Пүрэвдашийн АМГАЛАНБАЯР
Цэлгэр уудам тал нь тэнгэрийн хаяатай уусан цэнхэртэж, тэмээн сүрэг амгалан тайван налайх өмнийн их говийн өнгө төрх давтагдашгүй сайхан. Ийнхүү бид Өмнөговь аймагт өрнөх их бүтээн байгуулалтыг ажлыг сурвалжлахаар хүлгийн жолоо залав. Улс орны хөгжлийн нэг судас төмөр зам. Тэгвэл Монгол Улсын хөгжлийн нэг гарц болсон “Шивээхүрэн-Сэхэ” хилийн боомтын зориулалттай төмөр замын төсөл нь тус аймгийн Гурвантэс сумын нутагт орших Шивээхүрэн боомтод хэрэгжихээр боллоо. Түүнчлэн Замын-Үүд-Эрээнийг төмөр замаар холбосны 70 жилийн ой энэ жил тохиож буй.
Ийнхүү бид 70 жилийн дараа экспортын төмөр замын гарцаа нээж, богино хугацаанд эдийн засагт чухал өөрчлөлтийг авчрах их бүтээн байгуулалт өрнөх гэж байна.
“Шивээхүрэн-Сэхэ” хил дамнасан боомтын төмөр замын төслийг товлосон хугацаандаа бүрэн ашиглалтад оруулж чадна гэдэгт итгэж байна
2023.05.27-ны өдөр Монгол Улсын түүхэнд нэгэн төд мөр бичигдэж, “Шивээхүрэн-Сэхэ” боомтын төмөр замын шавыг тавих, бүтээн байгуулалтын нээлт боллоо. Нээлтийн салхийг хагалж, морин хуурын хөг эгшгээр мялаасан юм. Нээлтэд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцож үг хэллээ. Тэрбээр “Одоогоос яг нэг жилийн өмнө Ерөнхий сайдын хувьд Шивээхүрэн боомтын ажиллагаатай танилцаж, Шивээхүрэн-Сэхэ боомтыг холбох төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэх, AGV жолоочгүй, ухаалаг, тээврийн хэрэгсэл нэвтрүүлэх замаар экспортыг хоёр дахин нэмэгдүүлэх чиглэлээр санал солилцож байлаа. Нэг жилийн дотор та бидний өмнө яригдсан асуудлууд бодит ажил хэрэг болж, төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэхээр жилийнхээ ойн дээр хоёр дахь удаагаа уулзаж байгаадаа баяртай байна.
Монгол Улсын Засгийн газар хил хаагдаж, экспорт тасарч, эдийн засаг -4.7 хувь хүртэл агшсан цар тахлын оргил үед “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг дэвшүүлж байлаа. “Эдийн засгийн зүрх судасны цусны эргэлт доголдож, чухал цэгүүдэд зангилаа үүсэж цус харвалтын өмнөх байдалд орсон боомтын боймыг тайлахгүйгээр хөгжилд үсрэх байтугай мөлхөх ч боломжгүй” гэж хэлж байсныг санаж байгаа биз ээ. “Шинэ сэргэлтийн бодлого” Монгол Улсын Их Хурлаар 2021 оны арванхоёрдугаар сарын 30-нд батлагдаж, хилийн бүх боомтуудаа авто замаар, стратегийн боомтуудаа төмөр замаар холбож, агаарын тээврийн либеральчлалыг хийх томоохон зорилт төрийн бодлого болж батлагдсан.
2022 оны хоёрдугаар сарын 5-нд Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газартай Гашуунсухайт-Ганц мод, Шивээхүрэн-Сэхэ, Бичигт-Зүүнхатавч боомтуудын төмөр замын хилийн шугам дайран өнгөрөх цэгийг эцэслэн тохиролцсоноор олон жил улс төржин гацсан өргөн нарийн царигийн маргаан эцэслэгдэн шийдвэрлэгдсэн түүхэн өдөр байсан билээ.
Нэг үгээр хэлбэл, монголчууд өөрийн цариг, стандартаар, БНХАУ өөрийн цариг, стандартыг харилцан хүлээн зөвшөөрч, холбох байгууламжийг байгуулснаар боомтын боймыг тайлах улс төрийн болон олон улсын суурь нөхцөл бүрдсэн гэж үзэж болно.
