Б.НАНДИН
Монгол Казахстаны хамтын ажиллагааны Засгийн газар хоорондын есдүгээр комиссын хуралдаан өнгөрсөн баасан гарагт Гадаад харилцааны яаманд зохион байгуулагдав. Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техник, соёлын хамтын ажиллагааг харилцан дүгнэсэн энэхүү хуралдааныг Монголын талаас Сангийн сайд Б.Жавхлан, Бүгд Найрамдах Казахстан Улсын талаас тус улсын Мэдээлэл, нийгмийн хөгжлийн сайд Д.Кыдырали нар ахалж явуулав.
Хуралдааны үеэр талууд Монгол, Казахстаны худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны өнөөгийн байдалд үнэлэлт дүгнэлт өгөхийн сацуу тээвэр ложистик, хөдөө аж ахуй, соёл, аялал жуулчлал, мэдээлэл технологи зэрэг өргөн хүрээтэй салбарт харилцаа, хамтын ажиллагааг улам өргөжүүлэн бэхжүүлэх талаар санал солилцов. Хоёр улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлж, экспорт, импортын бараа бүтээгдэхүүний нэр төрлийг төрөлжүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцож, Монгол Улс, Бүгд Найрамдах Казахстан Улс хоорондын худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг 2023-2025 онд эрчимжүүлэх замын зураглалыг байгуулахаар тохиров.
Хоёр улсын хамтын ажиллагааны чухал хэсэг болох хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлэх зорилгоор Казахстаны эрт болцтой, ганд тэсвэртэй үр тарианы сортуудыг Монгол Улсад турших, эрдэм шинжилгээ, судалгааны ажлуудыг хамтран зохион байгуулах, Монгол Улсаас Казахстан Улс болон тус улсаар дамжуулан бүс нутгийн гуравдагч улс орнууд руу мах, махан бүтээгдэхүүн экспортлох, Монгол Улсад Казахстан Улсын цагаан будаа тариалалтын туршлага, хамтарсан төсөл хэрэгжүүлэх, Казахстан Улсаас “казахын цагаан толгойт” үүлдрийн үхрийг Монгол Улсад нийлүүлэх зэрэг ажлуудыг хэрэгжүүлэхээр болов. Эдгээр ажлыг үр дүнтэй гүйцэтгэх үүднээс Засгийн газар хоорондын комиссын дэргэд Хөдөө аж ахуйн салбарт хамтран ажиллах ажлын хэсгийг байгуулахаар тохиролцов.
Мөн шинжлэх ухаан, археологийн судалгаа, нүүдэлчний өв соёлыг хадгалж, хамгаалах чиглэлээр хамтран ажиллахаар тогтов. Түүх, соёлын хэлхээ холбоо, нийтлэг үнэт зүйлстэй хоёр улсын хувьд соёл, хүмүүнлэгийн хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхээр санал солилцов. Тухайлбал, Астана дахь олон улсын Түрэг академийн дэргэдэх Монгол судлалын төвийн үйл ажиллагааг бэхжүүлэх, нүүдлийн соёл иргэншлийн үнэт зүйлсийг хамгаалах, олон улсад сурталчлан таниулах чиглэлийн хамтын ажиллагааг идэвхжүүлэхээр тохиролцож, түүхийн музей хоорондын хамтын ажиллагааг хөхиүлэн дэмжиж, хамтарсан үзэсгэлэн гаргах, судалгаа хийх, мэргэжилтэн солилцох чиглэлээр хамтран ажиллахаар болов.
Хоёр улсын бизнес эрхлэгчдийн хэлхээ холбоог бэхжүүлэх хүрээнд Монгол, Казахстаны ажил хэргийн зөвлөл байгуулах, хоёр улсын Худалдаа, аж үйлдвэрийн танхим хоорондын хамтын ажиллагааг дэмжиж ажиллахаар болов.
Түүнчлэн харилцааны эрх зүйн үндсийг бэхжүүлэх хүрээнд хоёр улсын хооронд байгуулах баримт бичгүүдийг тохиролцох яриа хэлэлцээг эрчимжүүлж, ойрын хугацаанд хэрэгжүүлэх дээд, өндөр түвшний айлчлалын үеэр байгуулахаар тохиролцов.
Монгол, Казахстаны Засгийн газар хоорондын комиссын хуралдааны дүнгийн тухай протоколд Монголын хэсгийн дарга, Сангийн сайд Б.Жавхлан, казахстаны хэсгийн дарга, Бүгд Найрамдах Казахстан Улсын Мэдээлэл, нийгмийн хөгжлийн сайд Д.Кырырали нар гарын үсэг зурав.
