Базарбямбын Нямсүрэн

 

Даяаршлын үеийн сэтгүүл зүйн сорилт, хуурамч мэдээллээс зайлсхийх шалтгаан, асуудлын биш шийдлийн сэтгүүл зүйд шилжих нь зэрэг олон сонирхолтой илтгэлийн сэдвүүдтэй сэтгүүл зүйн олон улсын эрдэм шинжилгээний бага хурал өчигдөр МУИС-ийн Төв номын санд боллоо.

Монголын сэтгүүл зүйн салбарын “акул”-ууд болох М.Зулькафиль, Л.Норовсүрэн, Б.Болд-Эрдэнэ, Ж.Батбаатар, Д.Дагиймаа нарын эрдэмтдээс гадна АНУ, Дани, Герман, Антигау Барбуда, Их Британи, Энэтхэг, ОХУ, БНХАУ, Итали, Унгар зэрэг 11 орны багш, судлаачид хүрэлцэн ирж орчин үеийн сэтгүүл зүйн талаар санал солилцов.

МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхим, МУБИС, СУИС, “Отгонтэнгэр” зэрэг сэтгүүл зүйн чиглэлээр боловсон хүчин бэлтгэдэг сургуулиуд болон АТГ хамтран зохион байгуулсан энэхүү эрдэм шинжилгээний хурал нь зохион байгуулалтаараа ч, оролцож буй бүтээлүүдийн чанар чансаагаар ч олон улсын түвшинд хүрч чадсан өндөр хэмжээний хурал болсныг тус хурлын зохион байгуулагч МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийттэй харилцах тэнхимийн эрхлэгч Б.Наранбаатар онцолж байна. Түүнээс олон улсын эрдэм шинжилгээний хурлын зорилго, ач холбогдлын талаар цөөн асуултад хариулт авлаа.

 

Олон улсын хурлыг тогтмолжуулснаар судлаачдын бүтээл чанаржина

-МУИС-ийн Сэтгүүл зүй олон нийтийн харил­цааны тэнхим түүхэн­дээ анх удаа сэт­гүүл зүйн өндөр түвшний олон улсын хурлыг анх удаа зохион байгуулж байна. Хурлын нэрнээс эхлээд формат, илтгэлүүд бүгд тодорхой шалгуур, шаардлагуудыг хангасан. Өнгөрсөн намар манай тэнхимийн багш нар Ирландад болсон олон улсын хуралд оролцох үеэрээ хурлын форматыг Монголдоо нутагшуулах, цаашид тогтмол зохион байгуулах бүх бэлтгэл ажлыг хангаад ирсэн. Ингэж олон улсын хурал тогтмол зохион байгуулж чадсанаар орчин үеийн сэтгүүл зүйн дэлхий  нийтийн чиг хандлагыг Монголд нутагшуулдаг, тэндээс суралцдаг, өөрийгөө гадагш зарладаг, эрдэмтэн судлаачдынхаа судалгаа, эрдэм шинжилгээний бүтээлийг чанаржуулах зорилготой.

-Та энэ бага хурлыг олон улсын хэмжээний бүх шаардлагыг хангасан гэдгийг тодотголоо. Ер нь оролцож байгаа илтгэлүүдэд илэрхийлж байгаа давтагдсан санаа, судлаачдын байр суурь нэгдэж байгаа хамгийн гол агуулга юу байна вэ?

-Олон улсын эрдэм шинжилгээний хурал зохион байгуулна гэдэг багагүй шаардлага шалгууртай. Хурлын нэр, оролцох илтгэлүүдийг сонгон шалгаруулдаг тусгай хөндлөнгийн байгууллага байдаг. Тэндхийн шинжээчид илтгэлүүдийг шалгаруулсан. Сэдвийн хувьд аль болох олон янзын өнцөгтэй, өөр өөр агуулгатай байхыг гол чиг болгосон. Гэхдээ нэгдэж байгаа нэг гол асуудал бол бүгд орчин үеийн сэтгүүл зүйн өмнө тулгамдаж байгаа асуудлуудын тухай юм. Орчин үед сэтгүүл зүйн салаа мөчрүүд хаашаа “ургаж” байна гэдэгт дүн шинжилгээ хийж анхаарахад чиглэж байна. Жишээ нь, сэтгүүл зүй цаашид шийдлийн сэтгүүл зүй байх ёстой гэж яригдаж байна. Мөн энэ цаг үеийн бидний бас нэгэн сорилт болсон хуурамч мэдээллээс яаж хол байх вэ, үүнийг яаж даван туулах юм гэдгийг ярьж байна. Олон нийтийн сүлжээ болоод интернэт платформуудын хөгжил цаашдаа хаашаа явах вэ, тэрийг дагаад хэвлэл мэдээллийн хэрэгсэл, түүний үүрэг яаж хувьсах вэ зэрэг олон сонирхолтой сэдвийг хөндлөө. Энэ мэтээр агуулгын хувьд  олон сэдвийг хамарсан боловч гол нэгтгэж байгаа зүйл нь яг одоогийн сэтгүүл зүйд болж өрнөж буй асуудлыг хэлэлцлээ. Мэдээж цаг шахуу учир монгол судлаачдаа төлөөлөөд МУИС-ийн зөвлөх профессор М.Зулькафиль багш илтгэл тавьсан. Энэ нь тэнхимийн дэд профессор Б.Болд-Эрдэнэ багш бид гурвын хамтарсан илтгэл юм.

-Өнөөдрийн хурал судлаач нараас гадна сэтгүүл зүйн салбарт ажиллаж байгаа сэтгүүлчдэд ямар практик ач холбогдолтой байх бол?