Манай улсын уул уурхайн салбарын гол бүтээгдэхүүн болох зэс, нүүрсний экспортын 50 гаруй хувийг Гашуунсухайт боомт, 25 орчим хувийг Шивээхүрэн боомт эзэлдэг билээ. Гэвч Шивээхүрэн боомтын төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг өнөөдрийг хүртэл эхлүүлж чадалгүй хугацаа алдсан нь асар том хэмжээний боломжоо алдсан явдал юм. Өнөөдрийн түүхэн бүтээн байгуулалтад оролцож буй хөрөнгө оруулагчид, аж ахуйн нэгжүүд, инженер, техникийн ажилтнууд та бүхэндээ Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс чин сэтгэлийн талархал илэрхийлье. Оюу Толгойн гүний уурхайг хугацаанд нь эхлүүлж чадсан шиг, Ханги-Мандалын төмөр замыг найман сарын хугацаанд барьж ашиглалтад оруулж чадсан шиг, Шивээхүрэн-Сэхэ хил дамнасан боомтын төмөр замын төслийг товлосон хугацаандаа буюу арваннэгдүгээр сарын 1-нээс өмнө бүрэн ашиглалтад оруулж чадна гэдэгт итгэж байна” гэлээ.
Хилийн боомтын ачаа тээвэрлэх хүчин чадал жилийн 10 сая тонноор нэмэгдэнэ
“Шивээхүрэн-Сэхэ” хилийн боомтын зориулалттай төмөр замын трасс нь Хятад Монголын хилийн 573 тоот баганы баруун талаар хойш 1.7 км яваад R-2000m хагас радиусаар баруун хойш муруйсан чиглэлтэй байх юм. Гол замын урт нь 7.1 км урт байна. Уг төмөр зам нь 1435 мм-ийн царигтай, галт тэрэг хүлээн авах, явуулах таван салбар замтай. Мөн ачилт буулгалтын дөрвөн салаа зам бүхий чингэлэгтэй ачааг автомашинаас буулгах, вагонд шилжүүлэн ачих, хоосон чингэлгийг автомашинд ачих чингэлэг өргөгчийг ажилуулар зориулалт бүхий талбайтай байхаар төлөвлөгджээ. Түүнчлэн “Шивээхүрэн-Сэхэ” хилийн боомтын зориулалттай төмөр замын төслийг Засгийг газрын 232 дугаар тогтоолын дагуу, төр хувийн хэвшил буюу “Нарийн сухайтын төмөр зам” ХХК 100 хувь өөрсдийн хөрөнгө оруулалтааар шийдэж буйгаараа онцлог. Уг төслийн ашиглалтын үйл ажиллагааг төрийн эзэмшлийн “Шивээхүрэн төмөр зам” ХХК хариуцаж байгаа юм. Тус компанийн гүйцэтгэх захирал н.Хүрэлбат “Шивээхүрэн-Сэхэ” хилийн боомтын төмөр замын төсөл хоёр улсыг холбосон эдийн засгийн ач холбогдолтой төсөл. Жилдээ арван сая тонн ачааг нэвтрүүлэх хүчин чадалтай. Төслийн хүчин чадлыг цаашдаа 13-15 сая болгох техникийн бүрэн тооцоолол дээр суурилж хийж байгаа” гэв.
Монгол, ОХУ, Хятад улсыг холбосон төмөр замын эдийн засгийн баруун коридорын эхлэл болно
Энэ үеэр Зам, тээвэр хөгжлийн сайд С.Бямбацогт уг бүтээн байгуулалттай холбоотой мэдээлэл өгөв. Тэрбээр “Шивээхүрэн-Сэхэ” хилийн боомтоор сүүлийн таван жилийн хугацаанд 45 сая тонн орчим нүүрс экспортод гарсан. Өнгөрсөн сая тонн орчим нүүрс гарсан. Харин энэ жил автотээврээр 10 сая тонн орчим нүүрсийг тээвэрлэх төлөвлөгөөтэй ажиллаж байна. “Шивээхүрэн-Сэхэ” хилийн боомтын зориулалттай төмөр замын бүтээн байгуулалт арван сард дуусна. Ингэснээр ирэх жил уг төмөр зам болон автотээврээр 20 сая тонн нүүрс тээвэрлэх хүчин чадалтай болно. Өөрөөр хэлбэл, автотээврээр дээд тал нь арван сая тонн нүүрс тээвэрлэдэг байсан бол 20 сая болж хоёр дахин нэмэгдэж байна гэсэн үг. Мөн автотээврээр нүүрс тээвэрлэснээс 3-5 дахин бага зардлаар төмөр замаар нүүрс тээвэрлэх бололцоо бүрдэнэ. Энэ төмөр зам бол Монгол, ОХУ, Хятад улсыг холбосон төмөр замын эдийн засгийн баруун коридорын эхлэл болж байгаагаар онцлог. Өөрөөр хэлбэл, бид цаашдаа өргөн царигийн төмөр замаар ОХУ-тай 1200 км гаруй төмөр замаар холбогдоно. ОХУ-аас Монгол улсаар дамжаад Хятад Улс руу экспорт гарах, мөн импортын бараа бүтээгдэхүүн тээвэрлэгдэх боломж бүрдэх юм. Өргөн царигийн төмөр зам баригдснаар үндсэндээ энэхүү төмөр замаар экспорт өргөн царигаар, импортын бүтээгдэхүүн нарийн царигаар орж ирэх юм” гэлээ.