Хуралдааны хүрээнд хүрээлэн буй орчны салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Бүгд Найрамдах Казакстан Улсын Экологи, байгалийн баялгийн яам хоорондын харилцан ойлголцлын санамж бичигт гарын үзэг зурав.
Засгийн газар хоорондын дараагийн хуралдааныг 2025 онд Астана хотноо зохион байгуулахаар болжээ.
Энэ үеэр БНКУ-ын Мэдээлэл, нийгмийн хөгжлийн сайд Д.Кырыралигаас цөөн асуултад хариулт авлаа.
Казахстан улс Архангайд хамтарсан музей байгуулах саналтай байна
-Хоёр улсын Засгийн газар хоорондын комиссын хуралдаан боллоо. та үр дүнг нь хэрхэн дүгнэж байна вэ?
-Маш үр дүнтэй хурал болж өнгөрлөө. Монгол Улсын Ерөнхийлөгч биднийг халуун дотно хүлээн авлаа. Хоёр улсын төрийн тэргүүн нарын зүгээс хоёр улсын олон салбарт хамтын ажиллагааг идэвхжүүлэх талаар санал санаачлага, даалгавар өгч байгаа.
-Хоёр улсын худалдааны эргэлтийг хоёр дахин нэмэгдүүлэх талаар өнөөдөр яригдлаа. Үүнийг ажил хэрэг болгоход ямар боломж бололцоо, мөн сорилт байна гэж та үзэж байна?
-Тээвэр ложистикийн асуудлыг маш оновчтойгоор, нааштайгаар шийдвэрлэх, тэр дундаа нислэгүүдийн тоог нэмэгдүүлэх, шинэ маршрутыг нээх арга замаар энэ асуудлыг үе шаттай шийдэх бүрэн боломжтой гэж үзэж байгаа.
Казахстаны зүгээс Монголд зочлох жилийн хүрээнд Монгол Улсад казах жуулчдыг татах, хоёр улс хоорондын аялал жуулчлалыг нэмэгдүүлэхэд ажил хэрэг болгох боломжтой. Жишээ нь Казахстанд Зүчи хааны бунхан байдаг. Бид энэхүү бунханыг цогцолбор болгон сэргээн байгуулсан. Тиймээс монгол жуулчдыг татах замаар хоёр улсын хоорондын зорчих хөдөлгөөнийг нэмэгдүүлж болно. Одоогийн байгаа "Хүннү эйр"-ийн Алматы чиглэлийн ганц нислэг хангалтгүй. Цаашдаа Улаанбаатар Астана чиглэлийн нислэгүүдийг нэмэгдүүлэх нь зүйтэй гэж үзэж байгаа.
-Хоёр орны соёлын харилцааг нэмэгдүүлэх талаар ямар ажил хийх шаардлагатай гэж үзэж байна вэ?
-Манай хоёр орны хувьд түүхэн талаасаа нийтлэг, төстэй талууд олон бий. Соёл хүмүүнлэгийн чиглэлээр ихээхэн ач холбогдол өгч ажиллах хэрэгтэй гэж би боддог.
-Та Түрэг Академийн ерөнхийлөгчөөр ажиллаж байсан. Түрүүнд хуралдааны үеэр дурдахдаа Түрэгийн үеийн дурсгалыг харилцан хамгаалах чиглэлд хамтран ажиллах санал байгаа гэдгээ хэлж байсан. Энэ талаар тодруулахгүй юу?
-Монголын Архангай аймгийн Номгоны нутаг дэвгэрээс их хааны түүхэн хөшөө олдсон. Энэ бол Шинжлэх ухааны маш том олдвор олдсон. Эндээс улбаалаад олон төрлийн түүхийн бичээс, олвор олдож байгаа нь энэ салбарт хоёр орон хамтарч ажиллан эдгээр олдсон олдворуудыг сэргээн засах, хадгалан хамгаалах чиглэлд ажиллах ёстой гэсэн үг. Энэ чиглэлээр Казахстаны тал Архангай аймгийн нутагт хамтарсан музей байгуулах санал гаргасан. Энэ мэдээж урт хугацааны ажил. Энэ мэтээр хоёр улсын нийтлэг түүхийг судлаад ном сурах бичиг, судалгааны ажил явуулах, археологийн малтлагууыг үргэлжлүүлэх, харилцан туршлага, семинар уулзалт зохион байгуулах зэргээр нягт хамтран ажиллах нь зүйтэй гэж үзэж байна.