-Хурлыг зөвхөн эрдэм шинжилгээний хурал гэдэг явцуу утгаар битгий хараасай гэж хүсч байна. Яагаад гэвэл судалгаа, эрдэм шинжилгээний бүтээл гэдэг зөвхөн онол биш, амьдралд хэрэгжих боломж нөхцлийг судалдаг. Тэр утгаараа өнөөдрийн хуралд сэтгүүлчид маань их ирж сонирхож, гадны судлаачидтай туршлага солилцож байна. Эхний дөрвөн илтгэл гэхэд бүгд амьдралд тулгамдаад байгаа асуудлуудад их чиглэсэн. Жишээ нь, хуурамч мэдээлэл яаж өсч байна. Олон нийтийн сүлжээ сэтгүүл зүйд ямар сөрөг нөлөөлөл үзүүлж байна гэдгийг голлон авч үзсэн. Мөн дэлхий нийтэд шийдлийн сэтгүүл зүй гэдэг шинэ давалгаа явж байгаа. Сэтгүүл зүй асуудлыг гаргаж ирэхдээ голлон анхаарах биш шийдэл нь вэ гэдгийг хайдаг, гарц гаргалгааг бий болгодог байж болж байна. Яг энэ сэдвээр бид өнгөрсөн долоо хоногт “Асуудлаас шийдэл рүү” гэсэн сургалтыг 100 сэтгүүлчид хийсэн. Энэ үеэр хэвлэл мэдээллийн редакцийн удирдлагууд ч ирж бидэнтэй санал бодлоо солилцсон, сэдвийн хувьд дэмжиж байгаагаа илэрхийлсэн.

 

Унгар улсаас ирсэн судлаач Андреа Карпати: Худал мэдээллээс зайлсхийхийн тулд гурваас дээш эх сурвалжтай бай

 

-Илтгэлийн маань хамгийн гол өнцөг бол хуурамч мэдээлэлд хэрхэн автахгүй байх тухай юм. Орчин үеийн сэтгүүл зүйд тулгамдаж байгаа гол асуудлын нэг бол яах аргагүй хуурамч мэдээлэл болон хиймэл оюун ухааны хэт хөгжил. Ялангуяа хуурамч мэдээ, мэдээлэл нь хиймэл оюун ухаанаас илүү аюултай. Учир нь хүмүүс олон нийтийн сүлжээгээр дамжуулж худал мэдээллийг нягтлахгүйгээр цааш түгээдэг, сэтгэгдлээ илэрхийлдэг. Тэгвэл уламжлалт сэтгүүл зүй эх сурвалжийг нягталдаг, илүү итгэл үнэмшлийг уншигч, үзэгч, мэдээллийг хүлээн авагчдад өгч чаддаг. Тийм учраас бид асуудал, баримтад суурилсан уламжлалт сэтгүүл зүйн төлөө дуу хоолойгоо өргөх ёстой. Уламжлалт сэтгүүл зүй, бодит харилцаа хэзээ ч алга болохгүй. Технологийн дэвшил яаж ч хөгжсөн хүн ёсны, бодит харилцааг орлох боломжгүй учир уламжлалт сэтгүүл зүй чухал хэвээрээ байх болно. Худал мэдээлэлд автахгүйн тулд сэтгүүлчид сэдвийг илүү өргөн утгаар гаргаж ирж мэдээл­дэг, хүлээн авагчид маш сайн шүүлтүүртэй, ухаалаг байдлаар мэдээлэлд ханддаг баймаар байна. Нэг мэдээлэл сенсааци болоод гар­лаа гэхэд хамгийн багадаа гурван эх сур­валжаар шалгадаг байх нь хуурамч мэдээлэл түгэхээс зайлс­хийж чадах хамгийн энгийн арга зам.

 

АНУ-ын Бостоны их сургуулийн профессор Маркус Брийн: Технологийн хөгжлийн энэ үед үндэстнийхээ соёлыг хадгалж үлдэх нь сорилт болж байна

 

Орчин үеийн нийгмийн салшгүй нэг хэсэг бол мэдээж технологи, интернэт гэдэгтэй маргах хүн үгүй байх. Интернэтийн технологи бол мэдээж гайхалтай зүйл. Бидний хэрэглэж байгаа олон нийтийн сүлжээний платформууд ч олонх нь АНУ-д үүссэн, тэнд үйл ажиллагаа явуулдаг байгууллагууд байна. Мэдээж үүгээрээ дамжуулан үндэсний соёл, уламжлалыг олон улсад сурталчилдаг, эдийн засгийн хувьд ч илүү чадамжтай байх нөхцлийг бүрдүүлдэг. Тэгвэл энэ нөхцөл байдал Монгол ч юм уу бусад улс орон яаж тангааршиж, үндэсний соёл уламжлалаа авч үлдэх вэ гэдэг бас сонирхолтой бөгөөд багагүй сорилт болох асуудал гэж би үзэж байгаа. Жишээ нь, АНУ-ын компаниуд бусад улс орнуудад өөрийн бүтээгдэхүүн үйлчилгээгээ үзүүлэхийн хэрээр тэнд америк соёл тодорхой хэмжээгээр бий болж, нэмэгдэж байгаа. Тэгвэл мэдээллийн бие даасан байдал, хараат бус байдлаа хамгаалах нь бүх улс орны хувьд анхаарах чухал асуудал гэж би бодож байна. Мэдээж бүх улс орон Америкийг дахин бүтээх гээгүй л юм бол шүү дээ. Тэгэхээр даяаршил гэдэг зүйл байх боловч түүний зэрэгцээ дангааршил, өөрийн бие даасан байдлаа хадгалах нь сэтгүүл зүйн бас нэг анхаарах чухал зүйл юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ ТАВДУГААР САРЫН 26. БААСАН ГАРАГ. № 105 (7090)