Уг бүтээн байгуулалтын ажлыг хувийн хэвшлийн 200 тэрбум гаруй төгрөгийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлж, зургаан жилийн хугацаанд ашигласны дараа Монголын төмөр зам компанид 100 хувь төлбөргүй шилжүүлнэ. Хөрөнгө оруулалтын 170 орчим нь төмөр замын бүтээн байгуулалт, үлдсэн нь төмөр замын зүтгүүр вагонд зориулагдсан байна. Таван зүтгүүр, 300 орчим вагонтой. Өмнө бидний хийсэн алдаа бол төмөр замаа барьсан мөртлөө Хятад улстай холбогддоггүй. Хоёрдугаарт, төмөр зам дээр явах зүтгүүр вагон дутагдалтай байсан. Тэгвэл Шивээхүрэн-Сэхэ” хилийн боомтын зориулалттай төмөр зам баригдснаараа ашиглалтад орсон цагаасаа арван сая тонн нүүрс тээвэрлэж эхлэхээрээ онцлог юм гэдгийг Зам, тээвэр хөгжлийн сайд С.Бямбацогт хэлж байв.
Боомтыг хоёр орны хилээр зорчих хэсгийг төсөөлдөг байсан бол цогцоор хардаг зорилт тавьсан
Энэ үеэр Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн үндэсний хорооны дарга Б.Тулга боомтуудын бүтээн байгуулалтын талаар мэдээлэл өгөв. Засгийн газрын тэргүүлэх зорилт Боомтын сэргэлтийн хүрээнд нийт шинэ сэргэлтийн бодлогын зорилтын 50 хувь нь боомтын сэргэлт дээр байна.Эндээс хөрөнгө оруулалт талаас нь аваад үзвэл, боомтын сэргэлтийн төсвөөс хөрөнгө оруулалт хийж байгаа сэргэлтийн хажууд харьцангуй цөөн. Төр хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд гадны хөрөнгө оруулалтын банкуудын зээлээр олон төсөл үргэлжилж байна. Жишээлбэл, Өнөөдрийн байдлаар Увс аймаг байгаа “Боршоо” боомтын бүтээн байгуулалтын ажил дууссан, тавилга, тоног хэрэгслээ хүлээж байгаа бөгөөд энэ наймдугаар сард ашиглалтад орно. Харин “Алтанбулаг” боомтын нээлт энэ зундаа багтаад тээвэр ложистикийн хэсэгчилж ашиглалтад орох юм байна. Харин энэ оныг дуусахаас өмнө зорчигчийн хэсэг ашиглалтад орох тал дээр Засгийн газраас хүч тавьж ажиллаж байгааг Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн үндэсний хорооны дарга Б.Тулга хэлэв. Тэрбээр “Бүтээн байгуулалтын ажил хийж байгаа хувийн хэвшил, компаниуд дээр цар тахлын хүндрэл нөлөөлөл их байсан. Өнгөрсөн долоо хоногт “Бичигт” боомтын өргөтгөл бүтээн байгуулалтын ажил эхэлсэн. Зам талбайн ажил эхлээд дараа нь барилга байгууламжийн бүтээн байгуулалтын ажил явна. “Бичигт” боомт 2024 оны арванхоёрдугаар сард ашиглалтад орох ёстой. Тиймээс бүтээн байгуулалтын ажил дээр гарч байгаа аливаа гацаа, асуудлыг цаг тухайд шийдэх асуудал ажиллаж байна. Боомтын сэргэлтийн хүрээнд боомтыг зөвхөн одоо байгаа үндсэн байгууламжийг хэсэгчлэн төлөвлөгөөний дагуу өргөжүүлэхээс гадна боомтын ерөнхий төлөвлөлтүүдийг тухайн бүс, нутаг, эсрэг талын хиллэж байгаа боомтуудын ерөнхий төлөвлөлт дээр уялдуулах ажлыг энэ жилдээ багтаж хийж дуусгана. Боомт бүр дээр үүсэж байгаа суурьшлын бүсүүд, ажиллаж, амьдарч байгаа хүмүүсийн нөхцөл байдал, үйл ажиллагаа явуулж уурхайнуудын хоорондын зохицуулалт, үүнтэй холбоотой эрчим хүч дулаан, зам дэд бүтэц, сургууль, цэцэрлэгийн асуудлыг зохицуулж, шийдэх ёстой. Өмнө боомтыг хоёр орны хилээр зорчих хэсгийг төсөөлдөг байсан бол цогцоор хардаг зорилттой болж байгаа" гэв.
