлд дурдлаа.

 

УОК-ийн дэргэдэх Эрдэмтдийн зөвлөл  52  асуудал  хэлэлцэн, УОК-т  11 зөвлөмж хүргүүлсэн

 

Анагаах  ухааны доктор , профессор АШУҮИС-ийн  захирал, Улсын  онцгой комиссын  эрдэмтдийн  зөвлөлийн дарга  Н.Хүрэлбаатар “Коронавируст  халдвар  цар тахлын үед  УОК-ийн дэргэдэх эрдэмтдийн  зөвлөл, АШУҮИС-аас  ав хэрэгжүүлсэн  арга хэмжээ” гэсэн илтгэлийг  тавьлаа.

Илтгэлд “Коронавируст халдварын эсрэг тэмцэл бол  зөвхөн Засгийн газар, Улсын онцгой комисс, Эрүүл мэндийн салбарын ажил биш. Иргэд, эрдэмтэн,  судлаачид,  албан байгууллагуудын  ижил тэнцүү оролцоо,  зүтгэл нэгдэж байж үр дүнд хүрнэ гэж үзсэн учраас  Салбар дундын эрдэмтдийн зөвлөл 2020 оны  арваннэгдүгээр сарын 23-нд  УОК-ын  даргын  32 тоот тушаалаар байгуулагдан ажилласан.  УОК-ийн дэргэдэх салбар дундын эрдэмтдийн зөвлөлд анагаах ухаан, нийгмийн эрүүл мэнд,  эдийн засаг,  хууль эрх зүй,  статистик зэрэг олон салбарын 21  эрдэмтдийн төлөөллийг багтааж,  салбар бүрд тулгамдаж буй асуудал,  түүний шийдлийг  шинжлэх ухааны үндэслэл, нотолгоонд суурилан хэлэлцэж, зөвлөмж боловсруулан ажилласан.  Эрдэмтдийн зөвлөл  52  асуудал  хэлэлцэн, УОК-т  11 зөвлөмж хүргүүлсэн.   АШУҮИС нь УОК-ийн дэргэдэх эрдэмтдийн  зөвлөлийн  үйл ажиллагааг дэмжих, баримт, судалгаагаар хангах,  ард иргэдэд болон эмч мэргэжилтнүүдэд мэдээлэл зөвлөгөө өгөх,  сургалт зохион байгуулах чиглэлээр  Биоанагаах  ухаан,  Эмнэлзүй,  Нийгмийн эрүүл мэнд гэсэн  гурван чиглэлээр ажлын хэсэг  байгуулан ажилласан.  Ажлын хэсгээс иргэдэд зориулсан  зөвлөмж мэдээлэл 500 гаруй, видео материал 16, эрдэм  шинжилгээ судалгааны тойм мэдээлэл 37, эмч мэргэжилтнүүдэд  зориулсан мэдээлэл арга зүйн заавар зургааг   бэлтгэн түгээсэн.

 АШУҮИС-ийн  эрдэмтэд, багш нар коронавируст халдварын  тархвар судлал, сэргийлэлт,  эмгэг жам,  эмнэлзүй, оношилгоо,  эмчилгээ  сэргийлэлт,  хяналт,  эмнэлзүйн менежмент, дархлаа судлал, лабораторийн  оношилгоо, хариу арга  хэмжээний  бэлэн  байдал зэрэг  чиглэлээр  таван багц сургалтыг  эмч мэргэжилтнүүдэд зориулан зохион байгуулсан.  Түүнчлэн  “Монгол Улсад  бүртгэгдсэн  шинэ  коронавируст халдварын  эмнэлзүйн судалгаа” , “SARS- COV2-ийг илрүүлэх шинэлэг  оношлуур бүтээх” , “Коронавируст  халдварын тархалтыг  хүн амд суурилан, насны бүлэг тус бүрээр  судлах, тархвар зүйн  судалгаа” зэрэг төслийг амжилттай хэрэгжүүлсэн.  АШУҮИС-инй  Монгол-Японы эмнэлэг, эмнэлзүйн  молекул оношилгооны  төв олон  мянган хүнд  үйлчилж,    эрүүл мэндийн салбарын  ачааллыг хуваалцаж, цар тахлыг даван туулахад хувь нэмрээ оруулсан” гэв.

