Баатарын НЯМСҮРЭН
Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр, БШУЯ-ны сайд Л.Энх-Амгалан нар МУИС, ШУТИС, ХААИС-ын оюутан цэргүүдтэй уулзаж сургалтын талаар мэдээлэл чиглэл өгч, санал сэтгэгдлийг нь сонсов.
Энэ оны оюутан цэргийн бэлтгэл шатны сургалтыг өнгөрсөн дөрөвдүгээр сарын 8-ны өдрөөс эхлүүлсэн. Цахим бүртгэлээр нийслэлээс 1173 оюутан, нэмэлтээр 93 оюутанг бүртгэсэн байна. МСҮТ-ийн суралцагч нийлээд 1326 залуучуудыг хамруулсан. Оюутан цэрэг хөтөлбөр нь улс орны батлан хамгаалах чадавхыг сайжруулах, дайчилгааны бэлтгэл үүрэгтний нөөцийг нэмэгдүүлэх зорилготой юм. Мөн залуусыг эх оронч үзэл, хүмүүжилтэй, эрүүл чийрэг иргэн болоход чухал нөлөөтэй.
6000 гаруй оюутан цэргийн алба хаажээ
Энэ үеэр Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр “Цэргийн алба нь эх орны алба. Үндсэн хуульд зааснаар эр хүн бүхэн цэргийн алба хааж эх орноо хамгаалах үүрэгтэй. Батлан хамгаалах яам нь улсын нийт иргэдийн батлан хамгаалах бэлтгэлжилттэй болгохыг хариуцан ажилладаг. Тиймээс иргэн бүр улсынхаа аюулгүй байдлын төлөө сэтгэл, зүтгэлээ зориулах үүрэгтэй. Сургалтад Засгийн газар онцгой ач холбогдол өгч байгаа. 2020 оноос хойш оюутан цэргийн үйл ажиллагаатай танилцаж, тэдэнд тулгамдаж буй асуудлыг сонсож ирсэн. Оюутнууд та нар үеийнхнээсээ сурлага, төлөвшилөөрөө илүү байсан. Мөн өөрсдийн хүсэлтээр сайн дураараа цэргийн алба хаахаар хамрагдсан. 2013 онд сургалтын үндэс нь тавигдаж, 2014 оноос сургалт нь зохион байгуулагдсан. Ес дэх жилдээ зохион байгуулагдсанаар 6000 гаруй оюутан цэргийн алба хаасан. Үүнээс 60 гаруй хувь нь төрийн албанд ажиллаж байна. Оюутан цэрэг нь эрэлт хэрэгцээ өндөртэй. Оюутнууд та бүгд богино хугацаанд чанартай сургалтаар бэлтгэгдэж байна” гэсэн юм.
БШУЯ-ны сайд Л.Энх-Амгалан “Оюутнууд та бүхэн цахим платформтой болсон. Тиймээс төрийн үйлчилгээг цахимаар авах боломж бүрдсэн. Мөн автобусны асуудлыг шийдвэрлэсэн. Улсын шалгалтын үеэр номын санг 24 цаг ажиллуулахаар болсон. Үүнд нийслэлийн номын сан, их, дээд сургууль, номын сан орно. Оюутнуудыг намар хичээлдээ ирэхэд нь эрүүл мэндийн үзлэгт хамруулах шийдвэр гаргасан. Их, дээд сургуулиуд эрүүл мэдийн төвтэй болно. Мөн МУИС-тай адил бусад сургууль оюутны төвтэй болох ажлыг хийж байна. Сургуулиа төгсөөд гарахад ажил олгогч нар хувийн зохион байгуулалттай, багаар ажиллах чадвартай, бүтээлч сэтгэлгээтэй, асуудал шийдвэрлэх чадварыг эзэмшсэн залуусыг өндөр цалингаар ажиллуулдаг” гэлээ.
Ирэх сарын 13-наас бэлтгэл шатны сургалт эхэлнэ
Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөндөө оруулсан. Оюутан цэрэгт цэргийн мэргэжил олгох сургалтад хамрагдах их, дээд сургуулийн оюутан, МСҮТ-ийн суралцагчдын тоог шат дараатай нэмэгдүүлнэ хэмээн заасан байдаг. Жил бүр хамрагдах оюутан, суралцагчийн тоог 500-гаар нэмэхээр тусгасан боловч 2020, 2021 онд цар тахлын улмаас завсардсан юм. Харин өнгөрсөн онд нийслэл дэх их, дээд сургуулийн 451 оюутан, коллеж, МСҮТ-ийн суралцагчдыг хамруулжээ.