Сангийн сайд Б.Жавхлан: Бүх салбарт хамтын ажиллагааг хоёр дахин нэмэгдүүлэх боломжтой
-Та хуралдааныг ахалсаны хувьд энэ удаагийн салбар хуралдааны үр дүнг хэрхэн дүгнэж байна вэ?
-Монгол Казахстаны Засгийн газар хоорондын есдүгээр хуралдаан гадаад худалдаа эдийн засаг шинжлэх ухаан, техник соёлын 14 салбарыг хамарсан протоколд гарын үсэг зурлаа. Энэ удаагийн хурлын гол онцлог бол Монгол Улсын Ерөнхийлөгч 2019 онд Ерөнхий сайдын хувиар Казахстан улсад айлчилснаас хойш тэр үед харилцан тохиролцсон олон талт хамтын ажиллагааны үр дүнг хэлэлцэж, цаашид юун дээр анхаарах, юун дээр төвлөрөхөө ярилцсан. Сүүлийн гурван жилийн хугацаанд геополитикийн асуудлаас шалтгаалж онлайн хурал хийж байсан. Хоёр талын худалдаа эдийн засгийн хамтын ажиллагааны хувьд гаргасан тоо зөрж байгаа. Манай талаас гаргасан тоо 38 сая ам.доллар гэж байгаа бол нөгөө талаас гаргасан тоо 100-аад сая ам.доллар гэж байна. Гурван жилийн хугацаанд завсарласан учир эдгээр тоонуудыг нягталж нэгтгэх хэрэгтэй байна. Казахстан улс газар нутгийн хувьд хиллэдэггүй хамгийн ойрхон улс. Бид эдийн засаг, худалдаа, түүх соёлын бүх харилцааг хоёр дахин нэмэгдүүлэх бүрэн боломжтой гэж үзэж байна.
-Хуралдааны үеэр хэлэлцсэн хамтын ажиллагааны томоохон ажлуудаас дурдахгүй юу?
Хөдөө аж ахуйн салбарын хувьд Казахстан нэлээд хөгжсөн, маш сайн экспортлогч улс болсон. Үр тарианы томоохон экспортлогч болсон учир ганд тэсвэртэй, эрт болцтой үр тариаг Монголд нутагшуулах талаар судалж байна. МАА-ын салбарын хувьд Казахын цагаан толгойт үхрийн үүлдрийг Монголд нутагшуулах зэрэг тодорхой протокуул дээр хамтран ажиллахаар нэгдлээ. Мөн Казахстаны талаас Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” хөтөлбөртэй хамтран ажиллах санаачлага гаргасанд бид талархалтай хүлээж авч байна. Казахстанд хоёр тэрбум мод тарих хөдөлгөөн эхлээд явж байгаа учир харилцан туршлага солилцох өргөн боломж байна.
Мөн худалдаа эдийн засгийн томоохон салбар болох тээвэр ложистикийн салбарт бид мөн нэлээн нухацтай ярилцлаа. Монголд зочлох жил болж байгаагийн хувьд агаарын тээврийг хөгжүүлэх, шууд нислэгийн тоог нэмэх чиглэлээр багагүй ахиц гарах болов уу гэж найдаж байна. Хоёр орны хооронд зорчигчдын урсгал нэмэгдүүлэх тодорхой саналууд дээр ажиллацгаалаа. Мөн хуурай замын тээврийн хувьд манай хоёр улс хоёул далайд гарцгүй. Тиймээс ч дамжин өнгөрөх улс орнуудад тулгардаг сорилт бэрхшээлүүдийг арилгахад хоёр талаасаа идэвх гаргаж ажиллах талаар ажиллахаар боллоо.
Соёлын салбарын хувьд бид харилцан нийтлэг соёлын өв уламжлал, ард түмний зан байдлын адил төстэй байдал ихтэй. Тэр хүрээнд Казахстаны талаас Архангай аймаг болон хэд хэдэн аймагт Түрэгийн үеийн олдвор их олдож байгаа учир хамтарсан музей байгуулах санал гаргасан. Энэ саналыг идэвхийлэн судалж ажилахад санал нэгдлээ.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2023 ОНЫ ТАВДУГААР САРЫН 29. ДАВАА ГАРАГ. № 106 (7091)