 

“Ковид-19”-ийн оргил үед 186 албан хаагч гурван ээлжээр ажиллажээ

 

Харин Онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга,  Бригадын генерал Б.Ууганбаяр “Цар тахалтэй   тэмцэх чиглэлээр  Улсын онцгой комисс, шуурхай штабаас авч хэрэгжүүлсэн арга хэмжээ” илтгэлийг тавьлаа. Тэрбээр “Шадар сайдын  2020  оны 06 тоот  тушаалын дагуу  2020.03.12-ны өдрөөс шуурхай штабыг байгуулсан.  Засгийн газар, УОК-ын  шийдвэрийг хэрэгжүүлэх,  цар тахлаас урьдчилан сэргийлэх,  тэмцэх,  хариу арга хэмжээг хэрэгжүүлэх,  үйл ажиллагааг  улсын хэмжээнд удирдан зохион байгуулах, салбар дундын үйл ажиллагааг  уялдуулан зохицуулах  чиг үүрэг бүхий  УОК-ын  Шуурхай штабыг дөрвөн удаа шинэчилсэн. Шуурхай штаб  халдварын тархалтын оргил үед 46 байгууллагын  186 албан хаагч гурван ээлжээр ажиллаж,  24 цагаар үүрэг гүйцэтгэн ажилласан.  Аймаг, нийслэл, сум,  дүүргийн хэмжээнд  Онцгой комиссын шуурхай  штабууд   коронавируст  халдварын эсрэг  хариу арга хэмжээг  тухай бүр төлөвлөн, салбар  дундын зохион байгуулалтыг  ханган ажилласан. Цар тахлын эсрэг  хариу арга хэмжээнд нийт 164 мянга гаруй төрийн албан хаагч үүрэг гүйцэтгэсэн” гэсэн юм.

 

Цар тахлын үед хүний эрх чөлөөний хязгаарлалт хуульд нийцэж чадаагүй

 

Харин  ХЭҮК-ын гишүүн, Хууль зүйн доктор  Г.Нарантуяа “Коронавируст  халдварын  цар тахлын үеийн  хүний эрх,   эрх чөлөөний сургамж” сургамжаар сэдвээр илтгэл тавьлаа.  Тэрбээр “Коронавируст халдварын  цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх,  нийгэм эдийн засагт үзүүлэх сөрөг  нөлөөллийг бууруулах  тухай хуулийн  11 дүгээр зүйлийн  11.6  дахь хэсэгт “ Монгол Улсын хүний эрхийн Үндэсний Комиссын  тухай хуульд  заасан чиг үүрэг, бүрэн эрхийн хүрээнд  энэ хуульд заасан  арга хэмжээнд хяналт тавина” гэж заасан.  ХЭҮК Монгол Улс дахь хүний эрх,  эрх чөлөөний байдлын талаарх  20 дахь  илтгэлийг  “Ковид-19”-ийн цар тахлын үеийн хүний эрхийн нөхцөл байдал” сэдвээр боловсруулсан.  Харин 21 дэх илтгэлд цах тахлын сургамжийг дүгнэж,  УИХ-д хүргүүлсэн.  Илтгэлийн мөрөөр  УИХ-аас 2021 оны  61 дүгээр  тогтоол,  2022 оны  49 дүгээр  тогтоолыг баталж, Засгийн газарт үүрэг өгсөн.

Коронавируст халдварыг нутаг дэвсгэртээ тархаахгүй байх зорилгоор  авсан өргөн хүрээтэй хяналт, хязгаарлалт, дархлаажуулалтыг  шуурхай явуулсны үр дүнд  иргэдийнхээ амь насыг цар тахлаас  хамгаалах үүргээ Монгол Улс  харьцангуй амжилттай биелүүлсэн.  Иргэний, улс төрийн  эрх чөлөөний хэрэгжилтэд ч эерэг үзүүлэлт бий.  Гэвч хүн амд  эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэх, дархлаажуулах хөл хорио тогтоох, тусгаарлах,  хөдөлгөөн хязгаарлах,  халдвар авсан хүний хавьтлыг  тогтоох,  худал мэдээллээс сэргийлэх зэрэг хязгаарлалтыг хэрэгжүүлэхэд  хүний эрх, эрх чөлөө ихээр зөрчигдсөн.  Засгийн газраас  иргэдийн амьжиргааг дэмжих  өргөн хүрээтэй   арга хэмжээ авсан боловч үр дүн,  хүртээмж муу байсан нь  бодлого,  арга хэмжээ хүнд ойр биш,  тэдгээрийг тодорхойлоход  амьдралын  олон өнгө, нарийн төвөгтэй  нийгмийн харилцааг  тооцоолон  тусгах чадавх  муу байсныг  илтгэж байв.  Монгол Улсын олон мянган иргэд эх орондоо ирэх боломжгүй,  өвчлөл хэрхэх нь тодорхойгүй түгшүүртэй нөхцөлд цалин , орлогогүй  олон сараар  гадаад улсад амьдарсан. Эх орондоо ирсэн боловч тусгаарлалтын урт хугацаанд  хатуу шаардлагын улмаас  тэр бүр ойр дотны  хүмүүстэйгээ салах ёс хийж чадахгүй хагацсан эмгэнэлтэй тохиолдлууд гарсан.