Ерөнхий сайд оюутан залуустай өнгөрсөн гуравдугаар сард уулзалт хийсэн. Тус уулзалтад оюутнуудаас гарсан саналын нэг нь “Оюутан цэрэг” сургалтад хамрагдах оюутны тоог нэмэгдүүлэх байв. Тиймээс Засгийн газрын 2023 оны гуравдугаар сарын 29-ний өдрийн хуралдаанаар оюутан залууст тулгамдаад байгаа нэлээдгүй асуудлыг шийдвэрлэсэн. Энэ хүрээнд Оюутан цэрэг сургалтад хамрагдах оюутан суралцагчийн тоог энэ жил 1500-д хүргэхээр болсон. Орон нутгийн 400 их, дээд сургууль, коллеж, МСҮТ-ийн суралцагчийг тус сургалтад хамруулна. Орон нутгаас 497 оюутан хүсэлт гаргаснаас 425 оюутан шалгаруулалтад тэнцсэн байна. Цэргийн ерөнхий бэлтгэл шатны сургалтыг нийслэлд ШУТИС, МУИС-д хоёр групп, ХААИС, МУБИС-д нэг группээр хичээллэж байгаа юм. Онолын бэлтгэл сургалт нь ирэх сарын 4-нд шалгалт өгснөөр дуусаж, 13-наас цэргийн мэргэжлийн бэлтгэл шатны сургалт эхлэх ажээ. Харин 20-ноос хээрийн бэлтгэл сургалтдаа хоёр сарын хугацаанд хамрагдах төлөвтэй байна.
Оюутнууд сурах хугацаандаа цэргийн мэргэжил эзэмшиж байна. Дотоод журамдаа 12 цагийн хичээлд хамрагдаагүй тохиолдолд хасагдана. Тиймээс оюутнаас хариуцлага шаардаж буй нь харагдсан юм. Мөн алба цэргийн алба хаасан боловсон хүчинг авч ажиллуулдаг. Тэдний цаашдын ирээдүйд нь оюутан цэрэг чухал үүрэгтэй. Ийнхүү оюутан цэрэгт хамрагдаж буй оюутнуудын сэтгэгдлээс хуваалцлаа.
МУИС-ийн оюутан Б.Алтангэрэл “Цэргийн онолын хичээлийг жил үзэх ёстой. Харин бид дөрвөн сарын хугацаанд эзэмшиж байна. Их, дээд сургуульд сурч буй оюутнууд суралцахын зэрэгцээ цэргийн алба хаах нь давуу талтай. Хувь хүн талаасаа цагаа зөв зохицуулах, хүнээс үг даах зэрэг багагүй чадварыг эзэмшиж байна. Олон шинэ найзтай болж танилын хүрээгээ нэмсэн. Оюутан цэрэгт хамрагдсанаар зөв төлөвшилтэй боловсон хүчин болж бэлтгэгдэх боломж бүрдэж байгаа юм. Дараа жил хамрагдах оюутнууд боломжийг бүү алдаасай. Анхнаасаа хичээлээ сайн хийхгүй бол оюутан цэрэгт хамрагдахгүй. Учир нь голч оноо нөлөөлнө. Биднээс тогтмол шалгалт авч байгаа. Их сургуулийн хичээл, оюутан цэргийн хичээлээ хослуулан хийж байна” гэлээ.
Эцэг эхчүүд оюутан цэргийн сургалтыг дүгнэхдээ хүүхдүүдээ бага хугацаанд өөрчлөгдсөнийг нь хуваалцдаг байна. Аливаад хандах хандлага өөрчлөгдсөн, цаг сайн барьдаг болсон нь ажиглагддаг байна. Амьдралын хэмнэл нь өөрчлөгдөж, хорт зуршлаасаа салсан хэмээн өмнөх жилүүдэд хамрагдсан оюутнуудын ээж аав, ойр дотныхон нь дүгнэдэг аж.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2023 ОНЫ ТАВДУГААР САРЫН 29. ДАВАА ГАРАГ. № 106 (7091)