233 тогтмол ажлын байраар хангана
“Шивээхүрэн-Сэхэ” хилийн боомтын төмөр замын бүтээн байгуулалтыг “Нарийн сухайтын төмөр зам” ХХК хөрөнгө оруулалт хийж буйг дээр дурдсан.
Энэ талаар тус компанийн ТУЗ-ийнн гишүүн П.Батмагнай “Уг бүтээн байгуулатын ажлыг цаг хугацаандаа гүйцэтгэж ирэх намар ашиглалтад оруулна. Ингэснээр Өмнөговь аймгийн Гурван тэс сумын нутагт дахь “Шивээхүрэн” боомтод байнгын ажиллагаатай 233 тогтмол ажлын байр бий болно. Мөн нүүрс экспортын гарцыг цар тахал зэрэг хүчин зүйлээс хамаарахгүйгээр тогтворжуулах дэмжих төмөр замын гарц шинээр нээгдэх боломжийг бүрдүүлж байгаа юм. Түүнчлэн хоёр улсын худалдаа эдийн засгийг холбох төмөр замын гарц болох учраас ирээдүйд манай улсын эдийн засагт эерэг нөлөө үзүүлэх нь гарцаагүй. Цаад талдаа БНХАУ-ын төмөр замтай холбогдсноор Монгол Улс, Төв ази, Европ руу “Шивээхүрэн- Сэхэ”-г холбосон нарийн царигийн төмөр замаар холбогдох бололцоотой болж байгаа юм. Мөн төмөр замын бүтээн байгуулалт хилийн зурвасын 15 км дотор хийгдэх учраас малын бэлчээр, малчдад сөрөг нөлөөгүй. Сумын хүн амын нягтаршил, эдийн засгийн орлогод эерэгээр нөлөө үзүүлэх нь тодорхой байгаа. Уг бүтээн байгуулалтын хүрээнд Нарийн сухайтын төмөр зам” ХХК, “Монголын төмөр зам” ТӨХК-тай 51, 49 хувь хамтарсан “Шивээхүрэн төмөр зам” ХХК байгуулсан” гэв.
Харин нарийн буюу олон улсын царигийн талаар Эдийн засаг хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар “Төмөр замын царигийн асуудал бол Монгол Улсын өрсөлдөх чадавхын асуудал юм. Нарийн буюу олон улсын царигаар нүүрс экспортод гаргах нь өртөг нь хямд байна гэсэн үг. “Шивээхүрэн- Сэхэ”-г холбосон анх удаа нарийн цариг гарч ирж байгаа нь Монгол Улсын эдийн засагт чухал том эхлэл. Манай улсын нүүрсийг зах зээлд хамгийн хямдхан өртөгөөр гаргах боломжийг бүрдүүлж байгаа бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэх шийдвэр гаргаж байгаа гэдгийг онцолмоор байна. Хоёрдугаарт, өрсөлдөх чадвартай нүүрс гарна гэдэг бол манай улсын экспорт цаашдаа тогтвортой байхын шинж тэмдэг. Экспорт сайн байна гэдэг нь валютын нөөц сайн байна гэсэн үг. Ингэснээр монгол төгрөгийг худалдан авах чадвар сайн байна.