Хот хоорондын зорчих  хөдөлгөөнийг хязгаарлах гэнэтийн шийдвэр гаргахдаа эрүүл мэнд, аюулгүй, байдал, эрсдэж болзошгүй хүмүүсийг хамгаалах   бодлого арга хэмжээг төлөвлөөгүй. Ингэснээр 2020 оны арванхоёрдугаар сард олон  мянган иргэн халдвар авах илүү эрсдэлтэй байдалд  гэрээсээ өөр бусад орон нутагт нэг сар илүү хугацаанд  хөл хоригдсон. Хувийн нууцыг  хамгаалах горим тогтоогүй,  хүний хувийн амьдрал нэр төрд хүндэтгэлтэй хандах хандлага төрийн албан хаагчдад төлөвшөөгүйгээс халдвар авсан байж болзошгүй хүмүүс, тэдний гэр бүлийн гишүүдийг гутаан доромжлох, ялгаварлан гадуурхах тохиолдол цөөнгүй гарсан.  Хувийн мэдээллийг хамгаалах  бодлого механизм бий болгохгүйгээр  хүний хувийн мэдээллийг цаас болон цахим  байдлаар цуглуулж байсны хор хохирол үр дагавар өнөөдөр ч  бидэнд мэдэгдээгүй байгаа.  Үүн дээр ХЭҮК  цаашид хяналт тавьж ажиллах арга хэмжээ авч байна.  Төрийн байгууллага, улс төрчид олон нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулсан боловч төрийн үйл ажиллагааг шүүмжлэх зорилготой тайван жагсаал цуглааныг коронавируст халдвараас сэргийлэх шалтгаанаар тарааж байсан нь цар тахлын хуулийн зарчмыг зөрчсөн.  

Онц бөгөөд дайны байдал зарласан үед хүний эрх чөлөөг зөвхөн  хуулиар хзягаарлана гэсэн зарчим Монгол Улсын эрх зүйн тогтолцоонд үйлчилдэг. Гэтэл  хүний эрх чөлөөний хязгаарлалт хуульд нийцэж чадаагүй. Нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээнд тогтоосон эрх зүйн хэм  хэмжээний актыг бүрдүүлээгүй. Жишээлбэл,  Олон улсын зорчигч тээврийн нислэгийн үед  сэргийлэх халдвараас сэргийлэх арга  хэмжээний зааврыг УОК-ын  даргын 2021 оны зургадугаар  сарын 22-ны  өдрийн 58 дугаар тушаалаар баталсан. Гэхдээ  энэ тушаал батлагдахад тусгай үүргийн нислэгээр ихэнх иргэдээ татаад авчихсан байсан. Өөрөөр хэлбэл, энэ эрх зүйн зохицуулалтын ач холбогдол төдийлөн байхгүй болсон. Үүнээс болоод  зарим  газруудад иргэдээ татан авах үйл ажиллагааны үеэр   шударга  бус олон нийтийг бухимдуулсан, хүний  эрхийг зөрчсөн байж болзошгүй, байдал гарсан.  Дархлаажуулалтыг шуурхай явуулсан нь болзошгүй  эрсдлээс сэргийлсэн. Гэхдээ  вакцины үр нөлөө,  тарилгын дараах хүндрэлийг хянах механизм сул,  хүндрэл гарсан тохиолдолд авах арга хэмжээний төлөвлөгөө байхгүй бэлтгэлийг хангаагүй. Тарилгын хүндрэлийн дараах дархлаажуулалтын  тухай хуулийн заалтыг хэрэгжүүлээгүй нь бас  эрсдэл үүсгэсэн гэв.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ ТАВДУГААР САРЫН 30. МЯГМАР ГАРАГ. № 107 (7092)