AGV дэвшилтэт технологи, төмөр зам хоёр нийлээд “Шивээхүрэн” боомтын экспортыг 30-50 тонн болгох боломжтой
Мөн энэ үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Шивээхүрэн боомтод хийж буй жолоочгүй ухаалаг тээвэр буюу AGV-ээр нүүрс тээвэрлэх ажилтай танилцлаа. Тус тээврээр 2022 оны арванхоёрдугаар сараас хойш тээвэрлэлт хийж байгаа бөгөөд жилд 6,5 сая тонн нүүрс тээвэрлэх боломжтой юм. Тэрбээр “жолоочгүй ухаалаг тээвэр” буюу AGV нь цар тахлын улмаас бий болсон. “Гашуун Сухайт”, “Шивээхүрэн” боомт дээр хоёр талбай гаргаад өнгөрсөн жил AGV эхлүүлсэн. Хэдий цар тахал дууссан ч гэсэн энэ нь экспортын төмөр замтай өрсөлдөхүйц хэмжээний дэвшилтэт технологи болсон гэж ойлгож болно. AGV дэвшилтэт технологи, төмөр зам хоёр нийлээд “Шивээхүрэн” боомтын экспортыг 30-50 тонн болгох боломжтой. Одоо манай улсын жилийн нүүрсний экспорт 30-50 тонн хүрэхгүй байгаа. Тэгэхээр жолоочгүй ухаалаг тээвэр буюу AGV нь Монгол Улсын нүүрсний экспортыг зөвхөн Гашуунсухайтаас хамааралтай байдлыг багасгаж, хоёр дахин нэмэх боломжтой” гэсэн юм.
Тус боомтод арван ширхэг жолоочгүй ухаалаг тээвэр буюу AGV явж байгаа. БНХАУ-ын талаас энэ тээврийн хэрэгслийг эзэмшиж байгаа компани 24 болгож өргөтгөж байгаа. 24 ширхэг AGV-ээр нүүрс тээвэрлэхэд нэг удаадаа 70 орчим тонн нүүрс экспортод гарч байгаа. Мөн ээвэрлэлтийн өртөг бага гэдгийг “Шивээхүрэн-Сэхэ” боомтын төмөр замын бүтээн байгуулалтыг хэрэгжүүлэхэд үнэнтэй хувь нэмэр оруулсан хүний нэг МАК ХХК-ийн бодлогын зөвлөлийн дарга Б.Нямтайшир хэлж байв. Тэрбээр “20 жилийн өмнө буюу 2003 онд Монголоос анх удаагаа “Шивээхүрэн” боомтоор нүүрсийг экспортолж байсан. Бид энэ боомтыг 24 цагийн үйл ажиллагаатай болгох үйл ажиллагааг санаачилж, эхлүүлж, хоёр улсын хооронд засгийн газрын хэмжээнд шийдүүлж барилгын ажлууд эхэлсэн. Өнөөдрийн байдлаар Монгол Улсын нийт нүүрсний экспортын 48 хувийг “Шивээхүрэн” боомтоор гаргаж байна. Энэ бүтээн байгуулалтын асуудлыг анх гаргаж байсан хүний хувьд аль болох энэ боомтыг хөгжилтэй байхыг хүсдэг.
2008 онд нарийн царигийн төмөр замыг уурхай хүртэл 47.6 метр барих зураг төсөл, судалгааг хийгээд яг бүтээн байгуулалтын гэрээн дээр гарын үсэг зурах гэж байхад төрөөс төмөр замын талаар баримтлах бодлогын бичиг баримт гарсан. Ингээд нарийн царигийн төмөр замыг хойш нь тавьсан. Үүнээс хойш 15 жил өнгөрсөн байна. Нарийн царигийн төмөр замыг боомтын хэмжээнд барихаар зураг төслийг хийлгэсэн боловч дэмжлэг аваагүй. Харин өнөөдөр төмөр замын бүтээн байгуулатын ажил эхэлж, биелэлээ олж байгаад баяртай байна. Энэ нь Монгол Улсын эдийн засагт маш чухал нөлөө үзүүлнэ” гэлээ.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2023 ОНЫ ТАВДУГААР САРЫН 29. ДАВАА ГАРАГ. № 106 (7091)